Монгол улсад Playboy сэтгүүлийг хэвлэн нийтлэхээр болжээ. Гэтэл энэ сэтгүүлийн дэлхийд ноёрхох болсон “пи-фактор” хэмээх нууцыг та нар мэдэх үү?
Playboy гэхээр хаа байгаа газар нь үзэсгэлэнт хүүхнүүдээр хүрээлүүлсэн дэгжин эрвээхэй зангиатай, овжин туулайн хөнгөмсөг төсөөлөл дэлхий даяар түгсэн. Гэвч түүний ард дэлхийн эдийн засагт асар хүчтэй нөлөө үзүүлдэг нэгэн нууц бүлэглэл байгааг хүмүүс огтхон ч мэддэггүй. Тэгээд ч “энгийн нэг сэтгүүл, тэр тусмаа нүцгэн хүүхний зурагтай сэтгүүл, дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлж чадах билээ?” гэсэн явцуу бодол нь энэ нууцыг юунаас ч илүүтэйгээр хамгаалсаар иржээ. Энэ нь одоо Монгол улсад хамаатай болсон тул монголчуудад энэ талаар анхааруулах нь зайлшгүй шаардлагатай.
Playboy-ийн нууцыг олж илрүүлэхэд амаргүй. Шууд илчлэх ч боломжгүй. Гэхдээ түүний тархалт, нөлөөлөл, бусдаас ялгарах байдал, үр дагавар гэх мэтийн шууд бус шинж тэмдэгүүдээр нь олж тогтоох боломжтой байдаг.
Тиймээс тус сэтгүүлийн далд нөлөөллийг түүний хамарч буй цар хүрээ, санхүүгийн үзүүлэлтүүд, хоёрдмол байдал, нийгэмд болон эдийн засагт үзүүлж буй нөлөө гэх зэргээр үл ялиг “цухуйж” буй шинжүүдээр илчилж болох юм байна:
Цар хүрээ
Playboy-ийн уриа болох “Entertainment for Men” гэх өргөн утга агуулгыг Монгол хэлэнд хөрвүүлбэл “Эрчүүдийн сонирхолын хүрээ” гэж болох юм. Тэгэхлээр дэлхийн эдийн засгийн эрх мэдлийг дангаар шахуу эдэлж байгаа эрчүүдийн сонирхолыг атгаж чадсан хэн нь ч дэлхийн хэмжээнд эрх мэдэлтэй болно гэсэг үг.
Уг сэтгүүлийг гаднаас нь өнгөц харах юм бол нүцгэн хүүхэн л байгаа боловч, дотрыг нь нээж үзвэл өнөөх хүүхнээсээ хэд дахин илүү эрчүүдийн сонирхолыг татсан огт өөр мэдээлэл халин цальгиж байна. Нийгэм, эдийн засаг, бизнес, ресторан, чөлөөт цаг, автомашин, хувцаслалт, аялал, спорт гэх зэргээр үргэлжлэх яах аргагүй эрчүүдийн хамгийн их сонирхдог сэдвүүдээр унших, үзэх мэдээллийг нийтэлжээ. Ийнхүү хамаг анхаарлыг нь татаж, ухаан санааг нь өөрийнхөө хүссэн чигт залуурдаж байгаа нь аймшигтай.
Олонд танигдсан байдал
Playboy нь дэлхий нийтэд хамгийн их танигдсан таван топ брэндийн нэг гэж удаа дараагийн судалгаагаар тогтоогдсон. Эдгээр топ брэндүүдийн тэргүүнд алдарт Coca-Cola, удаах нь Adidas, тэгээд Playboy, Mercedes Benz ба эцэст нь US Dollar. Эдгээрийн дунд ганцхан хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгааг анзаарав уу.
