Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, продюссер, дуучин Б.Чинбатыг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урилаа. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт Төрийн ордонд “Хаан хууртай харшийн шинэ жил” тоглолтоо хийсэн билээ.
-Төрийн ордонд тоглолтоо хийсэн. Тоглолт ямархуу болж өнгөрөв?
-Тоглолт маш сайхан болсон. Энэ бол миний төлөвлөж байсан тоглолтын нэг. Төрийн ордонд тоглох санаа гурван жилийн өмнө төрж байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол болсон. Тэр ёслол дээр Арита Франклины дуулсан дууг дэлхий нийтээрээ сонссон. Тэр дууны хөгжмийн наируулгыг монгол хүн хийсэн. Энэ бол том амжилт. Энэ мэтчилэн би Америкт байх хугацаандаа “Цагаан ордон”-д болсон олон үйл ажиллагаанд оролцож байсан. Арита Франклин, Пол Маккартни, Алиша Кейс гэх мэт дуучидтай хамтарч тоглосон. А.Линкольны нэрэмжит медаль гэж байдаг. Үүнийг дэлхийд хоёрхон хүн хүртсэн байсан. Энэ бол маш нэр хүндтэй шагнал. Гурав дахь медалийг нь Арита Франклин хүртэж байлаа. Түүний гэрч болоод би тэнд зогсч байсан. Тэр үед би үнэхээр алдартай, өндөр зэрэглэлийн дуучид нь "Цагаан ордон”-д тоглолт хийдэг юм байна. Тэнд тоглуулдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Мишель Обама cap болгон өөрийн үдэшлэгийг зохион байгуулдаг. Жаз, рокн ролл үдшийг дандаа л хийж байдаг юм билээ. Тэгээд би Монголдоо очоод Төрийн ордонд тоглолтоо хийнэ дээ гэж бодсон юм. Харин дуучин Д.Болд тоглолтоо хийсэн. Энэ маш сайн хэрэг. Болдоо бид хоёр нэг сургуулийн хүүхдүүд байсан. Түүнийг амжилттай яваад, Төрийн ордонд тоглолтоо хийсэнд би баярладаг.
-Таныг тоглолтоо хийнэ гэхэд ордон нурж магадгүй гэсэн анхааруулга өгсөн гэсэн мэдээлэл гарч байсан. Тэр үнэн үү?
-Төрийн ордны захиргааны хүмүүс ийм юм байдаг шүү гэж анхааруулж байснаас тоглуулахгүй гэж хэлээгүй. Харин ч үнэхээр халуун дотно сэтгэлээр намайг хүлээж авсан, ордныхон маань. Тэр ч утгаараа тоглолт сайхан болсон.
-Таны тоглолтыг УИХ-ын гишүүд хэр үзсэн бэ?
-Нэлээд олон гишүүн ирж үзсэн. Үнэхээр халуун дотно, сайхан уур амьсгал мэдрэгдэж байлаа. Тоглолтын төгсгөлд хүрэлцэн ирсэн 3000 гаруй үзэгч бүгд босоод, алга ташиж зогссон. Энэ бүхэн надад үнэхээр сайхан санагдаж байлаа.
-Таны Төрийн ордонд тоглолтоо хийсэн үндсэн зорилго биелж чадсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Би “Давтагдашгүй” тоглолтоо ард түмэндээ тайлагнасан. Түүний дараа VIP тоглолт хийе гэж төлөвлөснийхөө дагуу шийдээд хийсэн тоглолт болохоор сайхан байсан.
-Монголчууд бид төрийн сүлд өршөө гэж залбирдаг, төрөө дээдэлдэг ард түмэн. Тэр утгаараа Төрийн ордонд тоглолт хийхийг нэг их таашааж хүлээж авахгүй байх шиг?
