Үндэсний эв эе эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооноос "Охид эмэгтэйчүүдийг архи, тамхи, мансууруулах бодисоос хамгаалах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгийн үеэр Монголын эмэгтэйчүүд хүүхдийн мансуурлын эсрэг нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Р. Одончимэгтэй ярилцлаа. Хүний их эмч, төрийн захиргааны менежер мэргэжилтэй тэрээр нэгэн үе архинд донтох өвчинд нэрвэгдэж явсан ч өдгөө архинаас бүрэн татгалзаж өөр шигээ алдаж эндэж яваа эмэгтэйчүүдэд туслахыг гол зорилгоо болгон реалити шоунд оролцож байгаа юм.
- Танайд хандаж байгаа эмэгтэйчүүд хэд орчим насныхан вэ?
- Архидалтад насны хязгаар, эрт орой гэж байдаггүй. 18-тай охин ч байна, 60-70 настай хүн ч байна. Манайх үйл ажиллагаагаа явуулахдаа нээлттэй зарчим баримталдаг. Манай нийгэмлэгт архины асуудлаа шийдээд 5-12 жил болж байгаа 50 гаруй эмэгтэйчүүд ажилладаг.
Архинаас гарах арга их олон. Ямар аргаар энэ хүн гарчих вэ гэдэг гарцыг нь сайн зааж өгөх хэрэгтэй.
- Таныг реалити шоунд оролцож байгаа гэсэн?
-Би 2009 онд Төрийн удирдлагын сургууль төгсөхдөө 34 настай анх удаа архи амсч үзсэн. Түүнээс өмнө нь архи ууж байгаагүй. Төрийн удирдлага төгссөнөөс хойш би, зургаан сар тасралтгүй архи уусан. Дунд нь 10 хоног эмчилгээ хийлгэчихээд, үзүүлээгүй бөө мөргөл, лам хувраг, хэвтээгүй хувийн эмнэлэг бараг үлдээгүй гэхэд болно. Зургаан сарынхаа сүүлийн хоёр сарын хугацаанд би архинд гүнзгий орсон. Өдөр, өглөө, орой бүр дунд нь хоёр цаг унтсан болдог. Тэгтлээ ууж байсан. Ингэж ууж явахдаа сүүлийн хоёр сар нь гэр орныхондоо хүчрэгдээгүй. 2009 оноос зургаан сар уугаад 2010,2011 онд асуудлаа шийдсэн дээ. Одоо бол уухгүй. Яагаад реалити шоунд орох болсон гэвэл: Би ганцаараа Монголд архи ууж байсан эмэгтэй биш ш дээ. Миний ард архины асуудлаа шийдээд 7-10 жил болчихсон олон хүүхэн байгаа. Энэ хүүхнүүд маань би архичин байсан, өнөөдөр уухаа больчихсон гээд яагаад гарч ирэхгүй байна вэ гэвэл тогтолцоо байдаггүй. Энэ чинь архичин байсан. Үүгээр яах вэ гээд үр удам, гэр бүл, нийгэм бүгд нөгөө хүний эсрэг болчихдог. Ууж байгаад больчихсон нэг эмэгтэй шинээр ажилд орлоо гэхэд “Намайг архичин байсныг хамт олон мэдчих вий” гэсэн айдас түгшүүр их байдаг учраас реалити шоунд зориглож ордоггүй юм байна лээ. Би бол асуудлаа шийдчихсэн, ажилтай, амьдралтай, нийгэмд тодорхой байр суурь эзэлчихсэн хүн.
Архи ууж явах үедээ би ичээгүй. Архи ууж явахдаа хүнээс мөнгө гуйж явснаа ч мэдэхгүй ш дээ. Тасарсан байсан юм чинь, хүнийг яаж хулхидаж байсан, яаж худлаа ярьж байсан, эрхбиш хулгай хийгээгүй, тэрнээс бусдыг хийж л байсан. Энэ үедээ ичээгүй байж, өнөөдөр архины асуудлаа шийдээд, ийм сайхан явж байж уралдаан тэмцээнд эрчүүдтэй эн зэрэгцэж яагаад орж болдоггүй юм бэ. TM телевизийн “Эрүүл идэвхтэй амьдрал” реалити шоунд орж байгаа. Энд асуудлаа шийдчихсэн есөн залуутай ганцаараа өрсөлдөж байгаа. Дөрвөн залуу хасагдаж зургаан залуутай хамт үлдсэн. Ялах ялагдахдаа гол нь биш, өнөөдөр маш олон залуу бүсгүй, хүүхнүүд маань архины асуудлаа шийдчих юмсан гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр надаас үлгэр аваад олон эмэгтэй хүн энэ асуудлаа шийдээсэй гэсэндээ энэ шоунд орж байгаа.
-Та юунаас болоод гэнэт архи уух болов?
