-Шинэ жилийн баяр дөхөөд ирэнгүүт “Жаргалтай, зөөлөн гунигтай халуухан энхрийхэн өдрүүдээ Дуусгамааргүй аялгуу шиг эгшиглэн надтайгаа энд үлдээч” гээд л таны “Цасан аялгуу” дуу өөрийн эрхгүй санаанд орж ирдэг. Харин таны хувьд шинэ жилийн баярыг ямар дуугаар төсөөлдөг вэ?
-Бидний үеийнхэн бол ABBA хамтлагийн “Happy new year” хэмээх дуунд их дуртай. 80- аад оны үед гарч байсан энэ дуу зүрх сэтгэлд хоногшсон байдаг юм. Бас “Цалин мөнгөн тэнгэртэй” гээд л “Сүлд модны дуу” эгшиглэдэг байлаа. Миний үед бол энэ хоёр дуугаар хөглөгдөж байсан. Шинэ жилийн баярыг өөрийн эрхгүй санагдуулдаг өөр нэг зүйл бол мандарин, алим, 24-ийн чихэр. Тэр үед одоогийнх шиг ийм элбэг, дэлбэг байгаагүй шүү дээ. Гэтэл одоо алим нь хүртэл олон төрөл болчихсон. Хэт олон болоод ирэхээрээ үнэ цэнэ, чанараа алдаад, найдваргүй болчихдог. Харин тэр үед их ховор байсан учраас үнэ цэнэтэй байлаа. Үнэр нь хүртэл үнэхээр гоё, сэнгэнээд л...
-Таны хэлдэг үнэхээр үнэн шүү. Бага байхад эмээгийн минь авдраас алим үнэртээд, их хорхой хүргэдэг байж билээ...
-Тэгэлгуй яах вэ. Алим, мандарины үнэр бүр шингэчихсэн байдагбайсан. Баавгайтай чихэр гэхэд л бид жинхэнэ амттай, чанартайг нь иддэг байсан юм шүү дээ.
Шинэ жилийн баяр дөхөхөөр бэлэг авна гэж бодохоор өөрийн эрхгүй баярлана. Өвлийн өвгөнөөс бэлэг авах гэж тэсэн ядан хүлээдэг.
Бэлгээ авчихаад их баярладаг байж билээ. “Өвлийн өвгөн ааваасаа ирж бэлгээ аваарай" гэж дуудахыг нь хүлээгээд л... Ингэж дуудуулж, өвлийн өвөөгөөс бэлэг авсан хүүхэд өөрийгөө их чухалд тооцдог. Бэлгэн дотор минь юу байгаа бол гэж их догдолдог байлаа.
-Таны хувьд хамгийн сайхан шинэ жилийн баяр тань хэзээ болж байсан бэ?
-Ижий аавтайгаа хамтдаа өнгөрүүлж байсан шинэ жилийн баяр л хамгийн сайхан мөчүүд шүү дээ. Ээж, ааваасаа бэлэг авч, баярлаж хөөрч байсан тэр торгон мөчүүд хамгийн сайхан баяр минь. Бас арван жилийн сурагч байх үеийн минь шинэ жилийн баярууд хамгийн сайхан. Аравдугаар ангиа төгсөх хүртэлх гэгээн цайлган, дэврүүн үеийн минь шинэ жилийн баяр хэзээ ч мартагдашгүй. Оюутан ахуй цагийнх сайхан ч тэр үеэс арай өөр. Бүх зүйлээ өөрсдөө зохион байгуулна гээд л нийгмийн идэвх нь өөр болоод ирдэг.
-Яг тийм. Үнэхээр арван жилийн сурагч байх үед л ангиараа шинэ жилээ тэмдэглэнэ, сургуулийн шинэ жилд орно гээд л хэчнээн их баярлаж, догдолдог байсан гээч. Таны хэлдгээр цаанаа л гэгзэлэг. Бас найм, есдүгээр ангид байхад “Цасын аялгуу” дуу ид хит болж байсан...?
-Тийм шүү. “Цасан аялгуу” дуу маань хэдэн жил болчихсон юм бэ...
-Арав орчим жил юм уу даа...
-Арав орчим жил болж байгаа юм байна шүү. Аливаа чанартай зүйл удах тусмаа үнэ цэнээ хадгалж, сэтгэлд хоногшиж байдаг. Түүний л нэгэн адил. Сүүлийн үед шинэ жилийн дуу нь ч их болж. Гэхдээ цаг хугацааны явцад эдгээр бүтээлийн сайн нь л ялгарч үлдэнэ шүү дээ. Миний хувьд “Цасан аялгуу" дуугаа гүйцэх хэмжээний өөр сайн дуу л дуулахгүй бол чанаргүй уран бүтээл гаргаад дэмий. Тиймээс шинэ жилийн өөр дуу гаргая гзж нэг их боддоггүй юм.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )