Өнгөрсөн хавар Японд болсон цунамийн ул мөр одоо ч арилаагүй, байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн сэтгэлийн шарх аниагүй байгаа. Тэдэнд сэтгэл санаа болон эд материалын дэмжлэг үзүүлэх зорилгоор олон орны оддыг цуглуулж, тоглолт зохион байгуулахаар болжээ.
Уг тоглолтод Монгол Улсыг төлөөлөн дуучин С.Наран оролцох аж. Өнгөрсөн нэгдүгээр сард Азийн өвлийн спортын VII наадмын хаалтад С.Наран дуулсан юм. Энэ үеэр Японы продюссер түүнийг онцолж, хамтарч ажиллах талаар ярилцсан нь ийнхүү биелэлээ олж буй аж. Түүнтэй өчигдөр 15.50 цагт холбогдлоо.
-Та шинэ оныг Японд угтах болсон гэв үү?
-Тийм ээ. Өнгөрсөн гуравдугаар сард Японд газар хөдөлж, асар хүчтэй цунами болсон шүү дээ. Олон хүний амийг авч, эдийн засгийн асар их хохирол учруулсан байгалийн гамшигт өртсөн япончуудад сэтгэл санаа болон эд материалын дэмжлэг үзүүлэх зорилгоор “Earth concert” нэртэй бүх оддын тоглолт зохион байгуулах гэж байгаа юм. Энэ тоглолтод би дуулна
-Тоглолт хэзээ болох вэ?
-Токиогийн Сатама цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 28-нд болно.
-Аль орноос хэн хэн гэдэг алдартан оролцох бол?
-ОХУ-ын алдарт дуучин Лариса Москалева, жүжигчин Жэки Чан, Японы алдартай төгөлдөр хуурч Жен Томуро, АНУ-ын жүжигчин Рэндэл Жонсон гээд олон алдартай хүн оролцох юм билээ.
-Таны цомгийн баяр хэзээ вэ?
-Маргааш “River Sounds” клубт “Сайхан” цомгийн баяраа хийнэ. Энэ цомогт “Алунгоо ижий”, “Монголоороо омогшицгооё”, “Нутгаа дуулахуй” зэрэг 11 дуу багтсан.
Сэтгэгдэл ( 0 )