"Шинэ үе" продакшны нэг хошин үзүүлбэр дээр "Эгч хонио хараад үлдэхдээ Намайг од болоод ир гээд явуулсан даа Би энд ирээд од болох гэсэн чинь Энэ ах намайг од болголоо"гэсэн нэг тэнэгдүү дуу гардаг санагдана. Харин энэ дууны утгатай дүйцэхээр тэнэг явдлыг сүүлийн хэд хоног хэвлэлээр нэг шуугилаа.
Б.Тулга гэж нэг сүрхий хүү байдаг бололтой. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслах аснаар ажиллаж байсан юм даг уу даа. Цагтаа цалгиж, цалингаасаа давсан том арилжаа наймаа хийж байсан нь гэнэтхэн хэл ам таталж, саяхнаас шүүх, цагдаа болж хувирав. Саарал ордны дэргэд шахуу зочид буудлыг 650 мянган ам.доллараар худалдан авснаа тэр дороо гурав дахь Ерөнхийлөгчийн дүү бүсгүйд бэлэглэчихсэн гэнэ. Монголын хамгийн тэргүүн баян эсвэл гаршсан тендерчин хэн ч бээр хийж чадахгүй бизнесийг хорин хэдтэй, жирийн албан хаагч залуу хийсэн гэхээр үнэхээр гайхалтай. Чухамдаа түүний сүйхээ гэж ямар юм байхав дээ.
Нэг том улстөрчийн гар хөлийн үзүүрт зарагдаж явсныхаа горыг амсч, улстөрийн хуучин бантангийн шинэ зуурмаг болно гэдгээ яаж мэдэх вэ дээ, хөөрхий. Нөгөө том нөхөр нь яахав, хүний жудаг гаргаж байгаа нь энэ гэж хөлсний хүмүүсээр жагсаал хийлгэн, бөөн сүр болов. Манай шүүх, прокурор ч гэж таарсан "таар шуудай". Нэг залуугийн хэргээс болж, улстөржин дагаж намираад, фронтын хоёр талд гарчихаад үзэж тарж л байдаг. Тулгыг өмөөрсөн жагсаал цуглааныг "улстөржсөн матрын нулимс" гэж нэрлэмээр юм уу даа. Уул нь авлига, хүрээлэн буй орчны бохирдол, Улаанбаатарын утаа, орон сууцны хангамж, баян хоосны ялгаа зөрүү, уул уурхайн луйвар гээд хөлсөөр байтугай сайн дураараа хүмүүс цуглуулж улстөр хийх сэдэв бишгүй л байна. Тогтолцоог нь гардан хийсэн болохоор зарим нэг хүн өөрөө ороогдох гээд хэцүү байдаг байх. Тогтолцоо гэснээс бусдын гараар хөрөнгө баялаг цуглуулах нь улстөрийн эрх мэдэлтнүүдийн шалгарсан арга.
Тэр хөрөнгө нь хэзээ ч өөрийн нь нэр дээр бүртгэгдэхгүй. Гэхдээ захиран зарцуулах эрх нь өөрт нь үлдэнэ. "Өргөө" зочид буудал, "Сүхбаатар" хэвлэх үйлдвэр гээд саарал ордны баруун, зүүн талыг эзэлсэн обьектуудын хувьчлалд гурав дахь Ерөнхийлөгч маань холбоотой нь үнэн гэдэг юм билээ. Хууль, хүчнийхэн арай барьцтай ганц хоёр зүйлээс барьж авсан нь энэ байх. Өөр бусад жижиг сажиг зүйл бишгүй л сонсогддог юм. Байгуулсан тогтолцооныхоо буянаар одоо тэр хэдэн үеэрээ идэхээр "өв сан"-тай болж амжсан. Бас тогтолцооны буянаар хөөрхий нэг залуу улстөрийн "махны машин"-ы золиос боллоо. Монголчуудын хэлдгээр Тулга хүү үүнээс хойш "од" болсон. Шударга бусаар баривчлагдсан хэмээн жагсаал цуглаан болж, хэвлэлээр нэг шуугианы эзэн болсон хүн өдрийн одноос ч цөөхөн. Тэгэхээр тэр "од" болохоос яахав. Одоо түүнд хоёр том сонголт байна. Нэг бол "хайрт" Ерөнхийлөгчийнхөө бааг үүрээд чимээгүйхэн уусч алга болох. Нөгөө бол ивгээлт ахынхаа даалгавраар улстөр хөөж, улмаар нам, олон нийтийн ажилд идэвхийлэн зүтгэх. Аль хувилбар нь байлаа ч залуу хүний хувьд явуургүй зүйлтэй хутгалдчихав. Тогтолцоо хүнийг аварна чиг, бас.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )