Улсын их хурлын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил танаа

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 09

 Эрхэм хүндэт Улсын Их Хурлыг гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Таны энэ өдрийн амар амгаланг эрэхийн ялдамд төрийн их ажилд тань өндөр амжилт хүсье.

Өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хилсээр яллагдахдаа тулаад байгаа цагдаагийн ажилтнууд нь цагдаагийн хүнд хүчир албанд цэл залуу халуун наснаасаа зүтгэж нойр хоолоо хасан, онц хүнд ноцтой олон гэмт хэргүүдийг илрүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг цагдаагийн алба хаагчид гэдгийг жирийн иргэд сайн мэднэ. Цагдаагийн алба хаагчид нь даргын тушаал шийдвэрээр үүрэг даалгавар авч иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахын тулд гэр бүлээрээ ч баяраа хуваалцаж чаддаггүй, баяр ёслол, өдөр шөнөгүй, гэмт хэрэг гарсан үед бүтэн сараар ч гэртээ ирдэггүй тийм л хүмүүс билээ. Үүрийн шөнөөр гэрээсээ гарч, үдшийн бүрэнхийгээр гэртээ ирж, ард олныхоо амар амгаланг ханган ажиллахын төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг цаггүй ажилтай цагдаа л өдөр шөнийн аль ч үед ард түмэн биднээ амар амгалан байлгахын төлөө  ажил албаа гүйцэтгэдэг.

Цагдаа бол ямар нэгэн нам, улс төрд харьялагдах биш, Төрд тангараг өргөж, түмэн олныхоо эрүүл энхийн манаад цаг наргүй зүтгэдэг алба. Тийм учраас цагдаагийн алба хаагчид бид Монгол төрийн цагдаа хэмээн бахархдаг.  Гэтэл цагдаагийн ажилтнуудыг 2008 оны долдугаар сарын 01-ний үймээний үеэр амиа алдсан дөрвөн хүний хэрэгт буруутган бүтэн гурван жил  гаруй хугацаанд шалгаж цаг хугацаа хийгээд сэтгэл санааны асар их хохирол амсууллаа. Сонгууль будлиантсан гэдгээр жагсаал цуглаан зохион байгуулж, улс төржүүлэн, улс олон нийтийн өчнөөн хөрөнгийг шатааж сүйтгэсэн хүмүүс өнөөдөр ямар ч хариуцлага үүрээгүйгээр барахгүй “Жагсаал цуглаан хийж  үймээн самуун дэгдээсэн бидний зөв,  үүргээ биелүүлсэн цагдаа хүчний байгууллагынхан буруутай” гэсэн байдлаар асуудалд хандаж, нийгмийн сэтгэзүйг өөр зүгт хандуулахыг зорих боллоо. Өнгөрсөн долоо хоногт Ж.Батзандан “Улс төрийн тойм” сонины сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Өршөөлийн хууль”-д хамрагдсан хэргийг хэн дуртай нэг нь шалга гэхээр сэргээдэг зүйл биш” хэмээн онцолсон. Тиймээс үнэхээр хууль зөрчиж асуудалд хандаж байгаа биш л бол  цагдаагийн алба хаагчид бидэнд холбогдуулан шалгасан хэргийг “Өршөөлийн хууль”-д хамрагдсан гэдгийг та мартах учиргүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил та Монгол Улсын мэргэшсэн туршлагатай хуульчдын нэг. Тиймээс тухайн үед салбарыг нь хариуцаж байсан сайдын хувьд, салбарынхаа төлөөлөл болсон төрийн цагдаа бидний хэлмэгдэж байгаа энэхүү асуудалд хөндлөнгөөс хандахгүй хэмээн найдаж байна. Монголын Хууль бол нотлогдсон гэмт хэрэгтнийг хамгаалдаг, үүргээ гүйцэтгэсэн, хилсээр гүтгэгдсэн төрийн цагдааг хамгаалж чаддаггүй юм биш байгаа гэсэн эмзэг ойлголтыг нийгэмд төрүүлж болзошгүй үүсээд байгаа уг асуудалд онцгой анхаарлаа хандуулж, хуульч, мөн энэ хэрэгт хусаад ч арилахгүй холбогдсон хүний хувьд өнөөдөр үгээ хэлэх цаг болоод байна.  Цагдаа нарын эсрэг шидэх чулууг машин машинаар нь зөөж, шатах дэлбэрэх бодисыг нь бэлтгэж өгсөн, намын байранд угаартаж амиа алдсан талийгаачийн амь нас,  үймээний үеэр буудуулж нас барсан 4 хүний эрдэнэт амь, тэр үеэр бэртэж гэмтээд түүнээсээ болж нас барсан цагдаагийн хоёр албан хаагчийн амь нас, үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ үүрд хохирч, өрөөсөн бөөр, өрөөсөн нүд, өрөөсөн төмсөггүй болсон, бүх үүдэн шүдээ цөмлүүлсэн, хөл гараа гэмтээсэн, цаашид ажиллах ажлын чадваргүй болж, тархи нугасны хүнд гэмтэлтэй,  татаж унадаг өвчин эмгэгтэй  болон хүний гарт асруулж байгаа цагдаагийн олон алба хаагчдын хохирол өнөөдөр, маргааш, цаашид ч тасрахгүй үргэлжлэх нь дамжиггүй.

