Хэвлэл мэдээллийнхэнд хандан зөвлөмж гаргалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 28

Монгол Улсын Их Хурал Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан билээ. Иймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг биелүүлэхтэй холбогдуулж хуулийн зарим заалтын биелэлтийг хангах чиглэлээр нийт сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим мэдээллийн хэрэгслийн удирдлагууд, редакци, сэтгүүлчдэд дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг сонгогч олон түмэнд мэдээлж сурталчлах, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх зарим заалтыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тайлбарлаж хүргэх шаардлагатай байна. Үүнд:  

1.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшихээр шийдвэрлэсэн албан хаагчдыг төрийн алба, ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай шийдвэрээ хуулийн дагуу хугацаанд нь гаргахад хяналт тавих,

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15, 35.18-д  “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

        35.15.1.сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах;

        35.15.2.биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг сонгуулийн сурталчилгаатай холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах;

        35.15.3.сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

        35.15.4.хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;

        35.15.5.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах.

    35.16.Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа энэ хуулийн 35.15.2-т хамаарахгүй.

    35.17.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаатай холбогдсон гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн зөвлөгөө, тусламж, дэмжлэгийг шууд болон шууд бус хэлбэрээр авахыг хориглоно.

    35.18.Нам, эвсэл, нэр дэвшигч болон нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчаас сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

        35.18.1.энэ хуулийн 35.3-т заасан хугацаанаас хойш санал хурааж дуустал аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх, түүнчлэн санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараах;

        35.18.2.нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

        35.18.3.төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах;

        35.18.4.энэ хуулийн 35.4, 35.5-д зааснаас илүү материал тараах;

        35.18.5.сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлалыг барилгын хана, орц, хашаа, гэрлийн шон зэрэг энэ хуулийн 35.7-д зааснаас өөр газарт байрлуулах;
        
        35.18.6.энэ хуулийн 35.8-35.12-т заасныг зөрчиж сурталчилгаа явуулах;

        35.18.7.оройн 23.00 цагаас дараа өдрийн өглөөний 10.00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;

        35.18.8.сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

        35.18.9.шашны зан үйл ашиглах;

        35.18.10.сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй хүүхэд, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох;

        35.18.11.сонгогчдын саналыг татах зорилгоор төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг явуулах;

        35.18.12.сонгогчдын саналыг татах зорилгоор биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэж оролцох;

        35.18.13.сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;

        35.18.14.хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалтын үр дүнг нь хэвлэн нийтлэх, тараах, сурталчлах;

        35.18.15.төрийн байгууллага, түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сурталчилгааны материал хэвлэх, олшруулах, тээвэрлэх зэрэг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;
 
        35.18.16.сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй  иргэнийг татан оролцуулах;

        35.18.17.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх;

        35.18.18.сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах...”гэж хуульчилжээ.


Дээрх хориглосон үйлдэл гарахгүй байхад нийтлэл, нэвтрүүлэгтээ анхаарч ажиллахыг хэвлэл, мэдээллийн бүх байгууллагад зөвлөмж болгож байна.



УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН
 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top