-Төрийн ордны босго маш өндөр байх ёстой. Тийм учраас үүнд тохирсон, нийцсэн уран бүтээлчид тоглож байхад гэмгүй. Надад Төрийн ордны захиргаа зохих хариултаа өгсөн. Тоглолтоо ч хийсэн. Ер нь дээдэлдэг, шүтдэг гээд тоглолт хийж болохгүй гэсэн юм байхгүй болов уу.
-Манай нэртэй хөгжмийн зохиолчид хэлдэг. Монголын хөгжмийн зохиолчид том хэмжээний бүтээлээс зайлсхийгээд, дууны уран бүгээл рүү хошуураад байна гэж. Энэ тал дээр таны үзэл бодлыг сонсмоор байна?
-Мэдээж тэдэнтэй адилхан бодолтой явдаг. Би хөгжмийн зохиолчоор мэргэшсэн хүн. Америкт байхдаа маш олон хөгжмийн бүтээл дээр ажилласан. Монголчуудын сонсоогүй маш олон хөгжмийн бүтээл тэнд эгшиглэж л байгаа. Хоёр гурван телевизтэй хамтарч ажиллаж байлаа. Хэд хэдэн циркийн хөгжмийг бичиж байсан. Миний бичсэн хөгжим дээр үзүүлдэг циркийн үзүүлбэр олон улсын том наадмаас шагнал авч байлаа. Гэх мэт олон бүтээл туурвисан. Төгөлдөр хуурын дан бүтээлүүд ч байгаа. Ер нь сэтгэлгээний уран бүтээл хийх ёстой юм байна гэдгийг мэдэрсэн. Тийм болохоор энэ дагуу уран бүтээл хийхийг бодож байгаа. Том хэмжээний хөгжмийн бүтээл бүтээгээд үнэлэмж нь маш бага байдаг болохоор манай хөгжмийн зохиолчид энэ тал руугаа ажиллахгүй байгаа тал бий. Гэхдээ сэтгэлгээний уран бүтээлийг хийх ёстой. Тэгж байж монголчууд маань хөгжинө, Монголын хөгжмийн зохиолчид түүнээсээ урам авч, илүү их задарч, сайн уран бүтээл хийх ёстой гэж би бодож явдаг. Яах вэ, дууны уран бүтээл бизнесийн хувьд ашигтай. Тийм учраас хүмүүс том хэмжээний уран бүтээл рүү орохгүй байгаа байх. Миний хувьд бодож, төлөвлөж байгаа маш олон уран бүтээл бий. Тухайн үед нь хийгээд, ажил болгоод тайлагнах нь зөв байх.
-Үнэлэмж муу байна гээд зүгээр суух биш өөрсдийн сэтгэл, зүтгэлээр бүтээж байх ёстой юм биш үү?
-Энэ их хэцүү. Олон янзын бэрхшээл, зовлон тоочиж болно. Зөвхөн хөгжмийн зохиолч гэлтгүй оркестрт сууж байгаа уран бүтээлчдийн үнэлэмж муу байдаг. Нэг их том хэмжээний зохиол аваад ирнэ, тэр хөгжимчид дуртай дургүй тоглоно. Үүнийг маш зөв шийдэж өгөх хэрэгтэй. Америкт бол огт өөр. Том хөгжмийн зохиолч авчраад, маш том хэмжээний зохиол тоглуулахад хөгжимчид нь ч дуртай тоглоно. Яагаад гэвэл хангамж маш сайтай байдаг учраас бүх зүйл нь сайн уялдаа холбоотой. Гэхдээ нэг үеэ бодвол Монголын төр урлагаа харж үздэг болсон байна.
-Та Америкт байхдаа том хэмжээний бүтээл туурвиж, тоглуулж байсан гэсэн. Тэнд таны бүтээлийг яаж үнэлдэг байсан бэ?
