Монгол улс “бөө улс” болох уу

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29


    2012 онд тэнгэрийн дуудлагаар  20 мянган бөө төрнө  хэмээн манайхан шуугилдаж байна. Ерөнхийдөө Монголын ихэнх айлд бүр тодруулбал  10 айлын нэгд нь бөө төрсөн гэхэд хилсдэхгүй.  Зовлонд учирсан  хүмүүс, дээрээс нь бурхан тэнгэр харж буйг  гэнэт санаж,  үздэг хардаг хүнийг хайж гүйсээр очиход урдаас нь “танайд нэг   угтай    хүн байна, тэр чинь л  онгод тэнгэрээ авчихвал сайн сайхан явна эсвэл ...” хэмээн  сэтгэл санаагаар дарамталж,  яахав, надад төчнөөн төгрөг  өгвөл аргалж болох  юм гэхэд  нөгөөх нь арга буюу  дор хаяад нэг сая төгрөг өгч  гай барцдаасаа салдаг болжээ. Эс зөвшөөрсөн нэгнийг  дахин ирэхээс өөр аргагүй болгодог гэх яриа ч бий. Өөрөө өчнөөн мөнгө төлж бөө болсон хүн чинь дээрх аргаар дахин шинэ  бөө төрүүлж шархаа нөхдөг “бөөгийн сүлжээ” Монголд ийнхүү үүсээд байна. Угаас ажил хийх дургүй зарим хүмүүст зүгээр суугаад мөнгө олох сайхан боломж  хүмүүсийн мухар сүсгээр дамжин ингэж нээгдэх боллоо.    Сүүлийн жилүүдэд бөөгийн онгод тэнгэр урлаг соёлынхныг илүүтэй нэрвэж байна.   МУГЖ С.Жавхлан, МУГЖ  Т.Ариунаа, “Зууны манлай” дуучин  Б.Сарантуяа, СТА дуучин Х.Лхагвасүрэн, “Маск” продакшны жүжигчин Ганзориг, мөн СТА жүжигчин Г.Эрдэнэтогтох, “Ice top”  хамтлагийн залуус  гээд л орчин цагийн “Тив тэнгэрүүд” цуварч өгнө дөө.   За даа, энэ байдлаараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёроос бусад нь бүгдээрээ бөө болох шинжтэй. Ерөөсөө улсынхаа нэрийг өөрчлөөд “Бөө улс” гээд нэрлэчихвэл яасан юм бэ. Мэдээж жинхэнэ онгод тэнгэртэй сайн бөө байлгүй яахав.  Гэхдээ “сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр Монголын өвөг дээдсийн шүтэж ирсэн энэхүү зан үйлийн нэрээр хүний зовлон дээр  хөлжинө гэдэг нүгэлтэй хэрэг бус уу
Д.Жаргалсайхан. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top