Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тус газрын хамт олон түүхт ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх олон арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь дурсгалын марк хэвлүүлэх байлаа. Шуудангийн маркны нээлт 2011 оны 12 дугаар сарын 17-ны бямба гаригт Төрийн ордонд боллоо.
Засгийн газар, түүний ажлын алба нь Засгийн газрын ордонд үйл ажиллагаагаа явуулдаг, Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохын хувьд Төрийн далбаа болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бэлгэдлийн дүрслэлийг шуудангийн маркны гол агуулгад тусгажээ. Тус газар нь Засгийн газрын тамгыг хадгалдаг, мөн тамганы хэлбэр, бичээс нь цаг хугацааны болон тухайн үеийн онцлогийг харуулсан түүхийн ховор баримтад хамаардаг учраас үе үеийн тамганы дардсаас сонгож марканд оруулсан байна.
Дурсгалын маркийг шуурхай хэвлүүлж, ёслолын арга хэмжээг хамтран зохион байгуулсан “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийнханд болон богино хугацаанд судалгаа хийж, маркийн загварыг боловсруулсан Хэрэг эрхлэх газрынхаа ажилтнуудад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар баяр хүргэлээ гэж Засгийн газрын Хэвлэл Мэдээлллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )