Нөөцийн махыг энэ сарын 15-наас долдугаар сарын 15-ныг хүртэл 12 мянган тонныг нийслэлийн есөн дүүргийн 310 орчим цэгээр худалдаалахаар болжээ.
Нөөцийн махны үнэ өнгөрсөн жилийнхтэй адилхан байх бөгөөд үхрийн мах 3500, хонины мах 3000, ямааны мах 2400 төгрөгийн үнэтэйгээр борлуулагдах юм байна. Нөөцийн махыг 22 аж ахуйн нэгж нийлүүлэх бөгөөд тэдэнд зориулан өнгөрсөн жил кг тутамд 500 төгрөгийн урамшуулал олгож байсан бол энэ жил 650 төгрөг болгожээ. Энэ нь шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн зөрүүг арилгах хэмжээнийх гэлээ. Энэхүү урамшуулалд төсвөөс 1,8 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна.
Ингэснээр аж ахуйн нэгжүүд шаардлага хангасан чанартай мах зарах бөгөөд эс тэгвэл урамшууллыг олгохгүй байх хөшүүргийг хийжээ.
Нийслэлийн засаг даргын мэдээлж буйгаар өнгөрсөн жил махны илүүдэлтэй байсан гэх бөгөөд энэ нь махны үнийн хэт хөөрөгдлийг барьж чадсан гэж үзэж байна. Энэ жил ч мөн адил байна гэдгийг хэллээ.
Энэ жил өвөлжилт хэвийн, малын хорогдол бага байгаа, нөөцийн махны норм биелсэн зэрэг шалтгаан нь махны хомсдолд орохгүй байх, үнэ хэт хөөрөгдөхөөс сэргийлнэ гэлээ.
Улсын хэмжээгээр жилдээ 220 мянган тонн мах бэлтгэдэг жишигтэй. Үүнээс нийслэлийнхний хэрэгцээнд 108 мянган тонн мах хэрэглэдэг бөгөөд өдөрт 9000 тонн мах хэрэглэдэг байна.
Дээрх мэдээллийг өнөөдөр Засгийн газрын ордонд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нар өглөө.
Сэтгэгдэл ( 0 )