Дуучин ВХ-ийн дууг сонсч, хэмнэлд нь бүжиглэх дуртай залуус олон бий. Ялангуяа сүүлийн үед гаргасан “Догий хийе”, “Ивээлдээ ав” зэрэг дуу нь дуучны стиль, өнгө төрхийг эвдсэн шинэлэг уран бүтээлүүд болсон. Шинэ цомгоо гаргах, шинэ жилийн баярт уригдах гээд тун завгүй байгаа дуучин ВХ-тэй цөөн хором ярилцлаа.
-Таныг сүүлийн үед их завгүй байгаа гэж сонссон?
-Харин тийм ээ. Сүүлийн үед их завгүи п байна. Шинэ жил дөхөед бүр ч ажил ихтэй болчихлоо.
-Шинэ цомгийн ажил тань ямар явцтай байгаа вэ?
-Тун удахгүй бэлэн болно. Он гараад л сонсогчдод хүрэх байх. Дуунууд нь бүгд бэлэн болчихсон. Одоо CD-ний ковер болон бусад ажлаа хийгээд явж байна. Цомогт 19 дуу багтаах төлөвлөгөөтэй байгаа. Ихэнх дуу нь сүүлд гарсан уран бүтээл. Залуусын сонсоогүй дуунууд ч нэлээн бий. Бас хамтарч дуулсан дуунууд орсон. Quiza-тэй хамтарч дуулсан “One dream” гэх мэт.
-Саяхнаас “Ивээлдээ ав” дууны клип телевизүүдээр цацагдах болж?
-Тийм. Саяхан “Ивээлдээ ав” дуундаа клип хийлгэсэн. Энэхүү дуу маань "D Money” студиэс гаргаж байгаа хоёр дахь уран бүтээл юм. Өмнө нь “Хаана байна гээд уран бүтээлээ хийсэн. Ерөнхийдөө, ихэнх дууныхаа зургийг нь бэлэн болгочихсон байгаа. Он гаргаад олон нийтэд цацаж эхэлье гэсэн төлөвлөгөөтэй баина. Шинэ мэдээ дуулгахад он гаргаад, хоёрдугаар сарын 2-нд тоглолт хийе гэсэн бодолтой байгаа. “Who is ВХ” гэсэн нэртэй. Тоглолтын бэлтгэл ажил гээд эхнээсээ дуунуудаа клипжүүлж байна.
-Яагаад заавал хоёрдугаар сарын 2- ны өдрийг сонгосон юм бэ?
-Энэ өдөр миний төрсөн өдөр тохиодог юм. Төрсөн өдрөөрөө “Who is ВХ” тоглолтоо хийе гэсэн бодолтой байна
-Тоглолтдоо шинэ уран бүтээлүүдээ дуулах уу?
--Ерөнхийдөө, сүүлийн үед гаргасан уран бүтээлүүдээ дуулна. Мэдээж, өмнөх хит дуунуудаа ч хүргэнэ.
-Сүүлийн үеийн уран бүтээлүүдийг ажиглаад байхад нэлээд шинэ, өөр өнгө терхтэй болсон юм шиг санагдсан. Залуусын хэмнэл, мэдрэмжтэй дуунууд сонсогдох болсон?
-Миний уран бүтээлүүдэд шинэчлэлт хийгдэж байгаа. Гэхдээ бүгд доргио дуунууд гэж ойлгож болохгүй. Шинэ цомогт маань ээжийн тухай уянгын, сайхан дуунууд орсон. Ерөнхийдөө, нэг хэв загварт баригдалгүй төрөл бүрийн өнгө, урсгалаар дуулсан. Гэхдээ мэдээж рок дуулахгүй шүү дээ.
Чиний хэлдгээр залууст зориулсан дуу уран бүтээлд минь зонхилох хувийг эзэлж байгаа. Залууст юу хамгийн ойр байна вэ гэдэг дээр тулгуурлаж уран бүтээлээ хийж байна. Тэд ямар хөгжим, ямар хэмнэлд илүүтэй татагдаж байна вэ гэдэг нь чухал. Ерөнхийдөө арван жилийн ахлах ангийн хүүхдүүд, өсвөр насныхан гээд 25-аас доош насныхан хөгжим сонирхогчдын дийлэнх хувийг бүрдүүлдэг. Мөн хамгийн идэвхтэй сонсогчид байдаг шүү дээ. Тиймээс уран бүтээлээ тэдэнд зориулж хийх шаардлагатай болсон. Гэхдээ энэ бол шинэчлэлийн зөвхөн эхлэл нь. Цаашид хийхээр төлөвлөсөн нэлээд зүйл байна.
-Тухайлбал?
-Рэп дүр төрхийг бүрдүүлж ч магадгүй. Одоо “Опозит” хамтлагийн Энэрэлтэй хамтарч ажиллаж байна. “Ивээлдээ ав” дуун дээр хамтран ажилласан Gambeat гээд авьяаслаг залуу хоёр, гурван хөгжим өгсөн. Gambeat-ын хувьд Америкт нэлээд олон жил амьдарч байгаа, сайн beat хийдэг залуу бий.
- “Догий хийе” дуу ч бас залуусыг уриалсан дуу байсан. Та өөрөө хэр сайн “Догий”хийдэг вэ?
-Миний хувьд тийм сайн биш ээ. Ерөнхийдөө, энэ төрлийн бүжгийг мэргэжлийн бүжигчид, бүжигсонирхогчдод нэлээд ойр юм шигсанагдсан. Гэхдээ бүжиглэнэ ээ, бүжиглэнэ. (инээв). Харин энэ дууныхаа клипний зургийг өнгөрсөн зургадугаар сард хийсэн. Бүжигчид маань бүжиглэсэн байгаа. Миний хувьд дуучин гэдэг үүднээсээ л үүргээ гүйцэтгэсэн. График дизайн, энимэйшн давамгайлсан клип болсон байгаа.
- Таны шинэ уран бүтээлүүд “Youtube” цахим хуудсанд тавигдсан даруйдаа л олон үзэгчийн анхаарал татах болжээ?
- МИний хувьд хөгжмийн сайтуудтай нэлээд хамтарч ажиллаж бйагаа. Одоо залуусын байнгын хэрэглээ нь интернэт болчихсон. Интернэт дэх үзэгч, сонсогчийн хандалт, бичсэн сэтгэгдэл бодитой мэдээлэл өгч чаддагаараа онцлог юм шиг санагддаг. Тэндээс залууст яаж хүрч байна, миний уран бүтээл тэдэнд хэрхэн санагдаж байгааг шууд мэдэх боломжтой.
Эх сурвалж: Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )