Д.Дэмбэрэл: Ёс зүйгүй төрд сайн засаглалын тухай яриа хоосон зүйл болж хувирна

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 07

-Хамтарсан Засгийн газар зорилгоо хангалттай  биелүүлсэн-

 

     -Та манай сонины ойн баярт хүрэлцэн ирэхдээ “Монголын үнэн” сониныг 51 жилийн турш захиалан уншсан, нэгэн үе идэвхтэн бичигч ч байсан гэж хэлсэн. Таны үг бидэнд бахархалтай сайхан санагдсан. Тийм учраас “Монголын үнэн”-тэй холбогдсон  дурсамжаас ярилцлагаа эхлэх үү?

    -“Монголын үнэн” бол улс орны түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн, яруу алдарт их түүх, уламжлалтай манай ууган хэвлэлийн нэг юм. Энэ ч үүднээс хэвлэл мэдээллийн салбар дундаа хүндтэй байр эзэлдэг сонин. Мэдээж энэ сониныг надаас илүү олон жил, бүр 60, 70 жил захиалан уншиж байгаа уншигчид олон бий шүү дээ. Би намд орлогч гишүүнээр  элссэн цагаасаа л “Үнэн” сониныг захиалж уншиж эхэлсэн. Тухайн үеийн ганц лидер сонин  байсан учраас уншихаас ч аргагүй. Сүүлийн 20 жилийн турш нөхцөл байдал өөрчлөгдсөн ч захиалж, уншсаар л байна. Миний хувьд  ажлын дэвшилт сайн арга барилаас суралцах, шинэ  мэдлэг хуримтлуулах, улстөрийн ухамсартай үйл ажиллагаа явуулахад энэ сонин үнэлж баршгүй тус хүргэж, нэг ёсны мэргэн зөвлөгч багш болж ирсэн. Энэ бол хоосон магтаалын үг биш, бодит үнэн түүх юм.  Цаашдаа ч би сониноо захиалж уншина аа.

 

УИХ хөдөлмөрийг дэмжсэн, хөгжлийн төсөв баталсан

 

         -За, баярлалаа. УИХ сүүлийн үед их ажил нугалж байна. Ирэх оны улсын төсвийг баталлаа. Ирэх жилийн төсөв урьд өмнө байгаагүй өндөр орлого, зарлагатай төсөв болсон. Сонгуулийн жилийн төсөв гэсэн тодотгол ч дагалдаж байна. Таныхаар УИХ хэр боломжийн төсөв баталсан бэ?

        -УИХ их наядаар тоолох төсөв батлах болсноос хойш таван жил болж байна. Жил тутам бараг хоёр дахин нэмэгдсэн төсөв баталж байгааг би ард түмний хувьд зүй ёсны бахархал гэж ойлгодог. Төсөв далайцаараа өсч гэнэтийн их орлого нэмэгдэхээр мэдээж янз бүрийн үг дагуулдаг л даа. Гол нь төсвийг зөв хуваарилж байна уу гэдэгт нийтээрээ санаа зовдог болсон нь зүй ёсны асуудал юм. Яагаад гэвэл улсын төсвийн бодлогоор улс орны хэмжээний бүх асуудлыг шийддэг. Улс орныг эдийн засгийн талаас удирдах бодлого үндсэндээ төсөв, татварын механизмаар дамжин хийгддэг. Төсвийг хэлэлцэн батална гэдэг бол УИХ-ын хоёр том ажлын нэг. Төсвөөр улс орныг удирдаж, Засгийн газрыг төсвөөр дамжуулж хянаж байдаг. Тэгэхээр хүн бүхэн үүнд санаа зовох нь аргагүй шүү дээ. Ирэх жилийн төсвийг хоёр Засгийн газар дамжуулж хэрэгжүүлнэ. Сонгуулийн өмнөх төсвийг УИХ-ын гишүүд өөрсдөдөө ашигтайгаар эргүүлчих вий гэсэн хардлага байдаг л даа. Тэгвэл ирэх жилийн төсвийг бид улс орныхоо эрх ашгийн төлөө зоригтой шийдвэр гарган баталлаа. Яагаад гэвэл төсвийн алдагдал дөрвөн хувьтай байсныг гурван хувь болгож бууруулсан. Хөрөнгө оруулалтын зардал хоёр их наяд байсныг 1.8 их наяд болгосон. Их Хурлын гишүүд хөрөнгө оруулалт нэрээр баахан мөнгө батлахыг байг гэхгүй шүү дээ. Гэхдээ бид улс орноо бодох шийдвэрт санал нэгдсэн. Нөгөө талаар макро төвшний бодлогод онцгой анхаарлаа. Хэрэв үнэ ханшийг хэтэрхий их хөөрөгдсөн төсөв баталбал цалин, тэтгэвэр, амлалтын мөнгөний үр ашигт маш муугаар нөлөөлнө. Тийм учраас бид энэ бүхнийг сайтар харгалзан үзэж, бодлогын төсөв баталсан. Ирэх жилийн төсөв нэгэнт хоёр Засгийн газар дамжин хэрэгжих учраас энэ Засгийн газар дангаараа “тоглоод” байж чадахгүй. Тийм болохоор баталсан төсвөө дагуулж УИХ-ын тогтоол гаргасан. Одоогийн УИХ-ын гишүүд 2012 оны төсөвт тусгасан хөрөнгө оруулалтын ажлын нээлтэд очоод зогсох учиргүй. Тийм учраас УИХ-ын гишүүд өөртөө баахан юм хуваарилж, түүнийгээ рекламдаад ард түмний өмнө зогсч байдаг өмнөх жишгийг давтахгүй байхаар тогтоолд заав. Үүгээр ирэх жилийн төсөв бол улстөр, сонгуулийн утга агуулгатай төсөв биш харин эдийн засгийн агуулгатай гэдгийг илэрхийлж байгаа хэрэг. Дараагийн том асуудал нь ирэх жилийн төсвөөс ард иргэд чамгүй өгөөж хишиг хүртэнэ. Энэ бол зайлшгүй биелүүлэх сонгуулийн амлалтаа хэрэгжүүлж буй хэрэг юм. Үүнийг дагуулж мөн УИХ-ын тогтоол баталсан. Уг тогтоолд ахмад настан бо лон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгр өгөө бэлнээр авах нь чөлөөтэй гэж заасан. Үүнд зориулж 400 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Хөдөлмөрийг урам шуулах урамшууллын төсөв болсон гэж бас хэлнэ. Ирэх жилд цалин дунджаар 53 хувиар нэмэгдэнэ. Гэхдээ “дунджаар” гэдгийг сайн тунгаах хэрэгтэй. Энэ бол бага цалинтайг магадгүй 60, арай ахиу цалинтайг 30 хувь нэмэгдүүлж болно гэсэн утга. Хэний цалинг хэдэн хувиар нэмэхийг Засгийн газар, үйлдвэрчин, ажил олгогчдын гурван талт хэлэлцээрээр шийднэ. Сүүлийн үед багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэл хийж байгаа асуудалд мөн л гурван талт хэлэлцээрийн үр дүнгээр хариулт өгөх учиртай. Ер нь ирэх жилийн төсөв хөдөлмөр, хөдөлмөрлөхийг дэмжсэн төсөв болсон гэдгийг дахин тодотгоё. Цалинг хоёр удаа үе шаттай нэ мэгдүүлэхээр төлөвлөсөн. Тэтгэвэр ч ялгаагүй. Энэ нь үнийн хөөрөгдлөөс сэр гийлсэн хэрэг. Нөгөө талаар хөрөнгө оруу лалтад төсөвлөсөн 1.8 их наядын 30 орчим хувь нь цалин  хөлс болж ард түмэнд очих эдийн засгийн ерөнхий тооцоо бий. Энэ нь мөн л хөдөлмөрийг дэмжиж буй бодлого юм.

