Н.Алтанхуягийн мэдэгдэл ард олныг элгээр нь хэвтүүлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 09

-Г.Батхүү Н.Алтанхуягийн шийдвэрт хамгийн их уурлаж байгаа гэнэ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн засгаас гарна гэсэн мэдэгдэлтэй дөрөө харшуулан шатахууны үнэ 2000 төгрөг болж, махны үнэ 7000-д хүрчихлээ. Сонгууль дөхсөн энэ үед Ардчилсан нам өөрийн эрх ашгийн үүднээс Засгийн газарт цохилт өгч, улстөрийн талбарт тоглолт хийхдээ ийнхүү ард олныг элгээр нь мөлхүүлэх анхны алхмаа амжилттай хийлээ. Мэдэгдэлтэй бараг л зэрэгцээд шахам шатахуун түлш, махны үнэ өссөнөөс харахад өмнөөс төлөвлөж байсан бололтой юм. Өчигдрийн байдлаар “Сод Монгол”, “Петровис” компаниудаас бусад нефть импортлогчид ямар ч шалтгаангүйгээр шатахууны үнийг 300 хүртэлх төгрөгөөр нэмэв.

Шатахууны үнийг нэмсэн эдгээр импортлогчид бүгд Ардчилсан намын бүлд багтдаг бөгөөд өнөөдөр махны зах зээл дээр мөн л Ардчилсан намынхан тоглолт хийдэг гэдгийг уншигч олон сайн мэднэ.

Шатахуун түлшний үнэ нэмэгдсэн учраас тээврийн хэрэгслийн зардал нэмэгдэж, улмаар өргөн хэрэглээний барааны үнэд ч огцом өөрчлөлт оров. Ардчилсан намынхан ийнхүү өөртөө хамаагүй болоод байгаа гэх Засгийн газрын эсрэг тоглолт хийж, өөрсдөдөө нэр олж авах гэж мулгуутаж байгаа нь эмгэнэл дагуулж байна.

Энэ мулгуу тоглолт нь ард түмний нуруун дээр ирдэг гэдгийг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө улайрч байгаа “Улс орон ард түмний төлөө” гэсэн сүржин уриатай нялх ардчилагчид даанч тоосонгүй. Монголын зах зээл дээр ийнхүү тоглолтхийж байгаа бизнесмэнүүд ч ард түмнийг элгээр нь хэвтүүлэхдээ огт санаа зовсонгүй, Ардчилсан намын энэ эргүүлгэд амжилттай оролцож чадав. Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын 70 гаруй хувийг Ардчилсан намын харъяат нөхөд атгадаг гэнэ.

Тэд өнөөдөр мах, шатахуун түлшний үнийг өсгөж Засгийн газарт цохилт өгч, улмаар ард олныг туйлдуулж байгаа нь бол юу ч биш гэнэ. Тэд аль хэдийнээ өөрсдийн банкаар дамжуулан валютын ханшид нөлөөлж, ноён долларын ханшийг хөөрөгдөж эхлэв. Энэ хэрээр монгол төгрөгийн ханш унаж, цаас болохдоо тулжээ. Үүнээс үүдсэн их мөнгөний хямрал Монгол Улсыг ноёлж, улмаар зарим арилжааны банкууд ч үүдээ барьж магадгүй боллоо. Зарим банкийг “Анод”-ынх шиг хувь заяа тосч байгааг үгүйсгэх арга алга. Яагаад гэж хэн ч асуух байх. Ноён Н.Алтанхуягаас асуу гэж хэлнэ. Ийм ноцтой тоглоомоор улстөр хийж, ирэх сонгуулийнхаа замыг засах гэсэн Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг ард түмний шүүхээр шүүх цаг болжээ. Ард түмний өмнө хамтарч ажиллаж улс орноо хөгжүүлнэ гэсэн амлалтаа зөрчөөд зогсохгүй, монгол эр хүний жудаггүй зан гаргасных нь төлөө яах ёстой вэ. Сайдын суудалд очих гэж яаж алийгаа алдаж явсан түүхийг өдгөө уншигч олон санаж байгаа байх.

Тэр ч бүү хэл олон жилийн турш ярьж байж урагшаа хөдөлгөсөн Оюутолгойн хувьцаа Хонконгийн бирж дээр навс уналаа гэх чихэнд чимэггүй үгс ч дуулдах боллоо. Энэ бол үндэсний хэмжээнд аюулын харанга дэлдэж байна гэсэн үг. Ийнхүү улс үндэстнийг мөхлийн ирмэг рүү шахаж байгаа улстөрийн намыг өнөөдөр л лав ард түмний хувьд итгэл даах чадваргүй намаар тодров.

Өрсөлдөөн байж болно, ингэж ард түмнийг элгээр нь хэвтүүлж улстөр хийнэ гэдэг байж боломгүй. Үндэстнээ заналхийсэн Ардчилсан намын даргын шийдвэрт намынх нь зарим нөхөд хүртэл дургүйцэж эхэлсэн. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нар Н.Алтанхуягийг эрс эсэргүүцээд эхэллээ. Бизнесийн өрсөлдөөнт салбарт багагүй зовлон туулж өнөөдөртэй золгосон Х.Баттулга сайд энэ мэт зовлон хэний нуруун дээр ирдгийг мэддэгийн хувьд намын даргынхаа энэ мулгуу шийдвэрийг таслан зогсоох талаар тэдэнтэйгээ муудалцсан гэх мэдээлэл байна. С.Баярцогт сайд ч тэр монголын мөнгөний авдрын түлхүүрийг багагүй хугацаанд барьж, төгрөгийн ханшнаас эхлээд багагүй зовлон туулсан улстөрчийн хувьд намын даргаа буруутгаад эхэллээ. Түүнчлэн УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн хувьд бол Н.Алтанхуягийн шийдвэрт ихээхэн уурлаж байгааг эх сурвалж хэлсэн. Тэрбээр “Н.Алтанхуяг яахаараа толгой мэдэн ийм шийдвэр гаргадаг юм. Тэр юу болчихоод ингэж дураараа авирлаад байгаа юм” гэх зэргээр цамнаж байгааг эх сурвалж хэлсэн. Засгийн газарт ажилладаг намдаа нөлөө бүхий улстөрчид ийнхүү намын даргынхаа харалган шийдвэрийг эсэргүүцээд эхэлж байгааг сайшаахаас өөр арга алга. Өрсөлдөгч намаа ялахын тулд ард түмнээ өлсгөж алахаас ч буцахгүй улайрч байгаа энэ үйлдэлд ард түмэн өөрсдөө хариу барих цаг боллоо. “Олны хүч оломгүй” гэдгийг харуулах цаг болсон. Үндэстнээ заналхийж ирэх сонгуульд бэлдэж байгаа Ардчилсан намынханд ард түмэн ямар дүн тавих нь тодорхой хийгээд үндэсний хэмжээний үймээн дэгдэхэд ихээхэн ташуур өгөв. Энэ бүхний хариуцлагыг хэн үүрэх вэ гэхэд хариуцлагаас зугтдаг АН үүрэх ёстой гэж ард олон хариулсан байна.

С.БАЯР

"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top