-Үндэсний шилдэг компани УИХ-ын даргын нэрэмжит шагнал хүртэв-
Аливаа улсын хөгжил дэвшил, хүн ардын ахуй амьдралын хэв маягийн бодит үзүүлэлт нь бүтээн байгуулалт билээ. Тэгвэл бид бүгдийн яриад байгаа Монгол орны эдийн засгийн өсөлтийг бүтээн байгуулагчдынхаа хийсэн ажил, хүрсэн амжилтаас бэлхнээ харж болохоор байна. Тэд 2011 онд ихээхэн зүйлийг хийж бүтээжээ.
Бүтээн байгуулалтын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг, тэдэндээ хүндэтгэл үзүүлэн шагнал гардуулдаг салбарын гол арга хэмжээ нь “Алтан цамхаг” ёслол юм. Монгол Улсын төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны бодит үр дүнг илтгэн харуулагч салбар гэдэг утгаараа барилгынхан хамгийн хөдөлмөрч хамт олон гэдэг нь тэдний баярын ажиллагаанаас тодхон харагдаж байлаа. “Алтан цамхаг-2011” хүндэтгэлийн арга хэмжээ шинэ жилийн баяр гэхээсээ илүү бүтээн байгуулалтын салбарынхан ондоо хийсэн бүтээснээ төр, засагтаа тайлагнан үнэлүүлсэн, ард түмэндээ танилцуулсан, өөрсдийгөө харуулсан амжилтын бахархалтай үйл явдал болов.
УИХ-ын гишүүн, Монголын барилгын үндэсний ассоциацын ерөнхийлөгч О.Чулуунбат “Алтан цамхаг” хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бүтээн байгуулалтын салбарынхан, тухайлбал барилга, дэд бүтэц, зам, инженерийн байгууламжийн хувийн хэвшлийнхэн дундаас хамгийн том, хамгийн эрхэм бүтээн байгуулалтыг хийсэн шилдгүүд цуглаж 2011 онд хэн, юу хийснээ дүгнэх гэж байна. Энд хэлдэг биш хийдэг хүмүүс байгааг хэлэхэд таатай байна. Та бүхэнд энэ арга хэмжээ баярын үдэш мэт харагдаж байвч манай бүтээн байгуулагчдын салбарынхны оны тайлангийн хурал гэж хэлэхэд болно” хэмээн онцлов.
Тав дахь удаагаа уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл оролцож салбартаа онцгой байр суурийг нэгэнт баттай эзэлж чадсан бүтээн байгуулалтын “Үндэсний шилдэг компани” хэмээх эрхэмсэг шагналыг анх удаагаа гардуулсан нь энэ оройн үйл ажиллагааны оргил байв. Монгол Улсын төр бүтээн байгуулалтын үндэсний шилдэг компанид олгох Улсын Их Хурлын даргын нэрэмжит “ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ КОМПАНИ” хэмээх эрхэм шагналыг бий болгож жил бүрийн “Алтан цамхаг” ёслолын үеэр гардуулж байхаар болсон юм.
Ийнхүү хийсэн бүтээсэн ажилтай, зах зээлийн шуурганд өвдөг шороодолгүй амжилтын өндөрлөгт хүрсэн үндэсний компаниар “Жигүүр гранд” групп тодорч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уг шагналыг хүндэтгэлтэйгээр гардуулав. Энэхүү шагнал нь бүтээлч хүний, бүтээн байгуулагч хамт олны хийсэн бүтээснийг үнэлж байгаагаас гадна ирээдүйд илүү ихийг бүтээж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна хэмээн өндөр итгэл үзүүлж байгаа хэрэг юм.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар их бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлэхдээ тодорхой төслүүдийг өөрийн гэсэн нэр хаягтай, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор боловсруулан оруулж ирснийг УИХ-аас баталж хэрэгжүүлэх үүрэг өгсөн билээ. Та бүхнийг төр, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан эдгээр томоохон бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр эрч хүчтэй ажиллаж эхлэх гарааны жилүүд эхэлж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Мянганы зам, Шинэ бүтээн байгуулалт, түүний дотор 100 000 орон сууц, төмөр зам, аж үйлдвэрийн паркууд зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлж байна. Хувийн хэвшлийнхэн та бүхэн энэ ажлын хүрээнд жил бүр 1000 орчим км зам тавьж, 10 000 гаруй айлын орон сууц барьж, олон зуун инженерийн шугам сүлжээ барьж, малчид жилд 10 сая нь мал өсгөж, тариаланчид нь жилд 100000-аас доошгүй тонн тариагаа тарьж Монгол Улсын иргэн бүр бүтээн байгуулалтын ажилд шамдан оролцож Монголын төрийн бодлогыг хамтдаа дэмжин ажиллаж байгаад баяртай байна.
Бүх салбарын ажил, тэр дундаас их барилгын ажил зангилаа хөдөлгөгч хүч, гол цөм нь байдаг. Ийнхүү төр хувийн хэвшлийн түншлэл өргөжиж, улам нягтарч байгааг өнөөдрийн энэ арга хэмжээ харуулж байна.
