Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 15

Боловсролын шинэчлэл, шинэ стандарттай уялдуулан боловсролын салбарт ажиллагсдын мэргэжлийг дээшлүүлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг өргөж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалт давтан сургалтын тогтолцоог боловсронгуй болгох зохицуулалтыг хийх Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хувьд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, Д.Очирбат, Д.Одбаяр, С.Эрдэнэ, П.Алтангэрэл нарын боловсруулсан хуулийн төслийг дэмжиж байгаа юм.

УИХ-ын эдгээр гишүүд  Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өнөөдөр өргөн барилаа. Боловсролын байгууллагад ажиллагсдыг 5 жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах албан тушаалтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутам дээшлүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Уг хуулийн төсөл батлагдвал сум, тосгон, багийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, номын санч, сургуулийн эмчид хөдөө суманд тогтвор суурьшилтай ажилласны 5 жил тутамд нэг удаа зургаан сартай тэнцэх тэтгэмжийг өөрийн ажиллаж байгаа байгууллаас олгоно.      

Мөн бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш болон одоо мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд тэтгэвэрт гарахад нь 24 сар, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан ба түүнээс дээш ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхийг тусгаснаар төрийн албан хаагчдын тэтгэмжийн ялгавартай байдлыг арилгана гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хүлээж аваад Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцэх болно гэдгээ хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top