Ирэх онд шинэ Үндсэн хууль баталсаны 20 жилийн ой тохионо. Уг ойд зориулж бүтээсэн “Хөх толбот хүмүүс” кино Монгол дахь нээлтээ Төрийн ордонд хийх гэж байгаа ажээ. Францын нийслэл Парис хотын “Escape Landowski Cinema D’art Et D’essai” театрт анхны нээлтээ хийсэн дээрх кинонд Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрээр олонд танигдсан жүжигчин Т.Эрдэнэбаяр, “Авьяаслаг Хятадууд” наадмын III байрын шагналт Сунам-Уудам , МУГЖ Л.Дагийранз, “Сэргийлэхийн дуудлага 110” кинонд тоглосон Германы жүжигчин Яков Клаке, DOZ entertainment”-ийн жүжигчин А.Мөнгөнзул, УДЭТ-ын залуу жүжигчин П.Баттөр зэрэг олон авьяастнууд тогложээ. Долоон улсын хар, шар нийлсэн олон жүжигчид оролцон тоглосон уг киноны ерөнхий найруулагчаар “DOZ entertainment”-ийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн, зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат, зөвлөхөөр герман найруулагч Вейт зэрэг уран бүтээлчид хамтран ажилласан байна. “DOZ entertainment” студийнхэн “Хөх толбот хүмүүс” киноны зураг авалтаа өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн бөгөөд киноны 20 орчим хувийн зургийг Төв аймгийн Молцог элс, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Говь шанх-4” наадмын үеэр очиж авсан байна. Харин өнгөрсөн наймдугаар сард киноныхоо 80 орчим хувийн зураг авалтыг ХБНГУ-ын нийслэл Берлин хот, Францын нийслэл Парис хотноо амжилттай авч дуусгасан ажээ. “Хөх толбот хүмүүс” кино нэгдүгээр сарын 6-нд Төрийн ордонд нээлтээ хийснийхээ дараа “Тэнгис”, “Өргөө” кино театруудад гарах бөгөөд энэ киног Монгол хүн бүрт зориулж бүтээсэн гэнэ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )