Удахгүй шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан жүжигчин Р.Анхнямаас шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэгийг нь тодруулсан юм.
-Та хүүхэд байхдаа шинэ жилийн баяраа яаж тэмдэглэдэг байсан вэ?
-Хүүхэд байхад сүлд мод засна гэдэг хамгийн гоё ажил байдаг байлаа. 12 дугаар cap гарангуут л ёолкоо чимье гээд эмээ, өвөө, ээж гурвыг шалаад суучихдаг байж билээ. Манай сүлд модны тоглоомууд их гоё. Бүр ээжийн ах, эгч нарыг нялх байхаас нь эхлээд намайг төрснөөс хойш хүртэл үе үеийн шинэ тоглоомуудаар сэлбэгдэж, их гамтай хадгалсан гоё, үнэт тоглоомтой. Ер нь тоглоом бүр өөрийн гэсэн түүхтэй. Сүлд модоо чимэглэх зуураа өвөө, эмээ хоёр түүхийг нь ярьж өгдөг байсан. Тэгээд орой бүр ёолкныхоо гэрлийг асаагаад, унтатлаа харж хэвтэнэ. Одоо надад тоглоомнууд маань өвлөгдөж үлдсэн. Тоглоомуудаа гаргаж харах бүрт өвөө, эмээтэйгээ хамт байгаа юм шиг, нэг л сайхан, дотно санагддаг юм.
-Шинэ жилийн баяр гэхэд таны санаанд хамгийн түрүүнд юу ордог вэ?
-Шинэ жил дөхөөд ирэхээр хүмүүс их баяр хөөртэй болоод байх шиг санагддаг. Гудамж бүхэн шинэ жилийн чимгээ зүүгээд, телевизийн суваг бүрээр шинэ он, шинэ жилтэй холбоотой кино, нэвтрүүлгүүд гараад л... Ер нь бүх зүйл гэрэлтээд их сайхан болчихдог.
-Таны шинэ жилийн баяраар авч байсан хамгийн сайхан бэлэг тань юу вэ?
-Шинэ жилээр авсан бэлэг бүхэн хамгийн сайхан.
-Энэ жил шинэ оноо хаана угтах вэ?
-Энэ жил шинэ оноо гэртээ, гэр бүлийхэнтэйгээ угтана. Ер нь жил бүр он солигдох мөчид гэртээ байхыг илүүд үздэг.
Сэтгэгдэл ( 0 )