       -Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд Та хэр сэтгэл ханамжтай байдаг вэ. Ер нь улс төрийн намууд нэг гал тогоонд багтаж ажиллахын давуу болон сул тал юу байна вэ?

       -Хамтарсан Засгийн газар ажилласны хамгийн гол давуу тал бол улс төрийн тогтвортой байдлыг бий болгосон. Хэрвээ бид энэ хугацаанд улс төрийн тогтвортой байдлыг алдсан бол өнөөгийн энэ нэмэгдсэн төсөв, орлого, бүтээн байгуулалтыг ярих байсан эсэх эргэлзээтэй. Мэдээж хамтарсан Засгийн газар олон бэрхшээлтэй учирсан. Засгийн газрыг болон Ерөнхий сайдыг, мөн зарим сайдыг огцруулах санал байнга гарч байлаа. Хэлсэн ёсоор нь огцруулаад л байвал нөгөө улстөрийн тогтвортой байдлаа хамгаалж чадах байсан гэж үү. УИХ нэр хүнд олохын тулд хариуцлага тооцож, нэг, хоёр сайдыг авч хаяад, Засгийн газрыг унагаад явбал мэдээж зарим нэг хүнд таалагдаж болно. Гэхдээ бид том бодлогодоо жижиг эрх ашгаа зангидаж ирсэн. Ер нь аливаа жижиг асуудлыг том бодлогын хүрээнд авч үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт, бодлогоо авч явахын тулд ухаан зарах шаардлагатай байдаг. Хамтарсан засгийн эрх барьсан хугацаанд олсон том ололтууд бий. Юуны өмнө бид хамтарсан Засгийн газар байгуулж ажиллаагүй бол 2008, 2009 оны эдийн засгийн хямралыг муу үр дүнтэй, эдийн засаг, санхүүгийн хямралд нэрвэгдсэн байдалтай өнгөрүүлсэн байж магадгүй. Бид хамтын хүчээр хямралыг давсныг хамгийн том, тэмдэглүүштэй үйл явдал гэж боддог. Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Өнөөдөр Оюутолгойн бүтээн байгуулалт 50 хувиа давсан үйл явдлыг хамтарсны л үр дүн гэхээс өөр аргагүй. Бид удаа дараа боломжийн сайн төсөв баталсан нь бас л хамтарсны үр ашиг. Төсвөөр дамжуулж нийгмийн баялгийг хуваарилахад бид бас л зөвшилцөж, ойлголцож байна. Энэ хугацаанд макро төвшний бодлогоо бас хамгаалж зөв авч явсан. Удахгүй УИХ-ын сонгуулийн хуулиа баталчихна. Хамтарч хийж хараахан амжаагүй нэг зүйл үлдэж байгаа нь Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал. Тавантолгойг ашиглах чиглэлийг УИХ гаргасан. Засгийн газар хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээг оруулж ирвэл асуудал шийдэгдээд явах боломжтой. Үндсэндээ хамтарсан Засгийн газар өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн.

