Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг сэргээн шалгахыг хүсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 09

Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт “2008 оны долдугаар сарын 01-ний үймээний үеэр үүрэг гүйцэтгэж яваад гэмтэж бэртсэн, гэмтсэний улмаас амиа алдаж хохирсон цагдаагийн алба хаагчид уг үймээнийг зохион байгуулсан Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарт холбогдох эрүүгийн хэргийг сэргээн шалгуулах талаар хүсэлт гаргасан байна. Тэдгээр алба хаагчид Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарт холбогдох хэргийн зарим зүйл ангийг УМБГ-аас яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлсэнийг хяналтын прокурор Т.Жадамбаа дур мэдэн зарим зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгож, заримыг нь хөнгөлж, өршөөлд хамруулан сарниасан талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсныг эргэн сануулсан байна.

“Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуульд “Хууль бусаар зохион байгуулсан жагсаал цуглааны улмаас хүний амь нас эрүүл мэнд байгууллага, иргэдийн өмч хөрөнгөд учирсан хохирлыг тухайн жагсаал цуглааныг зохион байгуулагч хариуцах” хэмээн заасан байдаг.   Гэтэл   үймээний үеэр хамгаалах техник хэрэгсэлгүй шахам нөхцөлд, цаг наргүй ажиллаж үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн олон алба хаагчид эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй, хоёр ч цагдаа амь насаа алдлаа. Түүнээс гадна уг үймээний улмаас эд хөрөнгөөрөө хохирсон олон иргэн, аж ахуйн нэгж байгууллага өнөөдрийг хүртэл учирсан хохирлыг хэн хэрхэн төлөхийг мэдэхгүй байна. Иймд Монгол Улсын ерөнхий прокурорын хувьд аймшигт үймээнийг зохион байгуулсан Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарт холбогдох хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгосоныг сэргээж, мөрдөн байцаалтад шилжүүлэн, хохирсон зуу, зуун иргэдийн эрхийг сэргээн эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирлыг барагдуулах боломжоор хангаж өгөхийг хүсье.

Дашрамд дурдахад, үүнээс өмнө танд хандаж хохирсон иргэдээс гаргасан өргөдөл хүсэлтийг “Өршөөлийн хуульд хамрагдсан хэргийг дахин сэргээж шалгах боломжгүй” гэдэг хариултыг цөөнгүй өгсөн. Харин сүүлийн үед үүсээд байгаа асуудлуудаас харж байхад Таны хувьд хэргийг сэргээж, яллаж болдог гэдгийг бид харж байна Тиймээс бид энэ удаагийн гомдлыг сэргээж, яллаж болдогийг мэдлээ. Тиймээс бид уг гомдлынхоо хариуг урьдын адил хэлбэрдсэн, алаг үзсэн байдлаар авахгүй гэдгийг анхааруулаад хэрэг дээр дурдагдсан асуудал аваас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно” хэмээсэн байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top