Өнгөрсөн баасан гаригийн 19 цагаас хойш нийслэл хотноо амнаас ам дамжин, "Бензин 300 төгрөгөөр нэмэгдэх болсон тул бензинээ базаагаарай, банкаа дүүргээд аваарай "гэсэн мессеж үерийн ус шиг шуугив. Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй мөлхөнө гэдэг шиг бензин авах гэсэн жолооч нар Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудад уртаас урт цуваа үүсгэн түгжрэнэ гэдгийг жинхэнэ утгаар нь харууллаа. Жолооч нар, "Нэг удаадаа ч яахав банкаа дүүргэчихлээ, дараа нь яах билээ" гэж ярилцсаар оочерлон зогссон юм. "21 цагаас хойш нэмэгдэнэ, үгүй 00 цагаас хойш нэмэгдэх юм гэсэн" гэж иргэд ам хуурайгүй ярилцаж байлаа. Үүний хажуугаар ахиухан бензин нөөцөлж аваад дамлах, бүр байг гэхэд халтууранд явж хэдэн төгрөг зулгаая гэсэн хүмүүс ч цөөнгүй байгаа нь анзаарагдав. Энэ үеэр эрхэм сайд нар юу ч мэдээгүй аятай сууцгаах нь цэнхэр дэлгэцээр тодхон харагдсан. Тэр оройныхоо 21 цагаас эхлэн хэд хэдэн газар тухайлбал "МТ Ойл" компанийн ШТС-ууд литр тутамдаа 1590 төгрөгөөр худалдаалж байсан АИ-92 шатахууны үнийг 260 төгрөгөөр нэмэгдүүлж, 1850 төгрөгөөр борлуулж байна. Бусад ШТС-уудын хувьд түлш, шатахууны үнээ нэмээгүй байгаа боловч маргаашнаас нь уван цуван үнээ нэмж эхэлсэн юм. " Петровис", "Сод Монгол" -ын Шатахуун түгээх станцууд хуучин үнээрээ борлуулж байсан ч "Сод Монгол" өнөөдрөөс үнээ нэмэхээр болжээ. Үнийн нэмэгдэл нь зах зээлтэйгээ адилхан байх гэнэ."Петровис" компани ч мөн өнөөдөр албан ёсоор мэдэгдэл хийн А-80 авто бензин литр тутамдаа 1515 төгрөг, АИ-92 шатахууныг 1820 төгрөгөөр худалдаална гэлээ. Харин дизель түлшний тухайд бусдын жишгээр литр тутамд нь 1885 төгрөгөөр борлуулах аж.
УИХ-ын нэгэн гишүүний хүү Улаанбаатар хотын замын түгжрэлд орчихоод “Бензиний үнэ нэг литр нь 10 мянган төгрөг болчихоосой. Тэгвэл зам түгжрэхийн зовлонгоос ангижирч, цөөхөн хэдхэн хүмүүс /тухайлбал баячууд/ хотын гудмаар чөлөөтэй давхихгүй юу” гэсэн яриа байдаг. Шатахууны үнэ урьд хожид байгаагүйгээр огцом нэмэгдсэн болохоор энэ үг биеллээ олоход тун ойрхон байгаа бололтой. Өнөөдрийн хувьд таарсан хүн болгон “Үнэхээр ингээд бензин нэмэгдчихлээ гэж үү, дагаад хамгийн түрүүн такси, микроны үнэ өснө. Дараагаар нь талх, мах гээд өргөн хэрэглээний бараа уламжлалын дагуу огцом нэмэгдээд эхлэнэ. Яаж амьдрах юм бэ гэцгээж байлаа”. Баян Монгол орны ядруухан амьдралтай иргэд үнийн хөөрөгдөлд итгэж ядан байгаа ч үнэндээ хэдийнэ таксины үнэ км тутамдаа 800-1000 төгрөгөөр явж эхэлжээ. Багш нар дуулиан шуугиантайгаар ажил хаян байж цалингаа нэмэгдүүлэх аман амлалт авсан. Бодит байдал дээр хуучин цалингаа аваад цалин нь нэмэгдэж эхлэх хоёрдугаар сарын 1-нийг тэсэн ядан хүлээж байгаа. Гэвч тэдний цалин нэмэгдэх сургаар л юмны үнэ нэмэгдэж, шинэ жилийн баяраар нэг кг мах 7000 мянган төгрөгт хүрсэн билээ. Гэтэл бензиний үнэ огцом 260 төгрөгөөр нэмэгдчихлээ. Ард түмэн яаж амьдрахыг хэлээд өгөх төр засаг байна уу. Монголын ард түмэн туйлдаж байна.
Уншигчид та бүхэн өнгөрсөн баасан гарагийн орой ШТС-ууд хэрхэн ачаалалтай байсан, мөн бензин түлшний үнэ хэрхэн нэмэгдсэнг эндээс үзнэ үү.
Г.Оюун
Сэтгэгдэл ( 0 )