        -УИХ-ын сонгуулийн хуультай холбоотой хоёр асуулт байна. Нэгдүгээрт, удахгүй батлагдан гарах сонгуулийн хууль сонгууль зохион байгуулах үйл явц талаасаа дэвшилттэй болж чадсан уу. Хоёрдугаарт, хуулийн агуулга, үзэл санаа Үндсэн хуульд хэр нийцэж байгаа вэ?

        -Улс төрийн намууд сонгуулийн хуулийг өөрчилнө, хуучин хуулиар дахин сонгууль явуулахгүй гэж гурван жилийн өмнө тохиролцсон. Ингэхдээ нэгдүгээрт, сонгогчдын саналыг бүхэлд нь шингээж чаддаггүй дан мажоритар системийг өөрчилж, холимог тогтолцоогоор сонгууль явуулах хууль баталья гэсэн. Үүнийг ярьсаар байгаад ард түмний сонголтын тал нь давамгайлсан 48:28 хувилбарт олонхийн санал нэгдсэн.

    Мажоритар систем дутагдалтай байдаг шиг холимог систем ч өөрийн гажиг, бэрхшээлтэй. Ямар ч өөгүй цэвэр тогтолцоо гэж алга. Тийм учраас бид алдааг засч залруулах, сайныг авч, саарыг саармагжуулах талаар л ажиллах ёстой. Шинээр  батлагдан гарах сонгуулийн хууль өөрийн тань асуусан шиг Үндсэн хуулийн зөрчилд хүргэхгүй болов уу гэж бодож байна. Тойрогт чамгүй санал авсан хэрнээ хараахан мандатын эзэн болоогүй нэр дэвшигчийг намын нэрээр орох жагсаалтад шилжүүлэх эсэх асуудлаар жаахан маргаантай байгаа. Сонгогчдын 49 хувийн саналыг авсан хүн парламентад орохгүй байх нь хэр зохистой юм бол. Үүнийг бид хуулиараа зааж өгнө. Намуудын нэрийг дугуйлж санал авахад Үндсэн хууль зөрчих үү гэдэгт хоёр урсгалын тайлбар бий. Нэг хэсэг нь УИХ-ын гишүүнийг шууд сонгох учраас зөрчинө гэж байгаа. Нөгөө нэг хэсэг нь  УИХ-аа ард түмэн шууд, шударгаар сонгох л зарчимтай учраас Үндсэн хууль зөрчихгүй гэж үзэж байгаа.Үүнийг үндсэн зарчмаар нь тайлбарлавал Үндсэн хууль зөрчих асуудал гарахгүй гэж үзэж байна. Ер нь сонгуулийн аль ч тогтолцоо өөрийн гэсэн онцлогтой, бас сайн, муу талтай. Аль алиных нь сайн, мууг хэтэрхий дөвийлгөөд байвал таарах тогтолцоо ер олдохгүй. Тийм учраас хуулиараа зохицуулж тэр тохирсноороо ажиллах ёстой. Бид аль болох сайн хууль батлахаар чармайж байна.

    -Сонгууль зохион байгуулах үеийн харилцааг хэр сайн зохицуулж байгаа вэ?

    -Энэ харилцааг хуулиар маш сайн зохицуулах ёстой. Сонгуулийн үед хүнээс шалтгаалдаг харилцаа гэж бий. Өмнөх сонгуулиудаар саналыг иргэд тоолдог байсан. Шинэ хуулиар төрийн албан хаагч тоолохоор болсон. Төрийн албыг явуулах хариуцлагатай шууд холбож өгч байгаа юм. Сонгуулийн ажилд оролцож байгаа төрийн албан хаагчийн хариуцлага, шударга  байдал давхар шалгагдаж байгааг анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар хүнээс шалтгаалдаг булхай луйврыг арилгахын тулд саналыг машинаар тоолохоор болсон. Машинд хэрэв асуудал үүсвэл давхар хуучин аргаараа тоолох боломжтойгоор хуульд тусгаж байна. Мөнгө, бараа материал тарааж, сонгогчдыг илбэдэх гэж оролддог байдлыг хуулиар хааж өгсөн. Улс төрийн намууд бэлэн мөнгө амлах, хувьцаа өгнө гэж бичиг тараах, татвар, өрөөс чөлөөлөх, татвар хөнгөлөх зэрэг амлалтыг хуулиар бүгдийг хаана. Хариуцлагын тогтолцоо нэлээд чангарч байгаа шүү. Төрийн албан хаагчид сонгуулийн ажлыг зохион байгуулахдаа дутагдал гаргавал төрийн алба­наас чөлөөлөгдөх хүртэл хариуцлага хүлээнэ. Хуулиас гадуур сурталчилгаа хийх, гүтгэх зэрэг тохиолдолд хариуцлагыг эрс өндөрсгөнө. Хууль батлагдан гарсны дараа яг сонгууль явуулах үеийн процедурыг хэр зэрэг зохицуулж өгснийг нарийн сайн судлаарай. Манайхан тогтолцоонд хэт анхаарч, бусад илүү нарийн зүйлийг анзаарахгүй байна уу даа.

