“Хариу нэхээгүй тус” –аян 14 жилдээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 27

Монголын Залуучуудын Холбоо 1998 оны 11-р сарын 20-23-ны хооронд “Хариу нэхээгүй тус” хэмээх сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж хүмүүсийг хүмүүнлэгийн үйлсэд уриалан дуудаж байсан түүхтэй билээ.

Энэ жил тус аян 14 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 413 байгууллага, 110 гаруй мянга орчим хүмүүс хамтран 126 гаруй сая төгрөгний халамж үйлчилгээ, эд материалыг 29 мянган хүнд түгээн ажилласан бол энэ жил “Нэг нь нийтийнхээ төлөө, Нийт нь нэгийнхээ төлөө” уриан доор зохион байгуулагдлаа.

Өнгөрсөн хугацаанд бид нийгмийн бүхий л давхарга тэр дундаа сайхан сэтгэлийн тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа тэр л хүмүүст хүрч ажиллахыг зорьж байсны дээр хүн хүнээ дээдлэх, бие биендээ туслах, нийгмийн сэтгэл зүйг сайн үйлсэд хандуулах чиглэлд анхааран ажиллаж ирсэн.

Энэ жил 11 сарын 23-ны өдөр Шри Шри амьдрах урлаг бясгалын төвтэй хамтран Хорихын нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн засан хүмүүжүүлэх төвийн хүмүүжигч нарт “Тархины гэгээ” лекцийг хүргэллээ. Энэхүү лекцийн гол санаа нь хүн алдаж болно тэгэхдээ сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй гэсэн санааг хүмүүжигч хүүхдүүдэд өгсөнөөс гадна өдөр тутмын идэвхитэй амьдралын хэвшил дасгал хөдөлгөөнийг зааж өгөв. Хорих ангиуд Бурханч лам Пүрэвбатын “Үхлийн цалмаас аврах эртний увидас” номыг номын санд хандивлан өгч оюуны хөрөнгө оруулалт хийв.

Мөн хариу нэхээгүй тус аяны хүрээнд 12-р сарын 19-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод очин нэгэн залуу гэр бүлд очин сэтгэлийн болон эд хөрөнгийн хандив өглөө. Энэхүү гэр бүл нь гудамжны болон тараншин подвоолын гэгддэг 30 хүүхдийг өсгөн хүмүүжүүлэн мөн өөрсдийн мэддэг бүх зүйлээ заан циркийн хүмүүс болгожээ. 5-с 18 насны 17 эрэгтэй, 13 эмэгтэйгээс бүрдэх Шондоохой циркийг анх 2006 оны 06 сард Т.Төмөр, Б.Батцэцэг нар  үндэслэн байгуулж одоог хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллуулж байна.

Уг циркийн гол зорилго нь Монголын ард түмний оюуны өмч болсон уран нугаралт, акробат, үсрэлт, чанга утас, гимнастик, жонглёр, тэнцвэрийн чиглэлээр авъяасыг нээн хөгжүүлж, тэдэнд гоо зүйн  болон бие бялдарын хүмүүжлийг олгох, чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлж Монголын уран нугаралтын өвөрмөц давтагдашгүй онцлогийг хадгалан хөгжүүлэх, гадаад дотоодын олон улсын циркчдийн тоглолт, тэмцээн тэмцээн наадамд оролцох, тэдгээрийг зохион байгуулах зэрэгт төвийн үйл ажиллагааны үндэс чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэхүү циркийн хамт олонд Монголын Залууудын Холбооны хамт олны гарын бэлэг болон Дундговь аймгийн сумдын Залуучуудын холбооны бэлгийг гардуулан өгөв.

12 сарын 22-нд Шри Шри амьдрах урлаг бясалгалын төвтэй хамтран  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 411-р анги буюу Хүүхдийн засан хүмүүжүүлэх төвийн хүмүүжигч нарт зориулан сүлд модны наадам хийв. Энэ арга хэмжээнд хүмүүжигч нарын эцэг эхүүд оролцсон бөгөөд бүгд өндөр сэтгэгдэлтэй буцацгаав.

Энэ оны 12 сарын 28-нд Сүхбаатар дүүргийн 11, 12-р хорооны иргэдэд шинэ жилийн мэнд хүргэн, хандивийн зүйлс гардуулах юм. Үйл ажиллагааг Монголын Залуучуудын Холбоо Хаан бууз, Отгонтайж ХХК, Royal Plaza, Сүхбаатар дүүргийн нийгмийн халамжийн хэлтэс, Сүхбаатар дүүргийн Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top