Машин машинаар авчирсан чулуу, шатах дэлбэрэх бодис тэнгэрээс буугаагүй,  гэгээн цагаан өдрөөр жолоочгүй, номергүй машин хаанаас бий болов.  Хэн машин машинаар чулуу мод, шатдаг, асдаг, дэлбэрдэг шатахуун тос авчрав. Бухимдсан олныг турхирч, туг далбаагаа мандуулан довтолж, давшилж, бусдыг турхирч байсан өөрсдийгөө улс төрчид хэмээн үзэгсэд болох Ж.Батзандан нарын хүмүүс уг үймээнээс үүдэлтэй  бүх хохирлыг хариуцах ёстой гэдгийг өргөсөн тангарагтаа үнэнч байж, дээрээс ирүүлсэн үүрэг даалгаврыг биелүүлэн амиа ч үл хайрлан зүтгэсэн цагдаагийн алба хаагчид бид зохих албан тушаалтнуудаас хатуу шаардаж байна. Үймээнийг дэгдээгч, гол буруутан, хэргийн эзэн этгээд өнөөдөр УИХ-д нэр дэвшинэ, их хурлын гишүүн болно гэж  сайрхан, улс төрийн хамгаалалтандаа эрдэн гурван жилийн өмнө өөрсдийн хийсэн гэмийг өрөөлд тохож байна. Энэ хүн өнөөдөр үймээн самууныг голлон зохион байгуулж өчнөөн хор хохирол учруулсан атлаа “би ямар ч гэм зэмгүй цагаадсан, Өршөөлийн хуулийг сэргээх ёсгүй, би наранд, цагдаагийнхан Гянданд байх ёстой” хэмээн тавлан шоудаж байгаа нь дэндүү гэмээр эмгэнэл биш гэж үү. Ямар ч техник хэрэгсэлгүйгээр арав хорин цагдаа нарын дунд ганц хуванцар бамбай, өөрийгөө хамгаалах чадваргүй каскан малгайтай, тал ханцуйтай цагаан цамцтай нүцгэн гараар аюултай тэмцэн улайрсан жагсагчдад зодуулж, төмөр хашаагаар хөл гараа сүлбүүлж, амь насаараа дэнчин тавьж, цус нөжөө гоожуулан ард иргэдээ хамгаалж, шатаж байсан байшингаас ажлаа хийж байсан жирийн иргэн, галдан шатааж өөрсдөө дотор нь орж хамаг бүхнийг эвдэлж хэмхэлсэн тэр танхай балмад этгээдүүдийг  гэмт хэрэгтэн гэж орхилгүй угаартаж, шатаж үхэхээс аварч, үүрч дүүрэн, гаргаж, өөрсдийн бололцоогоороо аварсныг шатаж байсан байшингаас авруулсан хүмүүс гэрчлэх билээ.

 Тэр өдөр олон хүний амийг Цагдаагийнхантай хамт аварсан Онцгой байдлын алба хаагчдад баяр талархлаа илэрхийлэх ёстой.  Өргөсөн тангарагтаа үнэнч байж төр улсаа хамгаалж, улс нийтийн эд хөрөнгөнд хэмжээлшгүй хохирол амсах байсныг таслан зогсоож, олон хүний амь нас, Монгол Улсын архив, Засгийн газрын ордон, Гадаад харилцааны яамыг шатаж сүйтгэхээс хамгаалан эр зоригоороо ажилласан цагдаа нар буруутаж байгаа нь шударга үнэнд яагаад ч нийцэхгүй билээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил таны бие Монгол Улсын Ерөнхийлөгч улс даяар Онцгой байдал зарласны дараа Онцгой байдлын штабын даргаар  ажиллаж, таны удирдлага дор цагдаагийн байгууллага ажиллаж, үүрэг гүйцэтгэсэн гэдгийг жирийн иргэд ч мартаагүй байгаа.  Тиймээс  үүргээ гүйцэтгэсэн төр, ард иргэдээ хамгаалсан цагдаагийн эрхийг Өнөөдөр, яг энэ цагт хамгаалж өгөх нь шударга ёс хийгээд шударга иргэн хүний хувьд хийх ёстой зүй ёсны ажлын тань нэг байх болно. Хэрвээ цагийн байдал сөрөг эргэж, 2008 оны долдугаар сарын 01-нд үүссэн асуудалд цагдаагийн ажилтнуудыг буруутган, яллах аваас улс орон болоод нийгэм, иргэд, олон нийт таатай хүлээн авахгүй гэдгийг Улс төрийн эгзэгтэй, хариуцлагатай үе болох 2012 оны эхлэл босгон дээр танд хичээнгүйлэн сануулах гэсэн юм. Нэгэн цагт салбар хариуцсан сайд байж, хариуцсан үүргийн дагуу төрийг төлөөлөн тушаал гарган, үүрэг өгч, удирдсан Таныг энэ бүхнээ үл тоомсорлон мартаж, таны өгсөн тушаалыг ёсчлон биелүүлсэн төрийн цагдаа биднийг бохир тоглоомын золиос болгохгүй гэдэгт найдаж байна. 2008 оны долдугаар сарын 01-нд хамгаалалтад гарч ажиллан, бэртэж гэмтсэн 100, 100-нд цагдаагийн алба хаагч, үүргээ биелүүлж яваад бэртэж нас барсан хоёр андын маань халуун амь улс төрчдийн хүйтэн тогоонд зэврэх учиргүй хэмээн итгэж байна. Төрд өргөсөн тангарагтаа үнэнч байж, даргын өгсөн үүргийг биелүүлсэн цагдаагийн алба хаагчид бид нэгэн цагт салбар удирдан ажиллаж байсан сайд асан Таныг асуудалд нухацтай хандаж, шийдвэрийг шударга гаргана гэдэгт итгэж байна.

 

2008 оны 07 дугаар сарын 01-нд үүрэг гүйцэтгэж ажилласан цагдаагийн алба хаагчид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top