 

Хариуцлага аль аль талдаа л чангарсан

 

   -Сонгуулийн үед нэр дэвшигчийг гүтгэсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг багагүй хэмжээний мөнгөөр торгохыг гишүүд дэмжсэн. Гэтэл өрсөлдөгчөө гүтгэх  баримт гаргаж өгсөн нэр дэвшигчид ногдуулах хариуцлага багадсан гэж бид үзэж байгаа. Та юу гэж үзэж байна вэ?

   -Хэвлэл мэдээллийнхэн хэн нэгнийг гүтгэсэн юм хийхгүй л бол хариуцлага гэдэг юм гарч ирэхгүй  шүү дээ. Тэгээд  ч ер нь хариуцлага өндөртэй байхыг тэр бүр хүн хүсдэг бил үү. Уг нь хариуцлага өндөр байна гэдэг өөрт нь их ашигтай зүйл. Хуулиар хариуцлага чангараад ирэхийн цагт хэвлэлийнхний үнэн бодит мэдээлэх үүрэг улам л дээшлэх болов уу гэж би бодож байгаа. Зөвхөн хэвлэлийнхэн ч биш, ер нь хаана ч хариуцлагыг чангалаад  байх нь зөв. Тэр тусмаа хэвлэлийнхэн тосоод л авах нь дээр биш үү. Хэрэв нэр дэвшигч өрсөлдөгчөө “намнах” материал гаргаж өгсөн, тэр нь шүүх дээр унавал тэр нөхрийг л заагаад өгчих хэрэгтэй юм шиг. Гэхдээ манай хэвлэлийнхэнд эх сурвалжаа нууцлах гэж нэг зарчим байдаг юм билээ. Ер нь буруу мэдээлэл өгсөн хүнийг нууцлах хэрэг байгаа юм уу. Ийм мэдээлэл өгсөн этгээд бас хариуцлага хүлээхээр хуульд орсон. Нэр дэвшигч, ухуулагч, шадар туслагч бүгд хариуцлагатай байх шаардлага хуулиар урган гарч байгаа. Ерөнхийд нь хэлэхэд хариуцлага тал талдаа л чангарсан. Үнэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлагыг хэтрүүлсэн эсэхийг хуулиа гаргахаас өмнө дахин нэг тунгааж үзнэ.

 


   -УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслийн байнгын сэдэв байсаар ирсэн. Хариуцлагыг өндөржүүлэх боломж өнөөгийн эрх зүйн орчинд хэр бололцоотой вэ?

   -Хариуцлагыг хуулийн хүрээнд, гэхдээ шаардлага нь өндөр байх ёстой гэж би боддог. Бид энэ л зарчмаар  ажилласан. Гэхдээ хариуцлага гэдэг хүний ухамсрын төвшний  үйл ажиллагаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, уг хүн өөрийнхөө хийх ёстой ажил, үүргээ чамбай биелүүлдэг, үүнийгээ гол нь ухамсарладаг байх л ёстой  гэсэн үг. Тийм учраас  хариуцлагын энэ унаган чанарыг нь ашиглах хэрэгтэй юм. Гэтэл манайхан  захиргаадалтын аргыг түлхүү хэрэглэж ирсэн. Хэн  нэгнийг ажлаас нь халбал хариуцлага хэрэгжиж байна гэж үзэж ирсэн. Энэ арга цаашдаа хол явахгүй л дээ. Иймээс нийгэм, ухамсрын соёлтой, ёс зүйд түшиглэсэн хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй юм. УИХ-ын гишүүдэд ч ийм шаардлага  тавьж байгаа. УИХ-ын гишүүдийг дөрвөн жилийн хугацаагаар ард түмэн сонгодог. Энэ хугацаанд алдаа, дутагдал гаргахгүй байх ёстой. Гэхдээ улыг нь шагайж байгаад зайлуулахыг гол зорилго болгодог хэсэг бүлэг этгээдийн сонирхлыг хэрэгжүүлэх зүйл хийж болохгүй.  Улстөрийн ажилтанд  ха­риуцлага тооцно гэдэг нэн ярвигтай. Улс төрийн хариуцлага тооцохоор ихэнхдээ хэлмэгдэл болж хувирдаг гашуун сургамжийг ч ямагт санаж байх хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд ч УИХ-ын гишүүдэд үнэхээр  хариуцлага тооцох гэж  байна уу,  эсвэл улстөрийн зорилгоор  авч хаях гэж  байна уу гэдгийг ялгаж тогтоох хэцүү. Ийм учраас  цаашдаа УИХ-д хариуцлагатай, ёс зүйтэй хүнийг л   сонгох хэрэгтэй.  Миний тэргүүлсэн парламентын хугацаанд зарим УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх  асуудал ч хөндөгдсөн. Өмнөх парламентын үед ч ялгаагүй. Л.Гүндалай гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал удаа дараа орж ирсэн.  Гэхдээ тэр үед гишүүн байх эрхийг нь түдгэлзүүлсэн бол хэдэн жилийн дараа олонхи нь цөөнхөө улстөрийн үүднээс ялласан асуудалд унаж мэдэх байсан. Иймээс улстөрийн ажилтнуудад хариуцлага тооцохдоо шинэ арга барилаар хандах зарчмын шаардлага урган гарч байгаа юм. Хамгийн гол нь УИХ-ын гишүүдийг сайн хянаж сонгохыг ард түмнээсээ хүсэмжлэн гуйх байна. Нөгөө талаар ард түмний сонголтыг дээдлэх ёстой. Үндсэн хуулийн зарчим ч бий. Мэдээж УИХ-ын гишүүний үйлдсэн буруу үйлдэл нь илт байгаа нөхцөлд хаацайлж хэрхэвч болохгүй. Үйлдэл нь нотлогдвол шууд хариуцлага тооцох л ёстой.  Парламентад сонгогдож буй гишүүдийн ёс зүй, ухамсраас гадна нэр дэвшүүлж байгаа улстөрийн намуудын хариуцлага өндөр байх ёстой болно.

