“Харанга” хамтлагийн гишүүн Чулуунбат: Манайх эхээсээ зургуулаа л даа. Гэвч одоо аав ээж минь ч алга зарим ах эгч маань ч алга.
Эргээд бодоход элэг бүтэн байхдаа хийж байсан шинэ жил надад хамгийн сайхан байжээ. Бүгдээрээ нийлж байгаад цаасаар янз янзын дүрс хайчилж хэцэн дээр өлгөөд л гэрээ чимчихнэ. Биднийг жаахан байхад одоогийнх шиг ийм хиймэл гацуур байсангүй. Хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг ойгоос амьд гацуур авчирч чимдэг байсан.
Аав маань гацуур авчирдаг байсан байх даа. Амьд гацуур болохоор гэр дүүрэн сайхан үнэртэнэ. Харамсалтай нь шинэ он гарангуут гудамж тайлбайгаар дүүрэн тайрсан гацуур болчихдог байсан. Энэ бол 1960-аад он. Харин 1980-аад онд охин бид хоёр цасан охин, өвлийн өвгөн болоод хамаатныхаа хүүхдүүдэд бэлэг өгөхөөр явган явдаг байсан.
Өвлийн өвгөн нь даалимбан дээл, цасан охин нь цагаан ишгэн шубээр гангардаг байж билээ. Хамаатныхаа хүүхдүүдэд өгөх гээд явж байхыг харсан зарим хүмүүс манай хүүхдэд бэлгийг нь өгчихеөд яваа гээд л гуйдагсан. 31-ний орой хөлөө өвдтөл гадуур алхаж алхаж өвлийн өвгөний үүргээ нэр төртэйгээр биелүүлчихээд гэртээ орж ирэхэд он солигдох мөч тун дөхчихсөн байна даа.
Харин 1990-ээд онд Орос руу явж байхдаа өвлийн өвгөний хувцас болон сахлыг иж бүрнээр нь авчирч байсан. Түүнийгээ өмсөөд бас их олон хүүхдэд бэлэг тараасан. Сүүлд нь найз Ариунболддоо энэ хувцсаа өвлүүлж өгсөн. Яагаад гэхээр охин маань сургуулиа төгсөж өвлийн өвгөн би тэтгэвэртээ суухаас аргагүй болсон.
Хамгийн сүүлд рок попын уран бүтээлчдийнхээ шинэ жилд өвлийн өвгөн болсон. Хамгийн хөгжилтэй нь өвлийн өвгөнийхөө хувцсыг коридорт өмсөх гэж бөөн юм болно шүү дээ. Нэг хөл дээрээ догонцож байгаад арай ядан өмсөнө, их хөгжилтэй. Ер нь шинэ жилийн баяр хамгийн сайхан баяр.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл ( 0 )