- Би багаасаа юунд ч санаа зовох шаардлагагүй тансаг амьдрал дунд өссөн хүн. Чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө нийлж бүжиглэх гэж баар цэнгээний газраар орохдоо ундаа голдуу л уудаг байсан. Нас тогтоод 34 хүрлээ. Миний найзууд бага багаар архи уугаад олон жил болсон байсан. Ер нь энэ хүмүүс олон жил архи уугаад зүгээр л байна. Би ер нь нэг уугаад үзье , хэтрүүлэн хэрэглэхгүй тохируулаад уугаад байхад болдог юм байна гэж бодож анх уусан.
Архи ууна гэдэг хоёр шалтгаантай. Нэн ядуу амьдралтай, зорилгогүй, маргааш босоход л мөнгө, идэх хоол байхгүй, хэн нэгнээс хараат, түлээ нүүрснийхээ мөнгийг яая даа гэж арай ядан амьдралаа өнгөрөөдөг хүмүүс байдаг. Тэр хүмүүс уудаг. Эсвэл бүх хэрэглээ нь бүрдчихсэн, тансаг хүмүүс уудаг . Судалгаагаар ингэж гарсан. Би тансаг архичин нь байсан. Миний амьдралд бүх юм бэлэн. Би томоохон эмнэлэгт түргэний эмчээр ажиллаж байсан. Нэрийг нь хэлээд яахав. Намайг архичин болсныг одоо хүртэл мэддэггүй л дээ. Яагаад гэвэл би ажлын цагаар архи уудаггүй байсан. Би дөрөв хоног амраад нэг өдөр ажилдаа гардаг. Тийм учраас дөрвөн өдөр өнжихөөрөө л архиа уучихдаг. Ажлынхаа өдөр уудаггүй ийм л архичин байсан. Цалингаа авчихна. Гэрт очно. Мөнгөө зарцуулах шаардлага байхгүй. Бүх юм бэлэн. Тэгээд хэн найз нөхөд завтай, боломжтой байна. Тэр рүү утасдаад “Хоёулаа өнөө орой нэг сайхан ярьж сууя” гэж бага багаар уусаад байгаад архичин болсон доо.
Тэгж уусаар байгаад би бүүр сүүлдээ гэр орондоо очихоо больсон.
-Та гэр бүлтэй биз дээ?
-Би хоёр хүүтэй. Гэр бүлтэй гэж ярихад хэцүү л дээ. Эр хүний хувьд архичин эхнэртэй байсан гэхээсээ ичсэн хэрэг. Реалити шоунд орсноосоо хойш ганц биеэрээ амьдарч байна. Тэр хүн хэзээ ойлгож над дээр буцаад ирэхийг мэдэхгүй.
-Салах болсон шалтгаан нь архи уусантай чинь холбоотой юу?
-Намайг ууж явахад хамт амьдардаг л байсан. Харин архичин байснаа ярьж, бусдын сайн сайхны төлөө юм хийе гэхэд “Монголд чи ганцаараа архичин нь биш. Чамаас өөр хүмүүс яагаад ярьж болохгүй гэж. Үнэхээр энэ шийдвэрээсээ буцахгүй гэвэл чи сонголтоороо, би сонголтоороо гэсэн. Архи уудаг байснаа нийтэд зарлачихаар хүлээж авах нийгмийн орчин байдаггүй болохоор тэр хүнд хэцүү л байдаг байлгүй.
-Таныг архи ууж байхад салаагүй. Харин архины асуудлаа шийдээд эмэгтэйчүүдэд үлгэрлэх үед нэр нүүрээ бодож ичсэний улмаас хөндийрсөн гэсэн үг үү?
-Тийм. Гэртээ ууж байгаа үед түүний эхнэр архи ууж байна гэж хүмүүс хэлэх нь ховор. Орой үдэш энд тэнд уугаад байгаа хүнийг чинь хүмүүс барагтай мэдэхгүй. Өнөөдөр зурагтаар ч юм уу, нэвтрүүлгээр ингээд гарахад “Өө нөгөө, түүний авгай архичин байж байгаад засраад гарчихсан юм байна” гэж хүлээж авна. Тийм тохиолдолд намайг архи уугаад байхаар нь салчихсан гэвэл арай нэрэнд нь цэвэр гэж бодсон байх. Миний хувьд архи уухаас өмнө 2007 онд танилцаад хамт амьдарч байсан хамтран амьдрагч байгаа юм. Миний албан ёсны нөхөр залуу насандаа амьдралаа сонгоод явчихсан. Над руу утасдаад “Хоёр хүүхдээ бодсонгүй. Чи ганцаараа ийм асуудалтай биш” гэж хэлдэг л дээ. Намайг асуудлаа шийдээд байхад ингэж байгаа юм чинь, миний ард байгаа олон эмэгтэй хүмүүст сэтгэлийн дарамт их л байдаг байх. Би гайхамшигтай эгч нартай. Тэд маань нэлээн том ажил хийж байна. Эгч дүү нар, миний өөрийн хамаатан садан намайг дэмжиж байгаа. Чи алдаж явсан юм чинь одоо онож яваагаа хүмүүст яривал болно ш дээ гэдэг.
