Амжилт бүтээлээр дүүрэн 2011 оноо үдэж, айлчлан ирж буй 2012 оноо угтах тэр торгон агшинд нийслэлчүүддээ урьд өмнө харж байгаагүй ёслолын буудлагыг үзүүлэхээр боллоо. Олон улсын урлаг спортын уралдаан тэмцээний нээлттэй дүйцэхүйц ёслолын буудлагыг үзэгч олондоо сонирхуулах болно гэдгийг энэ сарын 31-ний үдэж төв талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнийг зохион байгуулах ажлын хэсгийнхэн амлаж байна.
Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулах гэж буй энэхүү цэнгүүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулах юм. Их жанжин Сүхбаатарын талбайн өмнө хэсэгт 31-ний 19 цагаас 24.30 минут хүртэл үргэлжлэх цэнгүүнийг зохион байгуулах ажлын хэсгийнхэн хуралдаж, зохион байгуулалтын асуудлаа ярилцлаа. Цэнгүүний үеэр 2011 онд тохиосон томоохон тэмдэглэлт ойнуудын агуулгыг харуулсан соёл, урлагийн тоглолт, үзүүлбэрүүд болохоос гадна иргэд төв талбайд зассан сүлд модоо тойрон бүжиглэх боломжийг гаргах юм. Мөн энэ үдэш нийтийн тээвэр уртасгасан цагаар иргэдэд МУБИС болон Сүхбаатарын талбайн автобусны буудлаас нийтдээ 14 чиглэлд 80 автобус үйлчлэх юм. Төв талбайд цугласан иргэдийг тарж дуустал нийтийн тээвэр үйлчлэх тул захын хорооллын гэлтгүй иргэд төв талбайдаа шинэ оноо угтах боломжтой.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр шинэ жил өнгөртөл цас нэмж орохгүй, хүйтний эрч буурч цаг агаарын хувьд таатай байх хэдий ч инженерийн байгууламжийн бүхий л газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер даалгалаа. Мөн одоо болтол бүрэн цэвэрлэгдээгүй байгаа зам талбайн хальтиргаа гулгааг цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж, байгууллага, аж ахуйн нэгж бүртэй тулж ажиллан зам талбайг бүрэн цэвэрлүүлэхийг үүрэг болгосон юм.
Түүнчлэн дунджаар 92 хувьтай байгаа нийтийн эзэмшил, зам талбай, гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлыг баярын өмнө 100 хувьд хүргэж, хотоо гэрэл гэгээтэй болгож, өдөр шиг гэрэл гэгээтэй, дуутай, хууртай, хөгжилтэй, бүжигтэй төв талбайд ирж буй иргэдээ хүндрэл бэрхшээлгүй шинэ оноо угтах бүхий л боломж бололцоог хангахыг холбогдох газруудад даалгасан юм.
Сэтгэгдэл ( 0 )