“Увертура” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва: П.Идэржавхлангийн ард бакал хийх чадалтай дуучин биднээс өөр байгаагүй

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 11

Поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертура” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагвыг урьж, уран бүтээлийнх нь  талаар сонирхолтой яриа өрнүүллээ.


-“Увертура” хамтлагаар сонин юу байна вэ? Уран бүтээлийн олз омог их үү?

- Энэ жилийн хувьд бид уран бүтээлийн арвин олз омогтой байлаа. Монгол улсын гавьяат жүжигчин, төрийн соёрхолт Д.Сосорбарамын үг, Төрийн соёрхолт, МУГЗ Шаравын аялгуу “Цагийн аяс” хэмээх уран бүтээлээ туурвилаа. Энэ бол “Илүү сартай зун” гэдэг киноны аяз байгаа. Бид үүнийг дуу болгоод клипжүүлсэн юм. “Илүү сартай зун”-д Д.Сосорбарам ах маань тоглосон учраас Со ахаараа үгийг нь бичүүлсэн. Мөн 90 жилийн ойн наадмын нээлт, хаалт гээд их ажил амжууллаа. Тэгш ойн нээлтийг хийнэ гэдэг бол билэгшээлтэй, сайхан зүйл л дээ. Дээрээс нь “Mongolian music video awards”-аас “Цагийн аяс” гэдэг бүтээлээрээ шилдэг шинэ залуу хамтлаг гэсэн шагналыг авсан. Энэ наадам бол рок попынхны дунд болдог том наадам л даа. Зохиолын дуучид болон мэргэжилийнхэн бараг ордоггүй юм. Бид нар маш амжилттай оролцлоо. Бас нэгэн нууц дэлгэхэд бид нарын багш Буриад улсын ардын жүжигчин Жаргалсайхан маань саяхан хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тиймээс бид багшийгаа бүтээлдээ мөнхөлье гэж бодоод насаараа дуулсан “Халуун элгэн нутаг” дууг нь шинэчилж, найруулж дуулах гэж байгаа. Мөн клип хийнэ.

- Урын сандаа хэдэн бүтээлтэй болсон бэ? Хэзээ цомгоо гаргах гэж байна вэ?

- Ерөнхийдөө цомгийн ажлаа эхэлчихсэн байгаа. Ихэнх уран бүтээлчид цомгоо эхлээд л нэг дор хийгээд, нэг хэсэгтээ бөмбөгдөөд л гаргачихдаг л даа. Харин манай хамтлагийн хувьд удаан хугацааны турш чанартай уран бүтээл хийж, цомгоо гаргана гэж бодож байгаа. Ирэх оны хавар гэхэд бэлэн болчих байх.

- Анх “Алтаргана” наадамд түрүүлж байсан. Тэр тухайгаа эргэн дурсвал?

- Монголд анх удаа Буриадын олон улсын фестиваль болсон юм. Тэр наадамд бид орж, тэргүүн байрыг нь авсан. Тэгэхэд бид байгуулагдаад нэг жил ч болоогүй байсан л даа. Энэ бол бидний анхны амжилт.

- Хамтлагаа байгуулсан түүхээ эргэн дурсвал?

- Бид нар чинь 2010 онд “Хөгжим бүжгийн коллеж”-ийн мэргэжлийн дуурийн дуулаачийн ангийг төгсөөд л хамтлагаа байгуулсан юм. Бид оюутан байхаасаа л их ойр дотно нөхөрлөж ирсэн. Манай хамтлагийн гишүүн Ж.Ганбаатар төрсөн өдрөөрөө бидэнд санал тавиад 2009 оны есдүгээр сарын 29-нд “Анир” студийн дэргэд хамтлагаа байгуулж байлаа.

- Хамтлагийнханыгаа товч танилцуулаач?

- Хамтлагийн ахлагчаар Г.Пүрэвдагва миний бие ажилладаг. Надаас гадна Л.Ренчинням, Ж.Ганбаатар, А.Шинэбаяр гээд гурван гишүүн байна.

-
Хамтлагийнхаа нэрний талаар тайлбарлаач?

- Нэрний хувьд гэвэл аливаа дуурь эхлэхдээ удиртгалтай байдаг. Өөрөөр хэлбэл дууны эхлэл, оршил хэсэг гэсэн манай мэргэжлийн холбогдолтой үг л дээ. Аливаа юмны эхлэл, үндэс суурь байя гэсэн утгыг бэлэгдэж, “Увертура” гэдэг нэрийг өгсөн.



- Манайд поп опера урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлаг, дуучид цөөхөн байдаг. Яагаад энэ чиглэлийг сонгох болов?

- Манайд энэ урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлаг гэвэл “Нюанс” хамтлаг, “Voice group” тэгээд манай хамтлаг л байдаг. Анх энэ урсгалыг “Нюанс” хамтлаг оруулж ирсэн. “Нюанс” хамтлагийн ах нар маань гадаадын нэг хамтлагийн уран бүтээлийг хуулж дуулдаг. Гэхдээ үүнийг буруутгах арга байхгүй л дээ. Яагаад гэвэл анхны юм бага зэрэг алдаатай байдаг.

-Танай хамтлагийн онцлог давуу тал?

-Манай хамтлагийн онцлог гэвэл үндэснийхээ чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Монгол үндэсний урлагаа поп опера урсгалаар дуулж, гадаадынханд таниулахыг зорьдог юм. Зарим “Дөрвөн цагийн тал”, “Тэмээн сүргийн говь” гэх мэт хуучны сайхан дуунуудыг сэргээж, дуулж байна. Мөн олонд хүрчихсэн киноны аязыг дуу болгосон байгаа. Магадгүй бид ардын дуунуудыг ч поп опера чиглэлд оруулаад, дуулж болно шүү дээ. Энэ чиглэл маань мэргэжлийн түвшинд дуулагддаг юм. Бид бас дан ганц дуу дуулах биш дүрсээрээ бас ямар нэгэн өгүүлэмж өгүүлдэг л дээ. Өөрөөр хэлбэл, хөгжмийн найруулга, дуулалт, клип энэ гурав нэг цогц болж байж нэг санааг илэрхийлдэг. Хүн таван мэдрэхүйгээрээ мэдэрч, ойлговол энэ бүтээлийг сайн ойлгоно гэсэн үг. Мөн үүгээрээ давуу талтай гэж хэлж болно.


- “Увертура” хамтлагийг шинэ жилээр ямар ханшаар дуулах вэ? Захиалга ихтэй байгаа байх?

- Одоо нээх тэгж ханш тогтоох нь ч хаашаа юм. Тодорхой хэмжээний үнэ байдаг л даа. Гэхдээ найз нөхөд, хамаатан садан, хамтарч ажилладаг байгууллагууд маань байдаг. Тиймээс тогтсон ханшаараа явахаасаа явахгүй нь их байдаг. Урилгыг нь аваад сэтгэлээрээ л очиж дуулдаг. Тэрнээс биш тэдэн төгрөг өгөхгүй бол дуулахгүй шүү гэсэн юм байдаггүй. Урилга зөндөө л ирж байгаа.



- Дуучин П.Идэржавхлангийн тоглолтын арын хоолойг хийсэн. Түүнтэй ямар холбоотой вэ?

- Бид нар Идэржавхлантай найзууд л даа. Цуг оюутан болж байсан. Тоглолтон дээр нь манай хамтлагийнхан өөрсдийнхөө тоглолт шиг л гүйсэн. Яг үнэндээ ард нь хоолой хийх бид нараас өөр чадалтай дуучин байгаагүй юм. Тэгээд л бид нар хийсэн. Маш сайхан тоглолт болсон.

- Бие даасан тоглолтоо хэзээ хийх вэ?

- Ер нь бол төлөвчихсөн байгаа. Ирэх оны тав, зургаан сарын үеэр хийх бодол байгаа. Гэхдээ бусдын адил “UB palace”, “Бөхийн өргөө”-нд биш дуурийн театрт ч юм уу, драмын театрт ч юмуу цомхон хэмжээний 200, 300 хүний хүрээнд сонгодог маягийн тоглолт хийх бодолтой байгаа.

- Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

- Танай хамт олонд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top