Төрөөс 2010, 2011 онуудад жилд 1 их наяд шахам төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байлаа. Тэгвэл 2012 онд 1,8 их наяд хөрөнгө оруулалт хийхээр улсын төсвийг баталсан. Санхүү эдийн засгийн хямралын дараа төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулах ажлыг нэмэгдүүлсэн нь төрөөс хувийн хэвшлийн ажиллах нөхцөл бололцоог бий болгохыг үргэлж эрмэлздэгийн илрэл болж, төр хувийн хэвшлийг дэмжих талаар явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа үр дүнд хүрч байна гэсэн дүгнэлтэд хүрч байна хэмээн онцлов.
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан 2011 онд хамгийн олон ажлын байр бий болгож ажилласан “Дельта констракшин” компанид Ерөнхий сайдын нэрэмжит шагнал гардуулсан нь аргагүй нүдээ олсон шагнал байлаа.
Төр ийнхүү бүтээн байгуулагчдаа үнэлэв. Монгол төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд улс оронд маань ямар их ажил хийгдэж байдгийг бүтээн байгуулагчид харуулав. Энэ салбарынхны ажил үйлс амжилт бүтээл хэн хүний нүдэнд ил байдгаараа онцлогтой.
Ийнхүү 2011 онд ажил үйлсээрээ манлайлагчид дараахь шагналуудыг гардан авлаа. Үүнд:
“Алтан цамхаг-2011” гран при шагнал:
- “Шилдэг бүтээн байгуулалт” Гран при цом – “Макс өргөө” ХХК
- “Шилдэг бүтээн байгуулагч компани” Гран при цом – “Хурд өргөө” ХХК
Инженерийн байгууламжийн шилэгээр “Набсан” ххк, шилдэг эко төслөөр “Сандэй” группийн “Эрдэнэсийн чулуун арал” төсөл, нийгмийн ач холбогдолтой шилдэг төслөөр МХБХ-ийн “Ирээдүй хороолол”, зам, гүүрийн шилдэг барилга байгууламжаар “Хөвсгөл зам” ХХК, орон сууцны шилдэг төслөөр “Номин констракшин” ХХК, орон нутагтаа хамгийн их бүтээн байгуулсан өрнүүлсэн хотоор Даланзадгад хот тус тус шалгарч шагнагдлаа.
“Шилдэг бүтээн байгуулагч компани” шагналыг үндэсний үйлдвэрлэгч “Шилэн хийц” ХХК, нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллагаар “Орчлон констракшн” ХХК, барилгын ханган нийлүүлэгч шилдэг байгууллагаар “Монгол глобал”, шинэ технологи нэвтрүүлэгч “Элмеко” ХХК, шилдэг менежменттэй байгууллагаар “Химон констракшн” компаниуд шагнагдаж, “Бүтээн байгуулалтыг дэмжигч банк”-аар Худалдаа хөгжлийн банк тодров.
“Бүтээн байгуулалтын оны шилдэг хүн”-ээр ЗТБХБЯ-ны дэд сайд А.Гансүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, “Гандирс” группын ерөнхий захирал Ц.Эрдэнэчулуун, “Насны зам” ХХК-ийн захирал Ж.Энхжаргал нарыг тодруулжээ.
Дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалт гэдэг бол дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт яахын аргагүй мөн. Монгол говийн хөрсөнд биеллээ олж байгаа Оюутолгойн хүчирхэг бүтээн байгуулалт нь манай үндэсний компаниудын түншлэлийн бодит биелэл болж байна. Иймээс ч “Үндэсний шилдэг түншлэл” тусгай шагналыг Оюутолгой ХХК хүртлээ.
Бүтэээн байгуулалтын шилдгүүдийн дараагийн шагналуудыг зураг төслийн “Хатанбаатар” ХХК, инженер-геологийн “Энх-Өрнөлт” ХХК, геодезийн “Геосет” ХХК, барилга угсралтын “БҮТИ”, “МВС” компаниуд гардлаа.
Барилгын салбарын хувийн хэвшлийнхний дунд явуулсан санал асуулгаар үйл ажиллагаа нь богино хугацаанд сайжирсан “Бүтээн байгуулалтад ээлтэй байгууллага”-аар “Дулааны шугам сүлжээ” ХК, Улаанбаатар хот “Хөгжлийг цогцлоогч хот”-оор шалгарав.
Ажлын ихийг хийж, ачааны хүндийг үүрч байдаг бүтээн байгуулалтын салбарынхны оны шилдгүүдийг тодруулах “Алтан цамхаг-2011” оны дээд ёслол хүндэтгэлийн ажиллагаа ийнхүү сэтгэл догдлом, бахархам үйл явдлаар дүүрэн байж утга төгөлдөр, тансаг болж өнгөрлөө.
Сэтгэгдэл ( 0 )