-Тэнд үнэлэмж маш сайн. Тэр ч утгаараа хөгжмүүд, тэр дундаа киноны хөгжим нь алдартай, бүгдээрээ л бидний чихэнд хоногшсон байдаг биз дээ. Дэлхийг хамарч чаддаг байхгүй юу. Хөгжмийн бизнес Америкт асар өндөр хөгжсөн. “Гладиатор” гэдэг хөгжмийг дэлхий мэддэг. Оюуны бүтээлийг үнэлэх үнэлэмж нь маш сайн. Хуулиар баталгаажуулсан бүх зүйл нь сайн. Нэг ёсондоо цогц байдлаар шийдсэн. Гэхдээ Монголд энэ бүхэн хөгжиж эхэлж байгаа. Тийм учраас хөгжмийн зохиолчид битгий шантраасай. Бүх юм сайн сайхан болно гэдэгт би үргэлж итгэдэг.
-Та Америкт байхдаа дэлхийд нэртэй уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан. Хөгжмийн бүтээлээ том том оркестроор тоглуулдаг байсан байх. Үнэлэх үнэлэмж нь ч гэсэн өндөр. Тийм байтал Монголд ирээд, энд тоглолт хийгээд байдаг. Энэ монгол хүний онцлог уу?
-Би монгол хүн. Энд төрж, өсч, боловсорч, бүхий л зүйлийг мэдэрсэн болохоор яах аргагүй эргээд ирдэг юм байна. Нөгөө “Элэг зүрхнээс уяатай, энхрий Монгол нутаг минь” гэдэг үнэхээр үнэн үг. Яг тийм байдаг юм билээ. Тэнд хэчнээн сайхан, Гримийн шагнал гардуулах, Оскар болдог тайзан дээр тоглож байсан ч гэсэн “Улаанбаатар” палас, СТӨ-ний тайз, Төрийн ордны маань их тайз юу юунаас илүү эрхэм юм байна. Монгол үзэгчид маань аль ч орны үзэгчээс илүү гэдгийг “Давтагдашгүй” тоглолтоос мэдэрсэн. Тэр хүмүүсийн халуун сэтгэл, илүү ихийг хийгээрэй гэсэн хүслийг тэндээс мэдэрч, эрч хүчийг авч чадсан. Тийм болохоор би үнэхээр их сэтгэл хангалуун байгаа. Намайг дэмждэг, хайрладаг хүмүүстээ маш их баярлаж байгаагаа хэлмээр байна.
-Одоо Монголдоо байнга байх уу, Америк руу ирж очин байх юм уу?
-Ерөнхийдөө Америкт гэрээтэй тоглолтууд байгаа. Түүнийгээ дуусгах хэрэгтэй. Харин сэтгэл минь Монголдоо ирчихсэн. Эндээ байгаад, сайхан сайхан уран бүтээл туурвина гэж бодож байгаа. Анхнаасаа хамтлагийнхан ч гэсэн. Тийм болохоор тэнд очиж ядаж англи хэл суръя. Хэрвээ болдог юм бол рок, попынх нь гал тогоонд орж, бүх зүйлийг нь мэдье, сурья гэсэн зорилготой байсан. Харин мэдэж, сурчихаад эргээд Монголдоо түүнийг авчрах ёстой юм байна шүү гэдгийг тэр үед ухаарсан. Одоо бүхий л зүйлээ төлөвлөөд явж байна.
-Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг сонсоход нэг л уянгалаг, өөр сонсогддог. Тэр монгол хүнээс л гарах байх. Харин Америкт очоод, тэндхийн хүмүүсийн сэтгэхүйд таарсан хөгжим зохионо гэдэг амаргүй байх даа?
