Шүлэг: Шинэ жилийн баяраар

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 17

Алсын уулнаас жихүүн салхи сэвэгнээд л
Арван хоёрдугаар сарын гучин нэгэнд би хонинд явж байна
Эгэл малчинд энэ нь жирийн л хэрэг атал
Их хотын хархүү надад сонин мэдрэмж төрнө

Анд нар минь өдийд сүлд модоо тойрон суугаад
Агаар тэнгэрт өнгө өнгийн гэрлэн цэцэг харваж
Амсар халих оргилуун дарстай хундагаа харшуулж
Ая дуугаа өргөн баярын танго бүжиж байгаа биз ээ
Шивээн толгой бөхийлгөн жаргалтай салхи сэвэлзээд л
Шинэ жилийн баяраар би хонинд явж байна
Олон олон малчинд энэ нь ердийн л хэрэг байтал
Орон хотод өссөн надад содон мэдрэмж төрнө

Гэрийнхэн маань одоо баярын бялуу таллаж
Гэрэлтэй шөнийн тэнгэр дор дуу аялан алхаж
Шинэхэн цас, мөнгөн саа гялалзуулан
Шинэ жилийн вальс эргэж байгаа биз ээ

Ажин түжин Луузангийн өвөлжөө нам гүм
Арын уулын хүйтэн жаварт цантан
Хашин морь, үстэй дээл, эсгий гуталтай
Харих оны сүүлчийн өдөр би хонь хариулж явна аа

Луузангийн өвөлжөө 2006

Дорж-Юндэнгийн Болдхуяг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.229.120.185) 2019 оны 02 сарын 16

Хайгаад ололдоо

0  |  0
Top