 

Төр эрх зүйтэй байхаас гадна ёс зүйтэй байх ёстой

 

   -Та “Ёс зүйт төр” гэдэг бүтээл туур­ви­сан. Ардчилсан төрийн ёс зүй юунд оршдог вэ?

   -Ёс зүйн асуудлаар энэ удаагийн УИХ нэлээд дэвшил гаргасан. Хорь  орчим жил хуульчлагдаж чадахгүй явсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг батлан гаргасан. Одоо   сонирхлын зөрчлийн тухай асуудлыг хэлэлцэж байна. Миний бичсэн “Ёс зүйт төр” гэсэн бүтээл ойрын өдрүүдэд номын худалдаанд гарах байх. Чамгүй хугацааны судалгаанд түшиглэж гаргасан бүтээл.  Төр эрх зүйтэй байхаас гадна ёс зүйтэй байх ёстой. Гэтэл  төрийн ёс зүйгүй байдлаас болж ардчилсан 20 жилд төрд итгэх иргэдийн итгэл төдийлөн сайжирсангүй. Төр ардчилсан байхаас гадна ёс зүйтэй, шударга зарчимтай байх ёстой.  Ёс зүйгүй  төрд сайн засаглалын тухай яриа хоосон зүйл л болж хувирна. Нэг үгээр хэлбэл, нэг хөл дээрээ явж байгаатай л  адил юм. Гэтэл бид эрх зүйг нь номлоод ёс зүйг орхичихож.    Миний бүтээл үндсэндээ энэ сэдвийг хөндсөн. Төрийн албан хаагчдад хэрэгтэй болов уу гэж санана.  Төрийн албан хаагч болсон хүн цөөнгүй эрхээ  хязгаарлуулдаг. УИХ-ын гишүүн бол түүнээс илүү олон эрхээ хязгаарлуулдаг. Гэтэл хязгаарлуулсан эрхээ умартаад сонирхлын зөрчилд ороод явах тохиолдол гарч л байна.  Цаашдаа энэ асуудлыг бүрэн шийдэж чадвал Засгийн газар, УИХ-д итгэх иргэдийн итгэл өөр болно.

  -УИХ хамтсарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж өгсөн.  Гэхдээ сонгууль дөхөхийн хэрээр хоёр нам өөр, өөрийн мөрийн хөтөлбөрийн  бие­лэлтийг олон нийтэд  тайлагнах, мэдээлэх хэрэгцээ шаардлага урган гарч байна.  Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар төвшинд байгаа бол. Намын Удирдах Зөвлөлийн гишүүний хувиар  энэ асуултыг асууж байгаа юм аа?

  -Монгол Ардын Нам, Ардчилсан Нам хоёр мөрийн хөтөлбөрүүдээ хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгон  батлаад түүнийгээ биелүүлэх зорилт тавьсан. Засгийн газрын болон хоёр намын хөтөлбөрийн биелэлт хангагдах олон асуудлыг  энэ оны сүүлч, ирэх оны эхний хагаст шийд­вэрлэхээр санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлсон. Амлалт, хөтөлбөрөөс биелэхгүй асуудал цөөхөн гарах болов уу. Яг намуудаар ялгаж зааглаж харвал дутуу, эсвэл хэрэгжих шатандаа орсон зүйл бийг үгүйсгэхгүй.  Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн хувьд  одоохондоо хараахан шийдэгдээгүй  тодорхой зүйл гэвэл алслагдсан болон говийн бүс нутгийн нэмэгдэл. Гэхдээ тухайн бүсүүдэд хийсэн зүйл бол мэдээж бий.  Саяхан улсын төсвийг батлахдаа хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийн биелэлтэд  ихээхэн анхаарсан. Зөвхөн амласнаар хязгаарлагдах нь бас учир дутагдалтай л даа.  Амлалтаас гадна бидэнд хийсэн асар их ажил бий шүү дээ.

   -Монгол Ардын Нам шинэ байрандаа Бага хурлаа хийлээ. Бодлого, боловсон хүчин аль аль талаас дэвшилттэй хурал болсон. Гэхдээ олон нийтэд бодлого  гэхээсээ илүү боловсон хүчний асуудал илүү сонирхолтой мэт мэдээлэл цацагддаг хэвшил энэ удаа ч давтагдсан. Та Бага хурлаас гарсан бодлогын шийдвэрийн ач холбогдлыг юу гэж үзэж байна вэ?

