“Урт нэртэй” гэгддэг хуулийн талаар гарсан зөвлөмжийг хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 21

Засгийн газрын хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Гурван талт Үндэсний хорооноос зөвлөмж гаргасан байна.

 

Зөвлөмжийг тус хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

 

Үүнтэй холбогдуулан Үндэсний хорооноос гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авах, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан байна.

Зөвлөмжид:

  • Засгийн газрын тогтоолын дагуу гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт алтны шороон орд ашиглах зорилгоор олгосон тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлт, уурхайн хаалт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагааг зогсоохыг тууштай хэрэгжүүлэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгах, нөхөн сэргээлт хийхээс зайлсхийсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг Ашигт малтмалын газарт даалгах
  • “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд заасны дагуу дээрх газрын хилийн заагийг иж бүрэн тогтоож, Засгийн газраар батлуулах арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд чиглэл болгох
  • Хилийн заагт ороогүй орхигдсон алтны шороон ордын тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг холбогдох яамдад даалгах
  • Дээрх газартай давхцаж байгаа алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээх ажлын зардлыг тогтоох ажилд хяналт, мониторинг хийхэд иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулах
  • Хуулийг тодорхой үе шат, хугацаанд бодитой хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд нарт даалгах
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөн олговроос суутгах байгаль орчны хохирол, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, тэдгээрт нөхөн олговор олгохгүй байх нөхцлийг тогтоож, нөхөн олговрын хэмжээг эцэслэн баталгаажуулахаар Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газрынхан бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгааг Гурван талт Үндэсний хороо дэмжиж байгааг тусгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top