- Нэг талаар гэр бүлээ золиослон байж шоунд орж байгаа юм байна. Үүний гол зорилго нь юу вэ?
- Тийм ээ. Хэрвээ чи реалити шоунд орвол гэр бүл хоёр тийшээ болно шүү гэж хэлж байсан. Тэгэхэд нь би “Би өнөөдөр ганцаараа үнэтэй машин унаад, сайхан байранд амьдраад, гоё хувцаслаад явж болно. Над шиг ийм хөөрхийлөлтэй байдалд хүрээд архичин болчихсон олон эмэгтэй байна. Би яагаад эдэнд хүн амьдралдаа алдсан ч архинаас гарч чадвал амьдрал ингээд сайхан болчихож болдог юм. Та нар ч гэсэн надтай адилхан архинаас гараад сайхан амьдар л даа” гэж уриалж болохгүй гэж. Өөрийнхөө архи уудаг байснаа зарлахгүйгээр сайхан яриад байж болно л доо. Сайхан ярихад хүн итгэхгүй.
-Та ууж байхдаа архины мөнгөө яаж олдог байв ?
-Гэрийнхээ мөнгө санхүүг бүрдүүлдэг болохоор эрэгтэй хүн өөрөө мөнгөө олж уудаг. Эмэгтэй хүн мөнгөө үрж уудаг. Сүүлдээ би гэрийнхээ эд хогшлыг, өнгөтэй өөдтэй гялайх цайх юмнаасаа эхлээд хувцас хунараа хүртэл зарж ууж байсан.
- Ажлаа хийж байсан уу?
- Үгүй, сүүлийн хоёр сар огт хийгээгүй, архи ууж ажлаа тасалсаар байгаад гарчихсан. Тэгээд ч өдөр бүр уугаад ирэхээр архи л бодогдоно уу гэхээс ажил маань бодогдохоо байчихдаг. Тэр үед миний эрхэм зорилго архи болчихсон байсан.
- Голдуу ямар архи уудаг байв?
- 27-28 мянган төгрөгийн архинаас эхлээд хамгийн сүүлд дордоод 5600-гийн архи ууж байсан. 2500, 1000-ын архи ууж байгаагүй . Би архинд их хурдан орсон, айхавтар хурдан донтсон. Магадгүй жил уусан бол би яг өвгөнтөд очих байсан байх. Би зургаахан сарын дотор архинд живсэн.
-Алдаж эндсэн ч архинаас татгалзаад, бусдыг ухааруулах ажлыг хийж байгаа чинь бахархалтай байна. Архинаас гарахад юу нөлөөлөв, яг гарах шалтгаан юу байв?
- Би архи уусныхаа амиа алдах шахсан. Үүнээс л ухаарсан даа.
Болъё гэж бодоод гэрийнхнээ гуйсан л даа. Би архинаас гаръя, үнэн ухаарлаа гэхэд урьд зөндөө хулхидаад, худлаа яриад, бараг Монголын бүх эмнэлгийг хэсчихсэн хүнд юу яриад байгаа юм гээд итгээгүй. Үнэхээр их гуйж, чармайсны дүнд эгч нар маань боломж олгосон доо. Миний эгч нар надтай хамт амьдарч байсан залуутай ярилцаад үнэхээр энэ архинаас гарах юм болов уу гэсэн. Тэгэхдээ тэд “Хүнд хүрд эргүүлэх боломж ганцхан олддог, чи хорь дахин эргүүлчихсэн шүү. Үүнээс хойш хазайх юм бол найз нөхөд, гэр бүл, эгч нар байхгүй гэдгийг санаарай. Энэ эцсийнх шүү “гэдгийг хатуу хэлсэн дээ. Хүн ер нь амиа алдах дээрээ тулах , бие эрхтэнээсээ салах ч юм уу, ямар нэг хэцүү байдалд орсныхоо дараа ухаардаг юм байна лээ.
- Одоо уумаар санагдах үе гардаг уу, тэр үедээ яаж тэвчдэг вэ?
- Унтаж байхдаа олон архи өрчихсөн лангуун дээр очоод архи уугаад байна гэж зүүдлэх ч юм уу. Сэрээд би чинь нээрээ архи уугаагүй байна ш дээ гэж биеэ барьж хүртэл үзэж байсан.
- Охид бүсгүйчүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?
- Хүн өөрөө урлагийн гайхамшигт бүтээлүүд хийдэг. Архи хүний бүтээл биш. Бидний өвөг дээдэс сармагчнаас үүсэлтэй гэдэг. Архи сармагчны л бүтээл. Аливаа тэмдэглэлт баяр ёслолыг архигүй тэмдэглэх, айлд зочлохдоо ч архи амсахгүй байгаасай.
Ярилцсан Г.Оюун.
Сэтгэгдэл ( 0 )