Баянгол дүүргийн 18 дугаар хороо буюу “Гурван билэг” их дэлгүүрийн ард байрлах “Шинэ дорно” олон үндэстний хоолны газарт өчигдөр гал гарлаа. Галын дуудлага үдийн 15:00 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газрын жижүүрт ирсэн бөгөөд гал унтраах гурван анги очин ажиллав.
Тус хоолны газрын баруун талд нь “G Pub” хэмээх кафе ажилладаг аж. Хоолны газрын ажилчдын хэлж байгаагаар, “гэнэтхэн л гал гарч цахилгаан хэрэгсэл, хийн баллон болон бусад зүйлсийг зоож гаргасан. Гал гарсныг өөрсдөө ч мэдээгүй. Тогны ачаалал ихтэй учраас цахилгаанаас үүссэн гэж бодож байна” гэлээ.
Харин хоол идэхээр тус хоолны газраар үйлчлүүлж байсан иргэдийн хэлж байгаагаар “гал гарсан нь огт мэдэгдээгүй бөгөөд ажилчид гал гарлаа гээд гарахыг хүссэний дагуу гарахад хоолны газар дээврээсээ эхлэн шатаж байсан” гэв.
Бид галын цэгт 15:15 цагийн үед очиход хоолны газрын дээвэр нэлэнхүйдээ шатаж байлаа. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгаанаас үүдэлтэй хэмээн үзэж байсан. Галыг оройн 18.00 цагийн үед унтраалаа.
Шинэ жилийн баяр болж байгаатай холбоотойгоор сүүлийн үед галын дуудлага ихсэх хандлагатай байгаа гэнэ. Тиймээс баярын өдрүүдэд анхаарал болгоомжтой байж, цахилгааны утас, цахилгаан хэрэгслээ хянаж байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
С.Од
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл ( 0 )