-Эцэг, эхээс заяасан авьяас. Түүн дээр надад хичээл зааж байсан багш нар маш үнэ цэнэтэй, гайхамшигтай хүмүүс байж гэж боддог. Миний багш Т.Цолмон гэж ардын жүжигчин, профессор, Азид нэртэй төгөлдөр хуурч хүн бий. Тэр хүний гараар орсон. Багш маань надад маш олон зүйлийг заасан. Зүгээр классик хөгжим заадаг мөртлөө хажуугаар нь рок хөгжим хүртэл зааж байсан. Миний анхны багш С.Тунгалаг байна. Тэр бүх багш нартаа баярласнаа хэлмээр байна. Тэнд очоод би гологдоогүй. Түүнийг хүмүүс мэдэж байгаа, телевиз, радио гээд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээс харсан байх. Америкт надтай хамт тоглож байгаа уран бүтээлчид бүгд алдартай хүмүүс. Жишээ нь, Мариа Керригийн продюссер надтай хамтарч тоглож байгаа. Тэд бүр гайхдаг. Надад “Чи Ази хар уу” гэж хэлдэг. Яагаад гэвэл харууд чинь хөлбөмбөг, сагсан бөмбөг, эсвэл урлагт үнэхээр гарамгай байдаг. Тодорч чаддаг. Гэтэл тэр олон харуудын дунд би ганцаараа Ази. Тэр дундаа Монгол байгаа байхгүй юу. Үүнийг би бурхнаас заяасан авьяас гэж боддог.
-Таны Америкт байхдаа аавдаа зориулан бичсэн хөгжим маш олон хүнд хүрсэн байдаг?
-“Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” гэсэн хөгжим юм. Би уран бүтээлч хүн учраас аав минь бурхан болсон ч уран бүтээлдээ мөнхжүүлж үлдээе гэж чин сэтгэлээсээ хүссэн. Аавыгаа өөд болохоос өмнө “Сэтгэлийн гуйлга” хэмээх дуугаа хийж, бурхан болохоос нь өмнө сонсгосон. Тэр үед аавын минь бие их тааруу байсан ч, эцсийн хүчээ шавхаад хүүгийнхээ дууг гоё дуу болж гээд эрхий хуруугаа өргөн урам хайрлаж байсан. Балхжав ахын тоглолтод “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” оркестрын бүтээлээ хүргэсэн. Хүмүүс сэтгэлээс минь гарсан бүтээлүүдийг чин сэтгэлээсээ хүлээж авсанд маш их баярласан.
-Тэгвэл Монголын хөгжмийн зохиолчдын чадвар ямар байгаа гэж та боддог вэ?
-Би залуучуудаа дэмжихийн тулд Монгол урлагийн залуучуудын холбоог байгуулж, ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байна. Дэмжих ч ёстой. Үүний хүрээнд олон ажлыг хийх ёстой. Монгол залуучуудын авьяас хаана ч гологдохгүй. Хамгийн гол нь эд нарыг сургах, мэлмийг нь нээх, чихийг нь онгойлгох хэрэгтэй. Сэтгэлгээг нь суулгах хэрэгтэй байна. Энэ ажлуудыг хийх хэрэгтэй байна. Хийх ч болно.
-Та хөгжмийн бүтээлийг үнэхээр мундаг бичиж, чадаж байна. Харин дууныхаа уран бүгээлийг бага зэрэг орхигдуулах гээд байна уу, үгүй юу?
-Тийм тал байгаа. Гэхдээ яах вэ, энэ тал дээр ажиллаж болно. Миний хит болсон дуунууд байдаг. “Миний хайртын төрсөн өдөр”, “Дэгжин нүдэн”, “Танайд хононо доо” гээд. Одоо үргэлж телевизээр явж байдаг. Сая “Давтагдашгүй” тоглолт дээрээ ч үзэгчдэд хүргэсэн. Он гараад сонсогч олон хүлээж авахаар, энгийн гоё аялгуутай дуунуудыг хийе гэж төлөвлөж байна. Удахгүй миний дууны цомог гарах байх аа. Мөн нэг гоё мэдээ дуулгахад, “Жигүүр гранд” компанийн захирал П.Баттөр ахтай хамтарч “Төгөлдөр хуурын аялгуунууд” нэртэй цомог гаргасан. Түүний “Амьдрал”, “Үр минь” зэрэг дуунуудын аяыг Америкийн “Чикаго” симфони оркестр тоглоод, тэнд цомог гаргасан юм. Энэ бол Монголын уран бүтээлчдийн уран бүтээлийг тоож байгаагийн илрэл. Дэвид Тейлар гэж дэлхийн нэг номерын хийлч мөн энэ цомогт орсон бүтээлүүдийг тоглосон. Маш их онцлогтой цомог болсон. Дандаа Америкийн мэргэжлийн хөгжимчид тоглосон, найруулгыг нь мэргэжлийн студид хийлгэсэн. Тун удахгүй энэ домог сонсогч олны хүртээл болох байх. Цаашдаа хүмүүсийн сонсох дуртай аялгуунууд болно гэдэгт итгэлтэй байна.
