Ардчилсан нам орон нутгийн сонгуульд залуусаа дэвшүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 09

Ардчилсан нам 2012 оны орон нутгийн сонгуульд залуучуудыг түлхүү дэвшүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа билээ. Энэхүү бодлогын хүрээнд өнгөрөгч оны есдүгээр сард Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд аймгуудын Ардчилсан намын удирдлагуудтай уулзалт хийж, 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн 50-иас доошгүй хувийг залуучуудаар бүрдүүлэхээр асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон юм. Үүний дагуу Ардчилсан Залуучуудын Холбооноос одоогийн байдлаар Нийслэлийн Ардчилсан нам болон Баян-Өлгий, Булган, Сүхбаатар аймгийн Ардчилсан намуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байгаа юм.

Харин өнгөрөгч амралтын өдөр Ардчилсан Залуучуудын Холбоо нь Өвөрхангай аймгийн Ардчилсан намтай дээрх асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд хамтран ажиллах санамж бичигт Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Болор, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга Т.Хасбаатар нар гарын үсэг зурсан юм.

Цаашид Ардчилсан Залуучуудын Холбоо нь аймаг, нийслэлийн дүүргийн Ардчилсан намын удирдлагуудтай 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн 50-иас доошгүй хувийг залуучуудаар бүрдүүлэх асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагааг үргэлжлүүлэх ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top