Амралтын өдрүүдэд аюулт үзэгдэл, ослын 20 дуудлага иржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 02

Шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд НОБГ-ын алба хаагчид бэлтгэл бэлэн байдлыг ханган ажилласан байна. 2011 оны арванхоёрдугаар сарын 31, 2012 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн болон галын зөрчлийн 16, автомашин цасанд суусан 1, мөс цөмөрсөн 1, цогцос гаргасан 1, тусламж үзүүлэхийг хүссэн нэг буюу нийт 20 дуудлагатай хоножээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн гудамжинд “Соната-2” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг, тус дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын гудамжинд  дөрвөн ханатай гэр шатаж нурсан байсныг тус тус унтраажээ. Дээрх гал түймэр арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 23:00 цагийн үед гарсан бөгөөд 12 настай эрэгтэй хүүхэд өртөж нас барсан байна. Мөн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Их амны голын Харзтайн салаанд “Тоёото Марк-2” загварын суудлын автомашин дугуйн хэсгээрээ цөмөрч орсон байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч шадар ахмад Ц.Ганбатаар ахлуулсан бүлэг “ГАЗ-66” маркийн автомашинтайгаар, Төв аймгийн Сэргэлэн сумын Ээж хайрхан гэдэг газар 7 зорчигчтой хоёр автомашин цасанд суусныг Аврах гал унтраах 80 дугаар ангийн алба хаагчид  “УАЗ-469” загварын автомашинаар тус тус татаж гаргасан байна. Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд 48 настай эрэгтэй хүн дулааны шугамын худагт унаж тархиа хагласан байсныг Шуурхай бүлэг 105-ийн тасгийнхан гаргаж анхны тусламж үзүүлжээ. Ийнхүү нийслэл хотод амралтын хоёр өдөрт 20 дуудлагатай хоносон байна. Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайд болсон шинэ жилийн баярын ёслолын арга хэмжээнд НОБГ-ын Аврах гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасаг, Аврах гал унтраах 14, 34 дугаар ангийн тасгийн алба хаагчид Аврах гал унтаах 10, 26 дугаар ангиудын гэрэл холбоо, нийслэлийн Онцгой байдлын газрын Холбоо, штабын албаны автомашинтайгаар хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн байна. энэ үеэр гал түймрийн ноцтой зөрчил илрээгүй тайван өнгөрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top