АН-ын дарга Н.Алтанхуяг: Манай нам үүргээ сайн биелүүлсэн

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 05


  Өнөөдөр албан ёсоор хамтарсан Засгийн газраас  намаа гарах болсныг мэдэгдсэн АН-ын  дарга Н.Алтанхуяг тайлбар хийлээ.   2008 оны сонгуулиас  хойш өнгөрсөн хугацаанд  Засгийн газарт АН үүргээ сайн гүйцэтгэсэн гэж тэрээр үзэж байгаа ажээ.  

“УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа сонгууль будилаантай болсон гэж  долдугаар сарын 1-ний үйл явдал болж таван хүний амь нас үрэгдсэн хар үйл явдал болсон билээ. Үүний дараа Монгол Улс улс төрийн хувьд сөргөлдөөнтэй байдлаар цааш явах юм бол яах вэ гэсэн асуултын тэмдэг дээр очсон.

Энэ үед АН тодорхой хэмжээгээр ухаалаг шийдвэр гаргаж  хамтарсан Засгийн газарт орж ард иргэдийнхээ ахуй амьжиргааг дээшлүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хадгалах, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэе гэсэн шийдвэрийг ҮЗХ гаргаад гурван жил дөрвөн сарын хугацаа өнгөрч байна.

Хамтарснаараа бид улс төрийн тогтвортой байдлыг сайн хадгалж чадлаа. Дэлхий нийтэд томоохон гамшиг авчирсан эдийн засгийн хямралыг харьцангуй гарз хохирол багатайгаар даван туулж чадлаа. Олон жил дуншсан  Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөөнд оруулж улс орны эрчимтэй эдийн засгийн хөгжлийн суурийг тавьж чадлаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудлаар томоохон ажлууд эхлүүлж чадлаа.

АН хамтарсан Засгийн газарт орж ажилласнаараа өөртөө оногдсон түүхэн үүргийг хариуцлагатай, нэр төртэй хийж чадсан гэж би АН-ын даргын хувьд үзэж байна.  Энэ жил  нэлээд онцлогтой,  УИХ, орон нутгийн сонгууль зургадугаар сард хамтдаа болно.

Энэ сонгуульд АН, МАН тус тусдаа  мөрийн хөтөлбөр гаргаж сонгуульд оролцоно.
АН хамтарсан Засгийн газарт орсон үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн учир УИХ-ын сонгуульд ард иргэдэд ойлгомжтой байдлаар орохын тулд Засгийн газраас гарах нь зөв гэж би намын даргын хувьд үзэж байгаа юм. Ойрын үед ҮЗХ-ны хурлыг зарлан хуралдуулж энэ асуудлыг эцэслэн шийднэ” гэлээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top