Бүгд найрамдах Индонез улсын Бали арал дээр ардчиллын төлөөх Балийн IV форум үргэлжилж байна. Тус чуулга уулзалтад Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно манай Ерөнхий сайдыг онцлон урьж, 21 жилийн өмнө тайван замаар ардчилсан хувьсгал хийж эдүгээ Азидаа тэргүүлэгч ардчилсан орон болсны хувьд туршлага хуваалцахыг хүссэн юм. Мөн манай улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдаж буй учраас Индонезийн Ерөнхийлөгчийн энэ урилгыг хүлээн авсан Ерөнхий сайд С.Батболд чуулга уулзалтын чухал хүн байлаа.
Уулзалтын хоёр дахь өдөр Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдыг хүлээн авч уулзлаа. Хоёр орон эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжтойг Индонезийн төрийн тэргүүн илэрхийлсэн байна. Түүнчлэн Монгол улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Индонезийн харилцаа эрчимтэй хөгжих үүдийг нээж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглэн хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )