2013 он гэхэд 100 хувь утаагүй зуух хэрэглэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 13

-2012 онд 64 тэрбум, он дамжиж хэрэгжих 105 тэрбум төгрөг баталж өгсөн-

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны VIII хурал болж, холбогдох төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашдын ажил хэргийн талаар хэлэлцэв. Уг хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга удирдан оролцож, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр тэргүүтэй холбогдох яамдын төлөөлөгчид оролцжээ.

Энэ оны ажлыг дурдвал 2011 оны төсвийн тодотголоор дутуу хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн ч тендер зарлах, шалгаруулах гээд олон ажил байгаа тул зарим төслүүд хугацаандаа амжихгүйд хүрсэн байна.

Нээлттэй тендер зарлах явц нь үнэлгээний хороо байгуулах, тендерийн материал бүрдүүлэх, Сангийн яамнаас тендер зарлах зөвшөөрөл авах /ажлын тав хоног/, нээлттэй тендер зарлах, материал хүлээн авах /30 хоног/, тендерт оролцогчдыг сонгон шалгаруулах, шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулах зөвшөөрөл авах, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлэх /30 хоног/ гэх мэтчилэн хамгийн багадаа хоёр сарын хугацаа шаардлагатай байгаа аж.

Зарим ажилд хязгаарлагдмал тендер зарлах боломжтой ч үлдсэн хугацаанд гүйцэтгэлээр санхүүжүүлэх бололцоогүй байгааг тайлбарлав. Төсвийн хуульд зааснаар тухайн санхүүгийн жилдээ багтаан ажлаа гүйцэтгэж чадаагүй нөхцөлд хөрөнгийг шууд татдаг. Ийнхүү санхүүгийн жилдээ багтахгүй гэсэн шалтгаанаар төсвийн тодотголоор шийдэж өгсөн 34 тэрбум төгрөгийн санхүүжилт дараа оны орлогод буцаагдаж магадгүй болоод байна.

2011 оны төсвийн тодотгол арваннэгдүгээр сарын 10-нд батлагдаж төсөв санхүүг зарцуулах эрх олгожээ. Үүнээс тав хоногийн дараа үнэлгээний хороо байгуулж, бодлого боловсруулсан. Харин одоо тендер зарлавал энэ ондоо багтахгүй гэдэг нь тодорхой. Төсөв буцаагдах гээд байгаа учраас өөр гарц хайж олсон нь "...Тендерт шалгарсан компани тухайн тендерийн хөрөнгөтэй дүйх хэмжээний баталгаа гаргасан цагт төсвийн хөрөнгийг ирэх онд шилжүүлж болно" гэсэн заалт юм.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга "Тендерээ зарла, гүйцэтгэгчийг түргэн шалгаруул. Зайлшгүй хийгдэх ажлууд учраас ирэх онд үргэлжилнэ гэж бодоод шуурхайлах хэрэгтэй" гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн тэдний ажилд тулгарсан саад бэрхшээлийг хэлэлцсэнээс дурдвал Канадтай зуух нийлүүлэх гэрээ хийгдэх үед ам.долларын ханш 1200 орчим байсан бол одоо 1350 болсон учраас үнийн дүнгийн хувьд зөрүү үүсч, анх батлагдсан төсвөөс хоёр тэрбум орчим төгрөгийн алдагдалд орсон.

Түүнчлэн Дэнжийн мянга орчмын уурын зуухнуудыг төвлөрсөн халаалтын шугамд холбох, усан халаалттай зуух худалдан авч нийлүүлэх ажлууд хийгдэж амжихааргүй болсон гэнэ. Үнс тээвэрлэх тусгай машин оруулж ирэх байсан ч тендерийн хугацаа амжихгүй болсон тул зарцуулагдах хөрөнгийг бусад төсөлдөө шилжүүлж болох талаар ч хэлэлцсэн юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ онд нийт 70 мянган өрхийг утаагүй зуухаар хангахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 35 мянган өрхийг утаагүй зуухаар хангасан бөгөөд ажлын явц 50 хувьтай байна. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 180 мянган өрх байгааг 2013 он гэхэд утаагүй зуухаар 100 хувь хангана. Ирэх хавар 45 мянга, намар нь 70 мянган зуух нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн агаарын бохирдолд үлэмж хэмжээгээр нөлөөлж буй уурын зуухуудыг хаах ажил ирэх онд үргэлжилнэ. Улаанбаатар хотын хэмжээнд ийм зуух 2000 гаруй байгаагаас энэ онд 52-ыг хааж, төвийн дулааны сүлжээнд холбожээ.

2012 он гэхэд нийтийн тээврийн автобусуудыг хийн түлшинд шилжүүлэх хууль батлагдсан тухай яригдсан. Энэхүү хууль биелэгдэхгүй учраас хуулийн заалтыг буцаах хэрэгтэй гэв. Энэ ажлын эхлэл болгож 400 орчим том оврын автобусыг хийн түлшинд шилжүүлэх чиглэлээр гадаадаас мэргэжилтэн ирж судалгаа хийж байгаа аж. "Дуобус" үйлдвэрлэхэд 1.5 тэрбум төгрөг зарцуулснаар ирэх оны эхээр цоо шинэ есөн ширхэгийг үйлчилгээнд гаргахаар болсон аж.

"Ер нь агаарын бохирдлыг бууруулах ажилд Засгийн газар, УИХ идэвх санаачилгатай ажиллаж, хөрөнгийг хангалттай тавьж өгч байгаа. Гол нь иргэд идэвх санаачлага гаргахгүй байгаагаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажил урагшлахгүй байна" хэмээн албаныхан мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top