Хоёр “Энх”-ийн Шинэ хувьсгалын “АЗ ЖАРГАЛТАЙ” төгсгөл

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 30


Улс төрийн хүрээнийхэн төдийгүй, жирийн иргэдийн дунд 4-р сарын 22-нд “Шинэ хувьсгал эхлэх үү” гэдэг асуулт тавигдаад байна. Он гарсаар ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, ҮШН-ын М.Энхсайхан нар “Шинэ хувьсгал”-ын тухай их ярилаа. Н.Энхбаяр нь МАН хэмээн нэрээ сольсон МАХН-ынхаа хуучин буурийг сахиж, их хурлаа хийж, намынхаа нэрийг дээд шүүхэд бүртгүүлэх гээд гацчихсан. Гэхдээ тэд саяхан улс төрийн жижиг намууд, иргэний хөдөлгөөнийхөнтэй нийлэн  шинэчлэлийн тухай хэлэлцүүлэг хийхдээ ч “Хувьсгал”-ынхаа тухай л ярив. 2008 оны УИХ-ын сонгууль луйвар болсон тул өнөөгийн төр, засаг хууль бус гэх хүн ч цөөнгүй. Ялангуяа хамтарсан Засгийн газар бол бүр ч хууль бус гэж тэд хатуухан шүүмжиллээ. Ардчилсан хувьсгалын анхдагчид гэгддэг Нинж, өмгөөлөгч Ч.Энхээ мэтийн хүмүүс Н.Энхбаярын МАХН-д нэгдэж, араасаа хэсэг “партизануудаа” дагуулжээ. Нийтдээ 18 орчим иргэний хөдөлгөөн, холбоо М.Энхсайхан, Н.Энхбаяр нарыг тойрон бүчиж “Шинэ хувьсгал” гэдэг үгийг тоть шиг давтаж байна. М.Энхсайхан одоо “Хувьсгалын дараах төр, засгийн тогтолцоо, хөгжлийн ерөнхий бодлого” гэгчийгээ боловсруулаад тун завгүй сууж байгаа гэнэ. Ийнхүү өнөө хаврын синдром “Шинэ хувьгал”-аар амьсгалж эхлэв. Чухамдаа яаж хийх, ямар үр дүн авчрах хувьсгал вэ? Гайтай 2008 оны 7 сарын 1-ний өдрийн аллага, цус нулимс давтагдах уу? Энэ мэтийг эрэгцүүлсэн зарим давчуухан дотортой хүмүүсийн зүрх лугшиж эхлэв. Ядаж байтал ардчилсан хувьсгалын партизануудын нэг, лам Баасан учир битүүлгээр өөд болчихлоо. Түүнд хор өгч хөнөөсөн бололтой. Талийгаачийг оршуулах үеэр эмч, найз нөхөд нь цогцсыг нь хартал хуруунуудынх нь үзүүр харласан, нүүрэн дээгүүр нь хар толбонууд тогтсон байж гэнэ. Талийгаач 1990 оны ардчилсан хувьсгалын дараахан МАН-ыг байгуулж, хожим МАХН-д намаа нэгтгээд, МАН-ынхаа хүндэт дарга гэсэн өргөмжлөл хүртсэн тухайгаа их л бахдалтайгаар ярьж явсаар тийнхүү бурхан болжээ. Гэр бүлийнхэн нь Нинжид баахан гомдолтой, аллагыг ямар нэг байдлаар мэдэж байсан байж магадгүй гэж байна. Тэгвэл учир битүүлэг энэ аллага “хувьсгалын” шалтаг, шалтгаан болох уу? Арай үгүй байх. М.Энхсайханыхаар бол өнөөгийн төр, засаг хууль бусаар оршин тогтнож байгаа тул УИХ, Засгийн газрыг иргэдийн хүчтэй шаардлага, шахалтаар тараахаас “Хувьсгал” эхлэх бололтой. Саяхан түүний командын хэсэг “тэмцэгчид” ирэх 4 дүгээр сарын 22-нд “Бүх ард түмний их хуралдай”-г зарлан хуралдуулах болсноо мэдэгдлээ. Энэ хуралдайд бүх аймаг сумаас иргэдийг урьж оролцуулах ажээ. Тэгэхдээ сумын баг бүрээс нэг хүн заавал ирүүлэхээр ярилцаж байгаа гэнэ. “Хувьсгалчид”-ын зарим нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, зардал чирэгдэл ихтэй, мөнгө муутай байгаа гэхэд Н.Энхбаярын зүгээс энэхүү шалтгийг тас цохиж, “Баг бүрээс хүн ирүүлэх” лүндэн буулгасан сурагтай. Гэтэл түрүүчээсээ таагүй мэдээ тэдэнд сонсогдов. Юу гэвэл зарим сумын багт бүртгэлтэй иргэд бараг цөмөөрөө МАН-д дагаад орчихсон дуулдана. Тэгээд ч хаврын тарчиг цаг, мал төллөж буй үеэр хотыг зорин ирэх завтай хүн ховор бололтой. За, энэ ч яахав. Тийм хүнд асуудал биш, хотод байгаа ажилгүйчүүд хангалттай гэж саная. Харин хуралдайгаас өнөөгийн төр, засаг руу хийх хамгийн гол цохилтын сэдэв юу байх бол гээд лавлаад явтал юун түрүүнд Монголд огт ашиггүй хийгдсэн Оюу толгойн гэрээ аж. Мөн сонгуулийн амлалт буюу иргэн бүрд олгох 1 сая 500 мянган төгрөг. Үүнийгээ хэдэн хэсэг хуваасаар энэ оны эцэст үлдсэнийг нь олгох боломжгүй болж байгаа нь хууран мэхлэлт гэж үзжээ. Авлига хээл хахууль гаарч буй нь ч тэдний хувьгалын галыг улам бадруулах юм байна. Сонгуулийн луйвраас үүдэлтэй “7 сарын 1” гэдэг хар өдрийн явдалд УИХ-аас улс төрийн дүгнэлт одоо болтол хийгээгүй, хоригдсон цагдаа, иргэдийн асуудал, үймээн самууны үеэр 5 хүний амийг хороох тушаал өгсөн эздийг тодруулж хариуцлага тооцох зэрэг нь “хувьсгалчдын” дараагийн том зүйл болох бололтой. Тиймээс ч Н.Энхбаяр “Тухайн үед онц байдал зарлах талаар С.Баяр удаа дараа надад шахаж шаардаж, хууль бус, ёс зүйгүй үйлдлүүдийг олон хийсэн” хэмээн мэдэгдэж байна.
“Хувьсгалчдыг” сөрж УИХ, Засгийн газар мөчөөгөө өгөхгүйг хичээх нь гарцаагүй. “Хувьсгалчид” шаардлага биелүүлсэнгүй хэмээн улигт өлсгөлөнгөө зохион байгуулна. “Партизан” Нинж энэ ажилд биеэр үлгэрлэх төлөвтэй. Хэд хоног өлсөж суухыг бүү мэд. Эцэст нь эрх баригчид нээнтэг ихтэй тул хэлэлцээний ширээний ард сууна. Үндсэн хуулиа өөрчлөхөөс бүгдийг эхлэнэ хэмээнэ.   
Энэ мэтээр “Шинэ хувьсгал” гэж ярьж, мөрөөдөж, оролдож болох ч бас бодмоор юм байна аа. Харийнхны эдийн засгийн боолчлол буюу  “Эдийн засгийн алуурчид” дотоодын иймэрхүү бужигнааныг “хөөрхөөн” ашиглана. Ийм гашуун түүх мундахгүй их. 1960-аад онд Нигерт болсон явдал одоо ч саяхных мэт. “Шударга ёсны төлөө” гэсэн уриатай баахан иргэний хөдөлгөөнүүдтэйгээ Засгийн газар нь нийлээд 140 гаруй лиценз, хамаг баялгаа хуваагаад залгичихсан.
Айн Рэндийн “Зөвшилцлийн засаг бол шинэ фашизм” гэснийг саная. Өнөөгийнх шиг ийм “Шинэ фашизм”-ыг дахин төрүүлэхгүйн тулд Үндсэн хууль, бусад навсайсан хэдэн хуулиа шинэчлэхэд ухаалаг иргэдээ өргөн оролцуулах нь хувьсгал хийхээс арай дээр байж мэднэ. Хувьсгалчдын хувьд найруулсан кино нь “АЗ ЖАРГАЛТАЙ” төгсөж, Хувьсгал өөрөө ялагчгүй үлдэж, ядуу иргэд улам шаналдаг сургамжийг бид бодох ёстой. Ард түмнээс минь хувьсгалын цунами холуур өнгөрөх болтугай.
Б.Отгонбаяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top