  -Бага хурал гурван зүйлд ихээхэн анхаарал тавьж хэлэлцсэн. Нэгдүгээрт, улс орны нийгэм, эдийн засгийн байдал, үр дүнг хэлэлцэж,  юу хийв гэдгийг  тодорхой ярьж, үнэлэлт өгсөн.    Хамтарсан Засгийн газар, Монгол Ардын Намын хөтөлбөрийн биелэлт харьцангуй сайн хэрэгжиж байгаа гэж илтгэсэн. Хоёрдугаарт, хариуцлагыг өндөржүүлэх тухай  Бага хурлаар ярьсныг  цаашид  ажил хэрэг болговол ихээхэн ач холбогдолтой юм. Хариуцлага гэдэг боловсон хүчин, хүнтэй шууд холбоотой. Ер нь засаг төрд сонгогдож байгаа болон түүнийг сонгуулахын төлөө ажиллаж байгаа нам, тухайн нэр  дэвшигч хоёрын аль алиных нь хариуцлага өндөр байвал төр, засгийг  хүмүүс муу хэлж, шүүмжлэхгүй. Ийм учраас хариуцлагыг өндөржүүлэх ажлыг нэн даруй хэрэгжүүлж эхлүүлэх хэрэгтэй байна. Гуравдугаарт, Ардын Нам Ёс зүйн дүрмээ  баталсан. Энэ бол том ажил. Шударга бус, ёс зүйгүй байдалдаа  дүгнэлт өгч, өөрчлөхийг л нийгэм, олон түмэн хамгийн ихээр шаардаж байгаа.  Ялангуяа энэ бол төрийн албан хаагчдад нэн хамаатай.  Төрийн албан хаагч юуны өмнө эх орон, ард түмнээ хүндэтгэн ёс заншлаа дээдлэх заричм баримтлах учиртай.

  Хувийн эрх ашгийг дээгүүрт тавьчихаар л  ёс зүйн зарчим алдаад байгаа юм.  Намын гишүүн төрд ажиллахад баримтлах ёс зүйн   хэм хэмжээг тогтоож өгсөн. Тогтсон хэм хэмжээ байхгүй учраас  гишүүд нь ямар хэм хэмжээг зөрчсөнөө мэддэггүй байлаа. Улстөрийн намууд бүгд сахивал зохих хэм хэмжээгээ тогтоовол үүнийг дагаад л төрийн албаны ёс зүй төлөвшинө  гэж би боддог.  Монгол Ардын Нам Бага хурлаараа ийм гурван асуудалд онцгой анхаарлаа.  

   -Оюутолгойн гэрээг сайжруулах асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд санал тавьсан. Үүнд Таны  болон УИХ-ын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

  -Оюутолгойн гэрээний хувьд УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагыг л  тавьж байгаа. Уг тогтоолын хэтийн үр дүн нь Монголын талын хувийг 50-иас доошгүй болгох юм. Энэ асуудлаар манай гишүүд  янз бүрээр байр сууриа илэрхийлсэн. Тогтоолын заалтыг одоо шууд хэрэгжүүлээд төр  50-иас доошгүй хувийг эзэмших шаардлагыг манай зарим гишүүн гаргасан. Уг тогтоол бол гэрээ байгуулахаас  өмнө төр, засгийн гаргасан бодлого юм. Уг бодлогоор хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын анхны өртгөө нөхсөний дараа Монголын төрийн эзэмших хувь  хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэх ёстой.  Гэтэл яг одоогоор анхны  өртгөө нөхөх болоогүй, хөрөнгө оруулалт хийгдэж  байна. Хөрөнгө оруулагч  үйлдвэрээ бариад, уурхай  ашиглалтад орох үед 57 дугаар тогтоолын биелэлтийг  хангах боломж гарна аа. Сайтар тунгаавал энд зарчмын ялгаа бий.

  -Ирэх сонгууль шударга болох уу гэсэн асуулт, бараг шударга болохгүй байх гэсэн хий хардлага хаа сайгүй тэнүүчилж явна. Зориудаар ийм яриа гаргаж байгаа хэсэг ч байна. Таны урьдчилан төсөөлж байгаагаар ирэх сонгууль ямархуу өнгө төрхтэй болох бол?

  -Ирэх сонгуулийг өмнөх сонгуулиудаас илүү шударга болно гэдэгт итгэлтэй   байна. Учир нь өмнө гаргадаг байсан алдаа  дутагдлыг шинээр  батлах хуулиар сайн хааж өгсөн. Мэдээж өмнөхөөс өөр тогтолцоогоор сонгууль явуулах учраас зарим нэг  бэрхшээл гарна. Мөнгөний  эрхшээлд дэндүү их орсон учраас өмнөх сонгуулиуд шударга явагдах нөхцөлгүй байсныг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Санал тоолох үед хүмүүс хариуцлага алдах явдал ч мөн л мөнгөний хүчин зүйлтэй холбоотой.  Эдгээр асуудлыг хуулиар зохицуулж өгсөн. Тйим учраас хуулийнхаа хүрээнд л сонгуулиа явуулбал  шударга л болох ёстой. Тэгвэл шударга бус зүйлийг хэн гаргах гээд байна вэ? гэдэг асуулт тавигдана. Магадгүй сонгуулийг шударга биш явуулахын төлөө байгаа  хэсэг бүлэг хүн л өнөөдөр сонгуулийг шударга болж чадахгүй гэж орилоод байх шиг. Тэр тусмаа сонгуульд ялагдана гэдгээ бүр эрт ойлгосон хэсэг сэтгэл зовоод байна уу. Тийм учраас сонгууль  шударга болохгүй нь гэж зарлаад,ялагдсаныхаа дараа үүнийгээ шүүрч аваад улстөржүүлэх л аргаа хайгаад  байх шиг. Ер нь бол унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр ялагдсан нөхөр заавал ямар нэг юм хэлдэг биз дээ.  Сонгууль хэрэв  шударга болсон бол би  ялах байсан л гэж хэлнэ. Тэгэхээр үүнийг сонгуульд ялагдах субьектууд хэлж байна гэж ойлгогдохоор байна.