-Та гол гүүрийг нь тавьж, холбож өгсөн хэрэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Би Америкт олон жил болсон болохоор тэнд дандаа миний найзууд болох хөгжимчид, студийн хүмүүс байдаг. Тийм болохоор тэр олон гайхамшигтай уран бүтээлчидтэй хамтарч бүтээсэн юм. П.Баттөр ах маань ч гэсэн ийм сайхан аялгуунуудыг зохиож, ард түмэнд хүргэсэн нь надад их таалагдсан. Анх тохиолоор ч гэх юмуу, П.Баттөр ах намайг танилцья гэж дуудаж байлаа. Түүний өмнөхөн би “Амьдрал” гэдэг дууг сонсоод гайхаж байлаа. Ямар хүн зохиосон юм бол гээд. Хөгжмийн зохиолчийг нь мэдэхгүй, интернэт ухаж яваад олоод сонссон юм. Дуучин нь ч гэсэн сайхан дуулсан байсан. Ямар гоё дуу вэ гээд, байнга сонсдог байлаа. Гэтэл П.Баттөр ах энэ дууг өөрийнхөө амьдралаас сэдэвлэж хийсэн юм билээ. Залуудаа хатуу хүтүүг туулж байж энэ амжилтад хүрсэн хүн. “Амьдрал” дууны клипэн дээр тэр бүхэн нь гардаг шүү дээ. Уран бүтээлч хүний хувьд тэр нь надад үнэхээр их таалагдсан. Тиймээс бид хамтарч, ард түмэндээ шинэ оны босгон дээр бэлэг барьж байгаадаа баяртай байгаа. Саяхан цомгийн баяр болсон. Тодорхой хүрээнд баяраа тэмдэглэсэн. Гэхдээ ийм цомог гарсан гэдгийг мэдээлсэн байгаа. Удахгүй жигүүр ургаад “нисэх” байх аа.
-Та их олон талын авьяастай хүн. Төгөлдөр хуурч, дуучин, хөгжмийн зохиолч, продюссер гээд л янз бүрээр нэрлэх юм. Та яг ямар Чинбат гэж дуудуулах дуртай вэ?
-Хүмүүс ингэж хэлдэг. Бөмбөрчин ч гэж байх шиг. Түрүүн хэлсэн, надад байгалиас заяасан авьяас байгаа байх. Гэхдээ авьяас байгаад хөдөлмөрч биш байсан бол би хэн ч биш байх байсан. Хэчнээн авьяас байгаад яах юм бэ. Би өөрийгөө цэнэглэсэн, Америк явж юм сурсан. Тийм болохоор л өдий зэрэгтэй байгаа. Намайг юу ч гэж дуудсан гоё. “Никитон”-ы, “Sweetymotion’’-ы Чинбат гэнэ үү дураараа л бол. Аль аль нь миний сэтгэлд дулаахан сонсогддог.
-Та хоёр хамтлагтай салшгүй холбоотой. “Никитон” болон “Sweetymotion” хамтлаг. Гэхдээ энэ хоёр хамтлаг уран бүтээлийн ажлаа их бага хийгээд байгаа. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна. Тэр дундаа “Sweetymotion” хамтлагийг уран бүтээлээ дорвитой хийхийг олон хүн хүлээж байгаа байх?
