Есөн алдартныг Ерөнхий сайд тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 27

Өдгөөгөөс 11 жилийн тэртээ “Сүргийн манлай” хэмээгч могой жилд нэгэн оны дотор монгол түмнээ хошуучлан манлайлсан Алдартнуудыг Монголын үндэсний өдөр тутмын сонин “Өнөөдөр” анх удаа тодруулж байжээ. Монголын нийгмийн салаа мөчир бүхнийг төлөөлөх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх 100 эрхмийн саналаар эдгээр хүмүүсийг тодруулдаг, санал асуулга шударга явагддаг, үр дүн нь олны нүдэнд ил байдаг, түмний хүндлэлд багтсан хэн боловч шалгарах боломж нээгддэг зэрэг олон шалгуураар энэ санал асуулга нийт монголчуудын сэтгэлд нийцдэг, тэр хэрээр хүмүүсийн хүлээдэг, итгэлээ илгээдэг арга хэмжээ юм.

Эдгээр 100 эрхэм туулай жилд Монголдоо магнай нь байсан гэж үзсэн 10-90 насны, төрөл бүрийн мэргэжлийн 97 хүнийг нэрлэжээ. Харин монгол түмнээ магнайлсан эдгээр 97 эрхмийг Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд тэргүүлж, төмөр туулай жилийн тэргүүн алдартнаар тодорсон бөгөөд өнөөдөр Улаанбаатар зочин буудалд болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр цалин цагаан бадамлянхуа, ногоолин хаш чулуун суурьтай туулай жилийн дүрс бүхий цул мөнгөөр урласан цом гардан авлаа. Ерөнхий сайд энэхүү шалгаруулалтад сүүлийн гурван жил шалгарч байгаа бөгөөд бар болон туулай жилд оны есөн алдартнуудаа магнайлж амжилтаа бататгалаа.

Монголын нийгмийн салаа мөчир бүхнийг төлөөлөх 100 эрхэм Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын амжилтыг хэрхэн үнэлсэн талаар тус сонины Нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар танилцуулахдаа С.Батболд бол шинэчлэгч, итгэл дагуулагч гэсэн тодорхойлолт хэллээ. Тэрбээр мөн,

-“Өнөөдөр” сонины энэ оны алдартнуудыг Ерөнхий сайд С.Батболд магнайлж, Тэргүүн алдартанболлоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд түүний тэргүүлсэн хамтарсан Засгийн газар их зүйл хийсэнд нь олон нийтийн зүгээс хүлээлгэсэн итгэл гэж өнгөцхөн дүгнэж болно. Гэхдээ эдийн засгийн салбар дахь реформын шинжтэй олон шийдвэр түүний үзэгний үзүүрээс гарсан тул алдартнуудын эрэмбийн анхдугаарт жагсахаас аргагүй. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөрөнгийн зах зээлийг хөгжлийн хөшүүрэг гэж томьёолон, Лондоны Хөрөнгийн биржтэй түншлэх ажлын эхлэлийг тавьж, уул уурхай дагасан бүтээн байгуулалтын ажилд томоохон түлхэц өгөх Хөгжлийн банк хаалгаа нээснийг онцлоход хангалттай.

Монголыг дэлхий сонирхох болсон энэ үед түүнд засгийг тэргүүлэх сорилго, түүхэн шийдвэрүүдийг үзэглэх завшаан давхацсан ч гэлээ хойч үеийнхний өмнө хүлээх их хариуцлага, алдах эрхгүй цаг хугацааны эзэн байх их ачааг нуруун дээр нь үүрүүлээд буй. Уул уурхайн их баялгаасаа иргэд хувь хүртэж, 536 ширхэг хувьцааны ашгийг хүлээж суух болсон нь түүний цаг үед хамаатай үлдэнэ. Тавантолгойн ордыг дагасан гаднынхны харцанд тал алдалгүй буурь заасан тэрбээр стратегийн хөрөнгө оруулагчдын тендерийн эцсийн дүнг зарлахыг хүлээзнэж буй.

Бизнесийн салбараас хуримтлуулсан ихээхэн туршлага, түүнээс улбаалсан прагматик байр суурь нь жирийн иргэний амьдралаас эхлээд дэлхийн жишигт нийцэх стандарт хүртэл орон зайг мэдэрч, хөрсөн дээр буух хөгжлийн хөтөл бө- рүүдийг санаачлахад түлхсэн биз ээ. Ерөнхий сайдын чиглүүлсэн замаар монголчууд явж гэмээнэ бадар барьдаг цаг үеэсээ баялгийнхаа шимийг хүртдэг үе рүү шилжих нь мэдээж. Зөвхөн эдийн засаг, бизнесийн орчноор хязгаарлагдахгүй дэлхийн боловсролыг нутагшуулах Кембрижийн стандартын автор нь тэр. Багагүй хэл ам дагасан хамтарсан Засгийн газрыг ганхуулалгүй авч явсанд нь төрийн хүний төвч, дипломатчийн ноён нуруу, бизнесмений алсын хараа нөлөөлснийг дурдах хэрэгтэй юмгэлээ.

Төмөр туулай жилийн өрсөлдөөн тун ширүүн болсон гэж тус сонины эрхлэгч бас хэлсэн. Нөгөө талаар сонгуулийн угтал жил гэдэг утгаараа улстөрчдийн өрсөлдөөн онцгой байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тэргүүн алдартнаас тун цөөхөн саналаар аман хүзүүджээ. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд арваннэгэн удаагийн шалгаруулалтад арваннэгдэхээ шалгарсан цорын ганц хүн болжээ. Тулхтай улстөрч, тууштай төрийн зүтгэлтэн хэмээх үнэлэмж түүнийг ямагт дагалдаж байдаг хэмээн олны танил 100 эрхэм дүгнэжээ. Харьцангуй залуу ч, хат сууж, туршлага хуримтлуулсан, шинэ цагийн боловсрол, ажил хэрэгч чанарын төлөөлөл болсон сайд С.Баярцогт, Г.Занданшатар өөрөөр хэлбэл, С.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын гурван гишүүн энэхүү шалгаруулалтад багтсан байна. 

Арван нэгдэх удаагийн оны алдартнуудыг одоо нэрлэе. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд алдартнуудаа магнайлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин, MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал, Монгол Улсын аварга С.Мөнхбат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, Сангийн сайд С.Баярцогт, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар төмөр туулай жилийн оны алдартнаар тодорчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top