Санхүүгийн өсөлт
Playboy сэтгүүл нь анх хэвлэгдэн гарсан цагаасаа санхүүгийн давшингуй өсөлтийг үзүүлж ирсэн. Нэг үе зөвхөн АНУ-д гэхэд 7 сая гаруй хувиар хэвлэгдэн гарч байсан нь тухайн улсын нийт нас бие гүйцсэн таван эрэгтэй хүн тутамд нэг сэтгүүл ноогддог байж. Одоогоор дэлхийн 30 гаруй улсад хэвлэгдэн гарч, нийт 15 сая гаруй уншигчтай гэсэн албан ёсны мэдээлэл нь цочирдуулсаар байна. Гэтэл энэ нь зөвхөн Playboy сэтгүүлийн уншигчид шүү дээ. Цаана нь Playboy телевизийн сувгууд, видео бүтээгдэхүүнүүд, сателит радио, интернетийн орон зайн хэрэглэгчдийн тоог тооцвол Playboy-ийн нийт хэрэглэгчдийн тоо нь төсөөлөгдөшгүй их болно. Бүгдээс нь нэг доллар авахад дүн нь лав миний тооны машинд багтахгүй байх. Түүнээс гадна, Playboy нэрийн барааны худалдааны борлуулалтаас олох ашиг, мөн дэлхийн хамгийн тансагт тооцогдох Playboy Club-ууд нь ч шижир алтны уурхай л гэсэн үг.
Хоёрдмол байдал
Хэвлэлийн сэтгүүл зүйн судлаачид, шүүмжлэгчид Playboy сэтгүүлийн хоёрдмол дүрийг “зурагтай сэтгүүлүүдийн дунд цорын ганц уншвартай, уншвартай сэтгүүлүүдийн дунд цорын ганц зурагтай нь” гэж дүгнэжээ. Мөн эрчүүдэд зориулсан бусад сэтгүүлүүдтэй харьцуулахад эмэгтэй уншигчдын эзлэх хувь хамгийн өндөр байгаа нь мөн л эгдүүцэл төрүүлж байна.
Түүнчлэн Playboy сэтгүүл нь түүний санааг хуулбарласан “дагалдагч” сэтгүүлүүдийг төрүүлсэн амжилтаараа алдартай хирнээ аль ч хуулбарлагч нь түүний хэмжээнд хүрэхэд шагай дутдаг байна. Судалгаанаас үзвэл АНУ-д тухайн сард хэвлэгдэн гарч буй ижил төрлийн бусад сэтгүүлийн хэвлэгдсэн нийт тоо ширхэг нь Playboy-ийн нэг удаагийн хэвлэлтийн тоонд ч хүрдэггүй.
Үр нөлөө
Тус сэтгүүлийн нууц засаглалын илрэл нь түүний эдийн засагт үзүүлж буй шууд нөлөөлөл юм. Уг сэтгүүлд хэвлэгдэн гарсан нийтлэл нь нийгэмд хүчтэй нөлөөлж, улмаар эдийн засгийн үр дагавар үүсгэдэг. Үүний учир шалтгаан нь уг сэтгүүлийн уншигчдын хүрээ нь дэндүү өргөн төдийгүй, эдийн засагт нөлөө бүхий сэхээтнүүд байгаад оршино.
Нэр дэвшигч Жими Картер нь Playboy сэтгүүлд ярилцлага өгөөд хоёр сарын дараа АНУ-ын 39-р ерөнхийлөгчийн тангараг өргөсөн нь уг сэтгүүлийн гарцаагүй нөлөөллийн тод жишээ юм. Мөн Мартин Лютер Кинг, Фидель Кастро, Яссир Арафат гэх зэргийн дэлхийд алдартай улс төрчид тус сэтгүүлд ярилцлага өгч байсан жишээ ч байна.
Нууцын тайлал
Playboy сэтгүүлийн нууц засаглалын хамгийн гол хүчин зүйл нь мэдээллийн урсгалыг хянаж, удирдаж байгаад оршино. Мэдээллийн урсгал гэдэг нь ямар нэгэн мэдээллийг хэнд, хэзээ, хаана, ямар хэлбэрээр хүргэхийг зохицуулдаг системийг хэлнэ.