-Миний “Давтагдашгүй” тоглолтод “Никитон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Тэндээс анзаарч байхад хүмүүсийн дунд маш их хүлээлт байгаа нь мэдрэгдсэн. Саяхан би Баачкатай уулзахад шинэ бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ туурвиад эхэлсэн гэсэн. Он гараад шинэ цомог нь гарах байх. Харин “Sweetymotion” хамтлагийн хувьд түрүү жил Монголдоо ирээд “Number one” тоглолтоо хийсэн. Үнэхээр номер нэг байж чадсан. Энэ бүсгүйчүүд үнэхээр чадвартай, хөдөлмөрч, хийж байгаа ажлынхаа хойноос уйгагүй явж чаддаг хүмүүс. Ойрдоо Чинбаагийн тоглолт гээд ажлаа хойш тавьсан. Мөн яг шинэ жилийн үе болохоор захиалга ихтэй байгаа. Олон газар очиж дуугаа дуулж байгаа. Ирэх жил “Эмоушн”-ы 15 жилийн ой болно. Тийм болохоор тэд маш ихийг хийхийг хүсч байгаа. Ойн хүрээнд олон ажлуудыг хийх болно.
-“Тэд бүгдээрээ хамт байхдаа лаг” гэдэг гоё үг гараад байгаа. Таны тоглолт дээр “Эмоушн” бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулсан. Үнэхээр гоё байсан. Эргээд дөрвүүлээ нийлж уран бүтээлээ хийх болов уу. Продюссерын хувьд энэ тал дээр бодож байгаа юм бий байлгүй?
-“Давтагдашгүй” тоглолт маань үнэхээр олон хүмүүсийг нэгтгэсэн, нийлүүлсэн. Тэр хэрээрээ гоё тоглолт болсон. Харин энэ бүсгүйчүүдийн хувьд тус тусдаа уран бүтээлээ хийгээд явж байгаа. Солонгоо ганцаараа дуулаад, уран бүтээлээ хийж байна. Эд маань хамтлагаараа уран бүтээлээ туурвиж байгаа. Цаашдаа хэрхэхийг би сайн мэдэхгүй байна. Аль аль нь сайхан уран бүтээл хийвэл хүмүүс хүлээгээд л авна. Тийм чадвартай уран бүтээлчид. Тэгэхээр эд маш ихийг хийх ёстой байх.
-Манайд маш олон кино хийгдэж байна. Тэр хэрээрээ киноны хөгжим бичих санал их ирж байгаа болов уу, танд?
-Нэг санал ирээд “Аравт” киноны хөгжмийг бичсэн. Түүхэн кино, удахгүй нээлтээ хийх байх. Ерөнхийдөө миний хүч үзэх дуртай нэг салбар бол киноны хөгжим. Сая тоглолтоо хийхдээ “Аравт” киноны хөгжим хүмүүст их хүрсэн гэдгийг мэдэрсэн. Тийм болохоор цаашид олон киноны санал ирвэл хамтарч ажиллахад бэлэн байна. Сая бас театрынхаа 80 жилийн ойг дэмжээд, Х.Балхжав ахтай хамтарч, хөгжмийн бүтээл дээр ажилласан. Театрын 80 жилийн ойд өөрийнхөө зүгээс бэлэг барих ёстой учраас үүнийг хийсэн. Энэ дашрамд, УДЭТ-ын хамт олондоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Танай сониноор дамжуулж тус- гайлан хүсч байгаа юм шүү.
-Шинэ жилийн захналга их ирж байгаа нь тодорхой. Танаар төгөлдөр хуур тоглуулъя гэж байна уу, дуулуулах захиалга нь их байна уу. Үнэ ханшийн хувьд ямар байгаа вэ?
-Аль аль нь ирж байгаа. Маш завгүй байна. Өдөрт заримдаа 3-4 газар тоглож байгаа. Ард түмэн маань намайг үнэхээр сайхан өлгийдөж авлаа. Тиймээс маш ихийг хийнэ гэдгээ л хүмүүст амлах байна. Үнэ ханш тэд, эд гэж яриад яах вэ. Нэг их сонин биш байх.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )