Төв аймагчууд спортын шинэ ордонтой боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 08

Улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан, 840 хүний суудалтай спортын шинэ ордон Төв аймагт ашиглалтад орлоо.

 

Төв аймаг 2011 оныг “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд улс, орон нутгийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 38 тэрбум төгрөгийн ажил хийсний нэг нь энэ ордон юм.

 

Дотроо бэлтгэл сургуулилтын заалтай, тамирчдын зочид буудал, хоолны газартай Спортын ордны зураг төслийг Ти энд Жи компани боловсруулж, “Үүрэг трейд” компани богино хугацаанд,  чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад хүлээлгэн өгчээ.

 

Нээлтийн ёслол 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зуунмод хотноо болж УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Дондог болон бусад хүн оролцлоо.

 

Хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд 5 дахь аймаг ийнхүү спортын ордонтой болж байна. Ирэх жил нийслэлийн 8 дүүрэгт тус бүр 1000 хүртэл хүний суудалтай спортын ордон барихаар төлөвлөн хөрөнгийг нь 2012 оны төсөвт суулгаад байгаа юм.

 

Мөн өдөр Төв аймгийн Зуунмод хотноо аймгийн малчдын 3 дугаар зөвлөгөөн болж, Морин спорт, уяачдын салбар хорооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Су.Батболдыг сонгосон байна.

 

Зөвлөгөөнд Шадар сайд, Монголын Морин спорт уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболд оролцон салбар хорооны батламжийг нь гардуулж амжилт хүслээ.

 

Төв аймаг 3 мянга гаруй уяачтай бөгөөд Тод манлай, Манлай, Алдарт уяачдаараа улс даяар алдартай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top