Баталгаагүй салют хэрэглэхээс татгалзаарай

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 26

Шинэ жилийн баярыг тохиолдуулан албан байгууллага ,хамт олноороо өргөн дэлгэр баяраа тэмдэглэдэг.  Үүний хэрээр гэрэлт үзүүлбэр, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг ашиглах явдал ихэсдэг.   

Энэ жил мэргэжлийн байгууллагууд хамтран баталгаагүй, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй пиротехникийн хэрэгслийг  худалдаалахыг зогсоох, хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч байна. Учир нь өмнөх жилүүдэд хувь хүмүүсийн оруулж ирсэн баталгаагүй салютаас болж 21 хүн гэмтэж, бэртэн эрүүл мэндээрээ хохирсон юм. Эдгээр хүмүүсийн зарим нь гаргүй болсныг бид тухай бүр мэдээлж байсан.   

Энэ бүхэн пиротехникийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтыг чангатгах гол шалтгаан нь болсон байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нар энэ сарын 13- ны өдрөөс эхлэн нэгдүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн ашиглалт, худалдаалах байдалд цагдаа, мэргэжлийн хяналттай хамтран шалгалтыг явуулж байгаа юм.  

Шалгалтыг Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиуд болон Засгийн газрын 2006 оны “Тэсэрч дэлбэрэх болон тэсэлгээний хэрэгсэлийн эргэлтэнд хяналт тавих тухай” 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, холбогдох  дүрэм, журмыг удирдлага болгон явуулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top