БНХАУ-ын Эрээн хотод монгол охид өндөр цалинтай ажил хийж, их хэмжээний ашиг олж байна гэх зар амьдрал тарчиг, хөдөөнөөс шилжин ирэгсэд, боловсрол тааруу охидын чихэнд яаж ийгээд хүрчээ. Хүрчээ ч гэж, зохион байгуулалттайгаар хүргэдэг аж. Эрээнд өндөр цалинтай ажил гэдэг нь нөгөөх л биеэ үнэлэх гэдгийг монгол охид мэдсээр байж хятад иргэдэд өврөө нээсээр багагүй хугацааг үджээ. Эхэндээ маш нууцлаг байсан бол одоо ил цагаандаа гарсан байх юм. Сүхбаатар дүүргийн шүүх Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарыг монгол бүсгүйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилсан хэрэгт буруутган 2-3.5 жилийн хорих ял оноосон юм. Энэ хэргийн талаар өгүүлье.
Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нар 22 настайгаасаа Эрээнд Өвөрмонгол эмэгтэйн буудалд байрлан биеэ үнэлж эхэлжээ. Өдрийн орлогоосоо тодорхой хувийг буудлын эзэнд өгч амьдарсаар багагүй хугацааг үдсэн гэнэ. Тэд эцэст нь орлогоо хүнд өгч байхаар буудал түрээсэлж, монгол охидыг нааш нь авчиръя гэж шийдсэн тухайгаа мөрдөн байцаалтын явцад ярьжээ. Биеэ үнэлэгчдийн ихэнх нь “Би ямар ажил хийхээ асуугаагүй, хятадуудад намайг худалдана гэж мэдээгүй. Өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэхээр нь ирсэн” гэдэг. Харин Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын буудалд байрлан хятадуудад биеэ үнэлдэг бүсгүйчүүд ямар ажил хийхээ маш сайн мэдэж байсан 22-28 насныхан. Тэдний дунд гэр бүлтэй эмэгтэйчүүд ч цөөнгүй. Тэр ч байтугай нярай хүүхдээ орхиод очсон бүсгүй ч хэд хэд байсан аж. Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нар 2008 оноос эхлэн амьдрал ядуу, мэргэжил боловсролгүй олон эмэгтэйчүүдэд “багшилж”, орон байраар хангадаг, зуучилдаг, дэмжин өөгшүүлдэг, нэг ёсны сүлжээ байгуулсан байжээ. Биеэ үнэлж буй эмэгтэйчүүд ар гэрийнхэндээ “Эрээнд цайны газарт ажиллаж байгаа” гэж хэлдэг, сард 2-3 удаа гэртээ ирж, очдог байж. Хэрвээ таны танил, ойр дотнын хэн нэгэн ийм зүйл ярьж, байн байн Эрээнийг зорьж байгаа бол шалгаад үзэхэд илүүдэхгүй гэдгийг цагдаагийн ажилтнууд зөвлөснийг энэ дашрамд дуулгая.
Гурван жилийн хугацаанд Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нар чухам хэдэн бүсгүйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучлан, орон байраар хангаснаа өөрсдөө ч мэдэхгүй байна. Биеэ үнэлэгч нарын аалзны тор мэт сүлжээг одоогоос хоёр сарын өмнө илрүүлж, гол зохион байгуулагч, зуучлагч иргэдийг эрүүгийн хэрэгт татсан юм. Б.Энхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын буудалд гурван эмэгтэй байрлаж, биеэ үнэлж байжээ. Гэтэл нэг эмэгтэйд яаралтай хэрэг гаран нутаг буцах гэтэл гадаад паспортыг нь хятадууд өгсөнгүй. Тэд биеэ үнэлсэн мөнгөнөөс тодорхой хувийг авдаг байсан учир түүнийг явуулахгүй гэжээ. Хил нэвтрэх боломжгүй болсон тэрбээр Эрээн дэх Монголын Консулын газарт хандан эх орондоо ирсэн юм байна. Консулын ажилтнууд эмэгтэйн өгсөн мэдээлээр шалгаж, цагдаагийнханд мэдэгдсэнээр биеэ үнэлж байсан бүлэг эмэгтэйчүүдийг илрүүлж, нутаг буцаажээ. Хавтаст хэргээс харахад энэ мэт хэрэгт ихэвчлэн хөдөө орон нутгаас ирээд сургуульд орж чадаагүй охид, амьдралын боломж тааруу бүсгүйчүүд татагдан орж, өөрийгөө татаж авч чадалгүй явсаар хохирдог нь анзаарагдаж байна. Биеэ үнэлэгч эмэгтэйчүүд “Бидний хэрэг та нарт хамаагүй” гэж эсэргүүцдэг гэж хууль хяналтынхан хэлж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулиар биеэ үнэлэх, үнэлэхэд уруу татах, зуучлах, зохион байгуулахыг хориглосон. Зүй бус үйлдлийг дагаж архидалт, хар тамхи, мансууруулах бодист донтох явдал нэмэгдэн, хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэндээрээ эмэгтэйчүүд асар ихээр хохирдог. Нийслэлийн хэмжээнд 1200 гаруй биеэ үнэлэгч байдаг аж. Тэдний 36 хувь нь бэлгийн замын халдварт өвчтэй, хүнд үедээ орсон болохыг тогтоогоод байна. Энэ мэт хэрэг сүүлийн жилүүдэд өсөж, жилд дунджаар 8-10 эмэгтэйг биеэ үнэлэхэд зуучилж, орон байраар хангасан зүйл ангиар шийтгэсэн баримт шүүхэд байна.
Сэтгэгдэл ( 0 )