 

Эрх мэдлийн хуваарилалт гэдэг онцгой ач холбогдолтой ойлголт

 

   -УИХ-ын дарга шүүх засаглалын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх нь зохисгүйг ойлгож байна. Гэхдээ сүүлийн үед шүүхийн байгууллага УИХ-ын байр суурийг сонсохгүйгээр зарим нэг шийдвэр гаргасныг юу гэж үзэж байна вэ. Тухайлбал, УИХ-ын томилсон АТГ-ын дарга нарын эрхийг түдгэлзүүлээгүй байхад шүүх хорих ял оноосон. Үүнээс гадна улстөрийн намуудад нэр өгөх, өгөхгүй асуудалтай  холбоотойгоор ч шүүхийн нэр хүнд унаж байх шиг. Энэ талаархи Таны бодол юу вэ?

    -Шүүх засаглалд бид үнэлэмж, үнэлгээ өгч, буруу зөрүүг  ялгах ёсгүй. Монголын төрийн байгуулалтад шүүх засаглал өөрийн бүрэн эрхтэй. Гол нь хэнээс ч хараат бус, асуудалд шударга хандах, мөнгөний эрхшээл, тодорхой нам, бүлгийн эрх ашигт автахгүй байх гэсэн шаардлагыг УИХ-аас шүүх засаглалд тавих болно. Үүнийг л шүүх засаглал хангаж хэрэгжүүлдэг байх ёстой. Шүүхээр нэгэнт шийдвэрлэгдэж гарсан тогтоолтой яриад байх зүйл УИХ-д байхгүй. УИХ шүүхээс гаргасан шийдвэрийн буруу зөвийг шүүдэггүй. Ер нь  Үндсэн хуулиар  эрх мэдэл хуваарилсан учраас нэгийнхээ  эрх мэдлийн хуваарилалт руу нөгөө  эрх мэдлийн институт хальж орох нь нэн зохисгүй. Энэ бол төрд үүсч болох хамгийн том гажуудал. Засгийн газрын хийх ажлыг УИХ,  Ерөнхийлөгч ч хэрэгжүүлж болохгүй шүү дээ. Үүнтэй адил шүүхийн эрх мэдэлд хөндлөнгөөс орох эрх байхгүй.   Эрх мэдлийн хуваарилалт гэдэг  онцгой ач холбогдолтой ойлголт.  Цаашид үүнд  онцгой анхаарч, зөв чиглүүлж явах нь манай төрийн тогтвортой байдлын үндэс болно. Авлигатай тэмцэх газрын даргыг шүүх шийтгэсэн тухайд бол прокурор  асуудал тавьсны дараа энэ асуудлыг байнгын хороогоор яригдах үед тус  газрын дарга, орлогч  “Бидэнд ямар ч буруу байхгүй. Энэ оруулж байгаа асуудал  бодит байдалд нийцэхгүй, хууль зөрчөөгүй. Та нар шалга. Буруутай бол хариуцлагаа  хүлээе” гэсэн. Тэгээд шалгасан, эцэстээ ийм байдалд хүрсэн. Тийм нөхцөлд тухайн хүмүүс “Миний бүрэн эрхийн асуудлыг УИХ шийдсэнгүй” гэж гоморхох учиргүй. Нөгөө талаас буруутай нь нотлогдож, шүүхийн шийдвэр гарвал шууд огцорсонд тооцох заалт хуульд бий. Намын нэрийн тухай асуудал бол  шүүхийн өөрийнх нь л хариуцах зүйл.

   -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай багагүй яригдсан ч шийдвэр гараагүй байна.  Олон нийт  ч хамтарсан засгаас энэ өөрчлөлтийг хүлээж байсан байж магадгүй.  Яг энэ үед л  Үндсэн хуулиа өөрчилчихсөн бол... гэсэн бодол Танд төрдөг үү?

  -Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 20-иод жил өнгөрлөө. Энэ хугацаанд нийгмийн амьдралд ч олон өөрчлөлт гарсан. Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Тухайлбал, Засгийн газрын гишүүдийн олонхи нь УИХ-ын гишүүдээс бүрдэх нь зөв тогтолцоо биш гэдэг нь нотлогдов.  Хотын эрх зүйн асуудал бас тавигддаг. Дархан, Эрдэнэт хотыг хотын статусаар байлгаж чадаагүй учраас хот аймаг байгуулсан шүү дээ.  Мөн сумдыг нэгтгэх гэхчилэн асуудлууд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л шийдэгдэх гээд байгаа юм аа. Манай парламентын баталсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар  хуулийнхаа  гол үзэл санаа болсон  тогтолцоо, зарчмуудыг хөндөхгүй байхаар хуульчлагдсан. Хоёр танхимт парламенттай болох, Ерөнхийлөгчийн засаглалтай болох зэрэг  асуудлуудыг шийдэхийн тулд   Үндсэн хуулийг давахын зэрэгцээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг мөн давах ёстой болж байгаа юм. Тийм учраас  Үндсэн хуульд  хамаагүй нэмэлт өөрчлөлт орчих вий гэж санаа зовох зүйлгүй ээ. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын хувьд цаг хугацаа давчуу байж болох юм. Хагас жил л үлдлээ. Гэхдээ өөрчлөлт оруулъя гэвэл бас хэцүү зүйл биш шүү дээ.

