Өгүүллэг: Би эмэгтэй хүнд дуртай

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 17

Бурханы авралаар би эмэгтэй хүнд дуртай. Тэд ойлгомжгүй байх тусам гайхамшигтай санагддаг. Тарган туранхай, өндөр нам, мисс юм уу цэвэрлэгч хийдэг нь хамаа алга. Эмэгтэй хүн л бол би тэднийг хайрладаг.

Яагаад гэвэл би эрэгтэй хүн. Бурхан эр эм гэж хоёр эсрэг хүйс заяасан учир нөгөө хүйснийхнээ хайрлахгүй бол яах гэж хүн тэр тусмаа эрэгтэй хүн болж төрөх юм бэ? Бас хорчин, худалч, хулгайч юу ч бай, нөгөө бол биеэ үнэлэгч, эсбөгөөс нөхрөө эзгүйчилдэг ч бай хамаа алга. Тэдэнд бидний хийж чадахгүй амьдрал ургуулах ид шид бий учир нөхдүүд минь тэдний өмнө бөхөлзөх нь зүйтэй.

Ингэхэд би хэдийнээс эсрэг хүйсээ сонирхож эхлэв. 3-р ангид байхаа.  Манай ангид Налайхаас хэдэн хүүхэд шилжиж ирсэний дотор Амартүвшин гэдэг нэг их урт гэзэгтэй хацран дээрээ мэнгэтэй охин байлаа. Хайр дурлал гэж юу болох тухай мэдэхгүй ч гэлээ тэр яагаад ч юм надад маш их таалагдсан.

Анх удаа би эсрэг хүйсний хүнээ сонирхсон минь тэр.

Миний таньж мэддэг ангийн болон байрны охидуудаас их л өөр зүгийн амьтан мэт санагдаж байсан. Бодлыг минь уншсан мэт багш хажууд суулгаж, би эмээгийнхээ өглөө өгсөн ганц ширхэг чихрийг түүнд өгч билээ. Тэр үед чихэр ховор бараа байсан юм шүү дүү нар минь.

Даанч манай ангийн Нандиа гэдэг хамгийн аманцар ховч охин харчихаад ангиар нэг тараав аа…Арман шинэ ирсэн охинд чихэр өгсөн гээд л…Манай ангийн охидууд муухай хараад л, банди нар аан энэ тэгвэл чиний авгай гэлцэн нүүр хийх газаргүй болгов. Би хичнээн эсэргүүцээд тэд тэр охиныг миний авгай гэж нэрлэхээ больсонгүй. Тэгтэл нэг нь сонин санаа гаргав.

Арман чихэр өгсөн охиноо өөрөө зодох ёстой гэж…

Зодно гэхээр аймаар балбана гэсэн үг биш л дээ. Ямар ч байсан цохих ёстой байлаа. Манай ангийн хөвгүүд тэр тэнэг санааг дэмжлээ. Би авгайтай гэдэг нэрнээс салахын тулд юу ч хийхээс буцахгүй байв. Хэдий тэр охиныг өрөвдөж байсан ч, тэр надад маш их таалагдаж байсан ч би тэр охин руу очоод хөл рүү нь өшиглөж билээ.

Тэр миний эмэгтэй хүнд гар хүрсэн анхны бөгөөд эцсийн хуншгүй тохиолдол байсан юм.

Тун ч удалгүй манайх байранд орж, би өөр сургууль руу шилжсэн. Гэхдээ л би харамсаад байлаа. Бодоод л яваад байлаа. Яасан муухай юм хийв дээ гэж…Одоо хүртэл тэр тухай боддог. Хэрэв тэр хаа нэгтээ амьд мэнд байдаг бол уулзаж уучлал гуйх юмсан. Түүнээс хойш маш олон жил өнгөрч, олон ч үйл явдал болж, амьдралд минь сайн муу олон бүсгүй зөрж өнгөрлөө.

Ажил дээрээ  ч юм уу амраг хайрын асуудлаас болж, аргаа баран цохиод авмаар санагдаж байсан үе таарсан ч, би гаднах нь хачин байдалтай байгаа ч дотоод мөн чанар нь гайхамшигтай эмэгтэй хүний өөдөөс нударгаа зангидаж чадахгүй юм билээ. Тэгсэнд орвол наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийн хоол нь буцалж байгаа тогоотой зуухыг гүйж очоод өшиглөөд хаясан нь дээр…

Хамгийн анхны Эр хүн бүсгүйгээ галзуу зэрлэг араатнаас хамгаалах гээд ч юм уу, эсвэл тэр хүүхнийг өөрийн болгохын тулд юу ч хийхээс буцахгүй болтлоо галзуурчихсан ирээдүйн нөхрийнх нь гарт амиа алдсан байх даа.

Тиймээ би эмэгтэй хүнд дуртай. Гудамжинд эмэгтэй хүн цохиж байгаа хоёр гурван нөхөртэй нударга зөрүүлэв. Даанч нөгөө өмөөрсөн хүүхэн маань нөхөртэйгээ нийлэн над руу дайраад жоохон тиймхэн юм болно гээч. Бүгд л тэгдэг. Хөөрхийс гэртээ хэзээ нэгэн цагт харихаас хойш нөхрөөсөө айдаг байх л даа. Аягүй бол нөгөө нөхөр нь сайхан өлгөж аваад надаар далимдуулан дахиж балбах биз…

Бүсгүйчүүд бидэнд зодуулахын тулд биш биднийг зодолдуулахын төлөө төрсөн юм шүү л гэж хэлэх гээд дэвэн дэлхийгээр нисэв ээ…Эрчүүд ээ, гар чинь загатнаад байвал бокс гэж нэг гоё спорт байдаг юм шүү дээ. Олимпийн аварга болчих ч юм бил үү?

А.Арман

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top