Д.Очирбат:Нийгэмд тулгамдсан, шийдвэрлэх ёстой хуулиудыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 07

Улсын Их Хурлын 2012 оны 1 дүгээр сарын 06-ний өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслүүд байсан боловч эдгээр асуудлыг хойшлуулах хүсэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг гаргасан. Учир нь эдгээр асуудлыг даргын зөвлөлийн хуралдаанаар оруулж хэлэлцсэний дараа чуулганы хуралдаанд оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Энэхүү хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч асуудлыг хойшлуулах бус уг асуудлаар тус бүлэгт завсарлага өгөхөөр шийдвэрлэв. Гэхдээ УИХ-ын дарга завсарлага дээр хугацаа алдаж болохгүй гэдгийг анхааруулсан юм.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь байхгүй учир хойшлуулахаар болсон юм. Харин УИХ-ын гишүүн, НББСШУ-ын байнгын хорооны дарга Д.Очирбат нийгэмд тулгамдсан, яаралтай шийдвэрлэх ёстой маш олон хуулиуд хүлээгдэж байхад яагаад асуудлыг хэлэлцэхгүй завсарлага авах гээд байгаа юм бэ. Асуудлуудыг чуулганаар хэлэлцье гээд оруулж ирээ биз дээ хэмээсэн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, би хэлэлцэх асуудлын 6,7 дугаар асуудлыг л хойшлуулах хүсэлт гаргасан. Бусад нийгмийн даатгалын асуудалтай холбоотой асуудлуудыг хөндөөгүй. Иймд олон асуудал хойшлуулах гэлээ гэж хавтгайруулах хэрэгтүй гэлээ. Мөн тэрбээр, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ч ирэх Даваа гаригт АН-ын бүлгийн хуралдаанаар ярилцах шаардлагатай хэмээгээд хойшлуулах санал гаргасан юм.

УИХ-ын дарга , хуралдаан горимоороо явбал өглөө чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж байх үед  хуулийн төслүүдийг хойшлуулах санал, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх байсан. Гишүүд горимоо бариагүй учраас маргаан гарч байна. Хууль санаачилсан зарим гишүүд ч бас алга байна. Иймд цаашид гишүүд хуралдааны горимоо барьж ажиллах хэрэгтэйг анхааруулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top