Харин энэхүү урсгалыг хүссэнээрээ удирдаж буй тогтолцоо нь энэ хорвоогийн бүхнийг захирдаг. Яг энэ удирдлагыг Playboy сэтгүүл бүхний анхаарлаас далдуур хийж байгаа нь хамгийн гол нууц нь юм.
Менежментийн загвар
Сэтгүүлийн өөрийн бүтэц, зохион байгуулалт нь тун энгийн. Гол төлөв удирдах албан тушаалтнаас бүрдсэн редакцийн цомхон бүтэц нь АНУ-ын болоод дэлхийн 30 гаруй салбарыг удирдаж байна. Энэ шилдэг менежментийг Монголын салбар нь ч бусдын адил огтхон ялгаагүйгээр нэвтрүүлжээ.
Хэвлэл мэдээллийн акулууд хоорондоо дайн зарлахын наахнуур, хамгийн нэр цуутай сэтгүүлчдийг өөртөө урвуулахын төлөө элдэв арга хэрэглэж байхад Playboy-ийн бодлого нь эрс ялгаатай. Монголд албан ёсоор хэвлэгдэн гарах тухай Facebook гэх зэргээр дөнгөж сураг төдийг дуулгаж, хамгийн сэргэлэн, овсгоотой залуу сэхээтнүүдийг өөр дээрээ татан төвлөрүүлж байна.
Орон тооны бус сэтгүүлч, сурвалжлагч, маркетингийн менежер, зөвлөх гэж гэрээ байгуулан зөвхөн хэвлэл мэдээллээр зогсохгүй, бизнес, төр захиргаа, үйлчилгээний байгууллагууд гэх зэрэг нийгмийн бүхий л салбарын төлөөлөл болох хүмүүсийг үндсэн ажилтай нь харшлуулахгүйгээр, харин ч мэдээллийн чухал эх сурвалж болгон, өөрийн агент болгон ажиллуулж байгаа нь дээрхи алсын хараатай бодлого хэрэгжиж байгаа нь тэр.
Эдгээр мэргэжилтнүүдийг татаж байгаа Playboy-ийн гол увдис нь дэлхийд нэр хүндтэй брэндтэй хамтран ажиллах боломж, өндөр шагнал ч биш юм байна. Тэр бүү хэл, сэтгүүлийн зүгээс өөрийн агентад тавих гол шаардлага нь үндсэн ажлаа орхихгүй байх явдал гэнэ. Харин ч үндсэн ажилдаа улам өндөр амжилт гарган албан тушаал дэвшихийг дэмжиж байгаа нь үнэхээр баруунаас ирсэн дэвшилтэд хандлага гэдгийг харуулж байна. Тэгвэл тэд соронз мэт татагдах хамгийн гол нууц нь юу вэ гэвэл мэдээллийг захирах хязгааргүй эрх мэдэл юм.
Бас нэгэн хачирхалтай, өнгөц харахад үл ойлгогдох зүйл нь оюутнуудыг ажилд авч байгаа нь. Оюутнуудыг тоохгүй байдаг нь бидний дасал болсон бичигдээгүй хууль. Гэтэл Playboy сэтгүүлийнхэн бүр эсрэгээр эдгээр нуугдмал хүчийг өндрөөр үнэлж, харин ч цагийн хуваарийн хувьд хамгийн чөлөөтэй хүмүүс хэмээн сайшааж байна. Гэхдээ гол нь овсгоотой байх, мэдээллийн эх сурвалжтай ажиллах чадвар нь чухал гэж хандаж байгаа нь бас л “барууны” загвар.
Интернетийн далайд самарч байгаад өрнөдийн судлаачид “P-Factor” хэмээн нэрлэж буй дээрхи зохион байгуулалтын талаар олж авсныг миний бие ингэж тайлж байна. Харин баруундаа шалгарсан уг зохион байгуулалт нь манай хөрсөнд хэрхэн нутагшин зохицохыг цаг хугацаа харуулна бизээ. Харин та юу гэж бодож байна?
Сэтгэгдэл ( 0 )