Шатахууны үнийн тухай албан ёсны мэдээллийг өнөөдөр хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 07
Өчигдөр оройны 21 цагаас эхлэн Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зарим Шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууны үнийг нэмж, 1850 төгрөгөөр худалдаалах болоод байна.  Хамгийн түрүүнд "МТ Ойл" компанийн ШТС-ууд литр тутамдаа 1590 төгрөгөөр худалдаалж байсан АИ-92 шатахууны үнийг 260 төгрөгөөр нэмэгдүүлж, 1850 төгрөгөөр борлуулж эхэлсэн юм. Харин бусад ШТС-уудын хувьд түлш, шатахууны үнээ 00.00 цагаас эхлэн бүх компанийн ШТС-ууд нэгэн зэрэг үнээ нэмэх болсон тухай албан бус мэдээлэл тарсан юм. Ямартаа ч энэ мэдээлэл тарсаны дараа иргэд шатахуун авахаар дугаарлаж шатахуун түгээх станцууд багагүй ачаалалтай ажилласан байна.  Өчигдөр үдээс хойш Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас холбогдох газруудыг оролцуулсан комиссын хуралдаан хийсэн. Улмаар шатахууны үнийн нэмэгдэлтэй холбоотой хурлаас гарсан шийдвэрийг  хэвлэл, мэдээллийнхэнд хандан тодорхой мэдээлэл хийнэ хэмээн мэдэгдсэн билээ.  Яамны зүгээс болон бусад албаны хүмүүс шатахууны үнийн өсөлтийг ам.долларын ханш чангарсантай холбон тайлбарлаж буй. Сүүлийн үед ам.долларын ханш өссөөр, өнөөдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1450 даваад байна. Тиймээс нефть импортлогч компаниуд өнгөрсөн хугацаанд багагүй алдагдалтай ажиллаж байсан тул ийнхүү шатахууны үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн гэх албаны тайлбар өгч буй юм. Шатахууны үнийн тухай албан ёсны мэдээллийг өнөөдөр хийнэ.

  Эх сурвалж: tv5

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top