  -Үндсэн хуулийн бус аргаар, хууль бусаар засгийн эрх авахыг зарим хүн ил тод мэдэгдэж, олон түмнийг уриалдаг боллоо.   Өмнө нь МАН-ын  байр руу дайрч, чулуу, өндөг шидэх зэрэг асуудал гарахад хариуцлага тооцолгүй, толгойг нь илж  явсаар байгаад магадгүй “Долдугаар сарын 1”-ний хэргийг өдүүлчихсэн юм биш үү гэж бодогддог.  Гэтэл өмнөх сургамжаа мартчихаад өнөөдөр дахин эмх замбараагүй байдалд уриалж,  ил тод яриад байх нь хэвийн  зүйл мөн үү? 

  -Өнөөдөр манайд санхүү хөрөнгийн дутагдал,  эдийн засгийн бэрхшээл  асуудал биш ээ. Харин засагтаа дургүйцэх хандлага хаа сайгүй байгаа нь асуудал. Засаглалд  итгэх ард түмний итгэл сул байна.   Засаглал ард түмний итгэл дээр тогтдог. Итгэлцлийг бэхжүүлье. Ёс зүйгүйдэл, авлига хээл хахууль нь итгэлийг бууруулдаг хүчин зүйлс юм. Бид ядуу буурай байсан үе бий. Гэхдээ өнөөдөр түүнээс хамаагүй илүү  эдийн засгийн таатай орчинтой болсон байхад засаг төрөө унагаах гээд байгаа бол дампуурсан явдал болно. Нийгмийн хугарал, тэмцлийн үед хууль үйлчлэхээ больдог шүү дээ. Дэндүү эмх замбараагүй байдал үүснэ. Манай ард түмэн үүнийг маш сайн ухамсарлаж байгаа гэж боддог.  Хоёрдугаарт, төрдөө итгэлтэй байж, хүлээцтэй хандана гэсэн зарчим ард түмэнд байж л байгаа. Иймээс  “Долдугаар сарын 1” шиг зүйл дахин давтагдахгүй гэдэгт итгэж байна. Эмх замбараагүй байдал үүсгэж, түүндээ дөрөөлж засгийн эрхэнд гарахыг мөрөөддөг  улс төрийн хүчин болон улстөрчид  дэлхийн хаа сайгүй байж л байдаг. Тэдэнд гагцхүү тийм  нөхцөлийг  хангаж өгөх эсэх нь ард түмний  ухаан, ухамсрын асуудал.  Ер нь ард түмнийг соён гэгээрүүлэх, ардын оюуны болон ухамсарт чанарыг дээшлүүлэх талд  ажиллах цаг болжээ. Бид өнгөрсөн 20 жилд нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн тухай л ярьж  байснаас биш ард түмний ухамсрыг дээшлүүлэх, оюун санааны амьдралыг тэтгэх ажлуудыг ерөөсөө бага хийсэн.  Энэ нь бидний алдаа бас дутагдал. 

  -Та бол  ардчилсан парламентын  түүхэнд хүндэт байр эзлэх цөөн хүний нэг. Монгол Ардын Намын хувьд ч том байр суурь эзлэх, тулхтай, туршлагатай гишүүний нэг. Тиймээс ч Таны үгийг залуу гишүүд, ялангуяа Ардын Намын удирдлага нэлээд сонсдог юм шиг санагддаг. Та ч бас шаардлагатай үед нөмөр түшиг болно биз?

  -УИХ-ын даргын хувьд бодлогын хандлагыг зөв тавиад явбал  болно л  гэж боддог. Ямар ч нөхцөлд  дээд удирдлагын хүмүүс хөлөө олохгүй, халтирч эндээд байж болохгүй л дээ.   “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй”  гэдэг шүү дээ. Тиймээс  УИХ-ын даргын хувьд хамтарсан Засгийн газрыг ажиллах боломжоор хангаж ажиллахыг чухалчилж ирлээ. МАН-аас улстөрийн өндөр албанд ажиллаж буйн хувьд намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бололцоог  хангахад ч бас анхаарч ажиллаж байна. Энэ утгаараа түшиг тулгуур болж яваа болов уу.  УИХ, Засгийн газрын хэмжээнд зөв бодлого гаргана гэдэг амар ажил биш шүү. Учир нь олонх, цөөнх гэх зарчмыг хойш тавьсан болохоор дотоод хяналт сул харагддаг. Тиймээс УИХ-ын үйл ажиллагааг ард түмэн, хэвлэл мэдээллийн хяналтад оруулах гэж хичээж  ажиллалаа. Миний хувьд олон жил улстөрд ажиллахдаа ултай суурьтай ажиллах арга барилыг чухалчлах болсон.  Тэгээд ч  УИХ-ын даргад учир зүггүй олон зүйл санаачлаад, их зүйл мэддэг  дүр эсгэх шаардлага   байхгүй. Хамтын шийдвэрийг зөв гаргахад л онцгой анхаарах хэрэгтэй байдаг. Олон эрх ашгийн зангилаан дээр суудаг учир  УИХ-ын даргад  бас их  цэгцтэй байх шаардлага тулгардаг. Энэ утгаараа би үнэлгээтэй байгаа юм болов уу.

"Монголын үнэн" сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top