”Хилийн үнэ дахин нэмэгдэхгүй гэсэн таамаг бий”

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 09

Стратегийн гол бүтээгдэхүүн түлш, шатахууны үнэ өнгөрөгч баасан гаригийн оройноос литр тутамдаа 260 хүртэлх төгрөгөөр нэмэгдээд буй. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас баасан гаригийн үдээс хойш холбогдох газруудыг оролцуулсан комиссын хуралдаан хийсэн байгаа. Тус хурлаас түлш, шатахууны үнийг огцом нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч холбогдох албаны хүмүүс албан ёсны тайлбар өгөлгүй нийслэлийн хэмжээнд багагүй “үймээн” дэгдээв. Шатахууны үнэ нэмэгдэх сургаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах шатахуун түгээх станцуудын ачаалал эрс нэмэгдэж, үнийн өсөлтөөс өмнө амжиж шатахуунаа нөөцлөх гэсэн иргэдийн хөлд дарагдсан юм. Авто замын хөдөлгөөн хэдийнэ саарсан байдаг үдшийн цагаар ч нийслэлийн төвийн болон захын дүүргүүдэд замын түгжрэл үүсч, ШТС болоод ойр орчмын уулзваруудад бухимдсан иргэд, жолооч нарын урт дараалал үүссэн. Баасан гаригийн орой 22.00 цагаас эхлэн “МТ Ойл” болон “Жаст ойл” компаниуд литр тутамдаа 1590 төгрөгөөр борлуулж байсан АИ-92 шатахууны үнийг нэмж, 1850 төгрөгөөр худалдаалах болсон. Улмаар бямба гаригийн өглөөнөөс эхлэн нефть импортлогч компаниуд түлш, шатахууны үнийг ээлж дараалан нэмсээр ням гаригийн өглөөний байдлаар нийслэлийн хэмжээнд дийлэнх ШТС-ууд үнээ нэмээд байна. Цөөн хэдэн ШТС-ын тухайд өмнө нь хилийн үнэ нэмэгдэхээс өмнө авсан нөөцөө дууссаны дараагаар түлш, шатахууны үнээ нэмэх гэнэ. Ингэснээр А-80 авто бензин литр тутамдаа 1550, АИ-92 1850, АИ-95 2000, дизель түлш 1885 төгрөгийн ханштай болоод байна.

Өмнө нь түлш, шатахууны үнэ нэмэгдэж байсан ч ийнхүү литр тутамдаа 200-300 төгрөгөөр огцом нэмэгдэж байсан удаа үгүй. Шатахууны үнийн энэ өсөлтийг ам.долларын ханш чангарсантай холбон тайлбарлах хүмүүс байхад улстөрийн тогтворгүй байдлаас шалтгаалж, улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж буй хэмээн улстөржүүлэн тайлбарлах хүмүүс ч байна. Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан талх, мах, гурил будаа гээд өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсдөг жишиг бий. Энэ удаад ч шатахууны үнэ нэмэгдсэн даруйд таксины үнэ км тутамдаа 100-400 төгрөгөөр нэмэгдээд байна.

Тэгвэл, шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан Газрын тосны газрын дэд дарга Ц.Амараа өчигдөр орой “Ийгл Ньюс” телевизийн “Тоймчийн хөтөлбөр” нэвтрүүлэгт оролцож, албаны эх сурвалжийн тайлбар өгсөн байна. Тэрбээр түлш, шатахууны үнийн өсөлтийг ам.долларын ханштай шууд холбон тайлбарлажээ. 

-Баасан гаригийн орой Эрдэс баялаг, эрчим хүчний яаман дээр нефть импортлогч компаниудын төлөөлөл оролцсон комиссын хурал болсон байгаа. Тус уулзалтаас түлш, шатахууны үнийг литр тутамд нь 260 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?

