Шинэ оны анхны нар харах галт тэрэгний аяллыг УБТЗ-ын Аялал жуучлалын товчооноос жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд зохион байгуулдаг билээ. Тухайн жилийн мандаж буй анхны нарыг харж, ажил үйлс, амьдралаа даатгах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ жилийн шинэ оны анхны нар харах галт тэрэгний аяллын талаар УБТЗ-ын Аялал жуучлалын товчооны мэргэжилтэн Н.Уянгаас тодрууллаа.
-Шинэ оны анхны нар харах галт тэрэг хэдэн цагаас хөдлөх вэ?
-УБТЗ-ын Аялал жуучлалын товчоо нь 2001 оны нэгдүгээр сарын 1-нд анх удаа "Шинэ оны анхны нар харах" галт тэрэгний аялалыг зохион байгуулж эхэлснээс хойш эдүгээ есөн жил болж байна. Энэ хугацаанд 1500 гаруй гадаадын болон дотоодын жуулчдад үйлчилсэн. Жилээс жилд шинэ оны анхны нар харах гэсэн иргэдийн тоо нэмэгдэж байна. Мөн хамрах хүрээ нь ч нэмэгдэж байгаа. Тухайлбал, гадаадын жуулчдаас гадна Монгол Улсын Ерөнхий сайд, ЗТАЖЯ-ын сайд, дэд сайд, УИХ-ын гишүүд өндөр ач холбогдол өгч оролцдог болсон.
-Ирэх оны анхны нарыг хаанааас харах вэ?
-Багахангай дүүргийн нутаг дэвсгэр Хангай өртөө гэх газар болно. Нийслэлээс 95 км зайтай. Өглөө галт тэрэгний буудлаас 06:00 цагт хөдөлж, 08:00 цагийн орчимд очно. Тэгээд шинэ оны анхны нараа харчихаад буцна.
-Үнийн хувьд хөнгөлөлт байгаа юу. Ямар үнэтэй вэ?
-Энгийн галт тэргээр зорчих үнэ 20 мянган төгрөг, харин тусгай өрөөгөөр үйлчлүүлэх бол 60 ам.долларын үнэтэй. Шинэ оны нар харах галт тэрэгний аялал нь жуулчдад зориулсан тусгай аялал байсан бол сүүлийн жилүүдэд дотоодын жуулчдын сонирхол нэмэгдсэнээр хамрах хүмүүсийн тоо нэмэгдэж, зохион байгуулалтын асуудал дээр зайлшгүй анхаарах шаардлага гарч ирээд байна. Эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ арга хэмжээ тустай. Энэ жилийн хувьд нар харах ёслолд оролцохоор олон хүн захиалгаа өгөөд байгаа.
Э.ХҮРЭЛБААТАР
Тусгай галт тэргээр шинэ оны анхны нар харах аяллын хуваарь
ӨДӨР ЦАГ хөтөлбөр
2011.01.01 05.20 Хүсэлт гаргасан зочдыг угтан авах, УБ өртөөн дээр цугларах
05.55 Тусгай галт тэргэнд суун Хангай өртөөг зорих, вагонд амрах
06.30 Өглөөний цай уух
08.10 Хангай өртөөнд хүрэлцэн ирнэ. Галын наадам хийж нар мандахыг хүлээх
08.40 Цасан талын дундаас Шинэ оны анхны нар мандахыг харах, нар ойролцоогоор 08.40 цагт мандана
09.10 Галт тэргэндээ суух, Хангай өртөөнөөс хөдлөх
09.20 Ардын урлагийн тоглолт үзэх салон вагонд
11.20 Улаанбаатарт хүрэлцэн ирэх
Сэтгэгдэл ( 0 )