Нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтад экспортын 5 хувийн татвар ногдуулахыг дэмжсэнгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 21

Засгийн газрын хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ.

 

Төсөлд нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтын үнэлгээнээс нь тооцож экспортын гаалийн татварыг 5 хувиар ногдуулж байхаар тусгасан байна.

 

Аж ахуйн нэгжүүд аж ахуйн нэгжийн орлогын, нэмэгдсэн өртгийн, ашигт малтмалын нөөц ашигласны, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр зэрэгт татвар төлдөг.

 

Нүүрсний компаниудын хувьд татварын хувь хэмжээ 37-40 хувь хүрч эдгээр татвар, төлбөр дээр экспортын татвар нэмж ногдуулах нь татварын ачаалал хэт өндөр болно гэж Засгийн газар үзэж байна.

 

Мөн эдийн засгийн тэргүүлэх салбар болсон уул уурхайн салбарын татварын дарамтыг нэмэх нь хөгжлийг сааруулж, хөрөнгө оруулалтыг хязгаарлах сөрөг нөлөөтэй. Иймээс хуулийн төслийг Гаалийн тарифын зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох мэргэжлийн холбоодын санал, дүгнэлтийг авч эцэслэн боловсруулах шаардлагатай гэж үзлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top