-Сар болгон импортын барааны хилийн үнэ ирэх үед Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан Ажлын хэсэг нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, тухайн сарын үнийн талаар ярилцдаг. Монгол Улсын Засгийн газраас хилийн үнэ хэлбэлзсэн нөхцөлд Онцгой албан татвар болоод Гаалийн татварын хувь хэмжээг ихэсгэж, багасгах замаар хэрэглэгчдэд хүрэх жижиглэнгийн үнийг тогтмол барьсаар ирсэн. Үндсэндээ бол 2008 оноос хойш өнгөрсөн жилийн долдугаар сар хүртэл түлш, шатахууны үнэд өөрчлөлт ороогүй. Харин 2011 оны долдугаар сард ОХУ-д үүссэн газрын тосны бүтээгдэхүүний хомсдол Монгол Улсад нөлөөлсөн. Улмаар зөвхөн “Роснефть” компаниас газрын тосны бүтээгдэхүүн импортолдог байсан бол эх үүсвэрүүдийг нэмэгдүүлснээр Монгол Улсын түлш, шатахууны хэрэгцээг хангахын тулд “Роснефть” компаниас 60 орчим хувийг, үлдсэн 40 хувийг бусад эх үүсвэрүүдээс нийлүүлж байна. 2011 оны долдугаар сард газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ нэмэгдэж, АИ-92 авто бензиний үнэ нэг тонн нь 1280 ам.доллар болсон. Наймдугаар сард мөн адил үнэтэй байсан. Тухайн үед ам.долларын ханш 1250 төгрөг байсан. Улмаар наймдугаар сараас хойш АИ-92 шатахуун литр тутамдаа 1590, дизель түлш 1650 төгрөгийн үнэ мөрдөгдөж байсан нь өчигдрийг /2011.12.06/ хүртэл өөрчлөгдөөгүй. Гэтэл энэ хугацаанд ам.долларын ханш 200 төгрөгөөр өсчихөөд байна. Нефть импортлогч компаниуд ОХУ-аас бүтээгдэхүүнээ ам.доллараар худалдан авдаг тул ам.долларын ханшны дээрх зөрүүнээс шалтгаалж, шатахууны үнэ өслөө. УИХ-аас Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсөн Гаалийн болоод Онцгой албан татварын хувь хэмжээ бол бүх төрөл дээр тэглэсэн байгаа.

-Баасан гаригийн орой бидэнд ирсэн мэдээллээр түлш, шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэнэ гэж байсан. Мэдээж энэ бол нефть импортлогч компаниудын зүгээс оруулж ирсэн үнийн санал байх?

-Ажлын хэсгийн хуралдаан дээр 260 төгрөгийн өсөлтийг багасгах санал тавьсан. Сар бүр импортлогч компаниудын борлуулах үнийн талаар Ажлын хэсгээс санал тавьдаг. Энэ удаад ч гэсэн хэдийгээр ам.долларын ханш чангарсан ч түлш, шатахууны огцом өсөлт хэрэглэгчдэд хүнд тусах тул үнийн өсөлтийг багасгах хүсэлт тавьсан. Зарим компаниудтай үнэ нэмэх хугацааг аль болох хойшлуулах талаар ярилцсан. Дизель түлшний тухайд хилийн үнэ 1270 ам.доллар байгаа. Үүн дээр нэг тонн дизель түлшийг борлуулах албан татвар, зээлийн хүү, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааны зардал гээд 380 мянган төгрөгийн зардал тонн тутамд байдаг. Тэгэхээр 1270 ам.долларыг төгрөгт шилжүүлээд, зардлаа нэмээд харахад энэ үнэ үндэслэлтэй харагдаж байгаа юм. Гэхдээ тонноор илэрхийлж байгаа бүтээгдэхүүнийг литрээр борлуулж байгаа тул хувийг нягтаар үржүүлээд, литр рүү шилжүүлбэл дээрх үнийг багасгах боломж байгаа. Энэ хүсэлтийг компаниудад тавьсан боловч хувийн секторт харьяалагдаж буй компаниуд мэдээж ашгийн төлөө ажиллаж байна. Байдал ийм л байна.

-Ажлын хэсгийн хуралдаанд нефть импортлогч хэдэн компанийн төлөөлөл оролцов. Баасан гаригийн оройноос эхлэн зарим компанийн ШТС-ууд үнээ нэмсэн байхад зарим нь бямба гаригт ч нэмээгүй байсан. Яагаад ийм байдал гарч байна вэ?

-Бид шатахууны үнийн асуудлаар Монголбанкны төлөөлөлтэй мөн уулзсан. Тэдний зүгээс ам.долларын ханш бууна гэж хэлж чадахгүй гэдгээ хэлсэн. Баасан гаригийн хуралд Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл ч оролцсон байгаа. Нефть импортлогч компаниудын хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард татсан түлш, шатахууны нөөц байгаа. Үүнд үндэслэн үнэ нэмэх хугацааг аль болох хойшлуулах санал тавьсныг зарим компани хүлээн авсан хэрэг.

-Тухайлбал, “Жаст Ойл” компани АИ-95 бензинийг литр тутамдаа 2000 төгрөгөөр худалдаалж байна. Та бүхний тохиролцсон гээд байгаа 260 төгрөгийн өсөлтөөс илүү байгаа юм биш үү?


-АИ-95 шатахууны тухайд хилийн үнэ угаас өндөр байдаг. Энэ бол өндөр октантай бензин байдаг тул хилийн үнэ нь 1580, зарим үед 1600 ам.долларт хүрдэг.

-Ямартай ч нийслэлийн хэмжээнд түлш, шатахууны үнэ нэмэгдчихлээ. Хөдөө, орон нутагт байдал хэрхэх вэ?

-Хөдөө, орон нутагт борлуулж буй түлш, шатахууны үнэ тээвэрлэлтийн зардлаас шалтгаалаад Улаанбаатар хотынхоос ялгаатай байдаг. Нэгэнт газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ өссөн тул үүнийг дагаад хөдөө, орон нутагт ч үнэ өснө гэсэн үг.

-Ямар хувь, хэмжээгээр нэмэгдэх бол?

-Хувьд шилжүүлбэл нийслэлд нэмэгдсэнтэй ижил байдлаар нэмэгдэх учиртай.

-Монгол Улсын Засгийн газраас өмнө нь Онцгой албан татварыг тэглэснээр шатахууны үнийн өсөлтийг хазаарлаж чадсан. Энэ удаад ам.долларын ханшнаас шалтгаалж байгаа тул холбогдох яам, албаны байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Өмнө нь 2008 онд хилийн үнэ огцом өсөхөд УИХ, Засгийн газраас Гаалийн татварыг тэглэж, НӨАТ-ыг буцаан олгох журмаар асуудлыг шийдэж байсан. Ойрын хэдэн сарын хугацаанд хилийн үнэ дахин нэмэгдэхгүй гэсэн таамаглал байгаа. Харин энэ хугацаанд ам.долларын ханш өссөөр байвал тодорхой арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ. Нэгэнт газрын тосны бүтээгдэхүүнийг ам.доллараар худалдан авч байгаа тул шаардлагатай арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарна.

-Импортлогч компаниудын хувьд хилийн үнэ нэмэгдэхээс өмнө худалдаж авсан нөөц хэр байгаа вэ?


-Өнөөдрийн байдлаар ердийн хэрэглээгээр хангалттай нөөцтэй байна. А-80 авто бензин 16, АИ-92 бензин 21, дизель түлш 12 хоногийн нөөцтэй байна. Энэ бол энгийн хэрэглээний үед хэвийн гэсэн үг. Баасан гаригийн оройноос эхлэн ШТС-уудад урт дараалал бий болсон нь түлш, шатахууны нөөцөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэхдээ өнөөдрийн байдлаар нөөц хэвийн гэж ойлгож болно.

-Нэгдүгээр сард худалдан авахаар захиалга өгсөн 90 мянган тонн шатахуун хэзээ ирэх вэ?


-Ер нь сар бүрийн 10-даас эхлээд орж ирдэг. Эхний ачилтууд хийгдсэн гэсэн үг. Гэрээ, хэлэлцээрийн дагуу хангалтын тал дээр асуудал үүсэхгүй байх. Үнийн тухайд зайлшгүй ам.доллараар бүтээгдэхүүнээ худалдан авч байгаа тул ам.долларын өсөлтөөс цэвэр шалтгаалж байна.



Зохиогчийн эрх: “Eagle News TV”
Ярилцсан: Тоймч Мөнхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top