Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд мөрөө үлдээж буй өнөө цагийн эрхэмсэг сонгодог бүжигчин Тамара Рохо “The Kirov Ballet”, “La Scala Ballet”, “Tokyo ballet”, “Ballet Nacional de Cuba”, “Ballet Deustsche Opera Berlin”, “National Ballet of China”, “Zurich Ballet, Lithuanian Ballet”, “Balletto Argentino” зэрэг олон орны үндэсний балетын театруудад дэлхийн гайхамшиг болсон балетуудын гоцлол дүрүүдийг бүтээжээ. Түүний шинэ оны буюу 2012 оны анхны айлчлан тоглолт Монгол Улсад байх аж. Тамара Рохо Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн эртний танил бөгөөд түүний хамт 2012 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр УДБЭТ-ын тайзнаа А.Аданы “Жизель” балетын Жизелийн дүрийг бүтээх юм байна. Түүнийг Жизелийн дүрийг 2006 онд бүтээхэд “The Times” сэтгүүлийн сэтгүүлч балетын шүүмжлэгч Дебра Крайне “сонгодог урлагийн стандарт Рохо гайхамшигтай эрч хүчтэйгээр эргэн ирлээ” хэмээн бичиж байлаа. Энэ удаагийн “Жизель” балетын удирдаачаар АНУ-ын иргэн Эл Система төвийн захирал, Удирдаач Марк Черчиль уригдан ирж байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн зургадугаар сард болсон “Night Of Ballet” фестивальд удирдаачаар ажилласан билээ.
А.Аданы “Жизель” балетад Д.Алтанхуяг, Тамара Рохо нар гоцлох болсон гэх таатай мэдээг сонссон сонгодог урлагийн үнэнч үзэгчид тасалбарын үнэ хэд байх, хэднээс эхлэн худалдаанд гарахыг өдөр бүр театраас сураглах болсон гэнэ. Тэгвэл Д.Алтанхуягийн гоцлох А.Аданы “Жизель” балетын тасалбар ирэх нэгдүгээр сарын 3-наас эхлэн УДБЭТ-ын кассаар худалдаалах бөгөөд үнэ нь 20,000 төгрөгөөс эхлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )