ҮЗХ-ны хуралдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 11


АН-ын ҮЗХ-ны 35 дугаар хуралдаан 11.00 цагт эхэллээ.
 Уг хурлаар ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлд шинээр сонгогдсон хүмүүсийн бүрэн эрхийг баталгаажуулах, АН-ын даргын илтгэлийг сонсох, Засгийн газрын танхимын зургаан гишүүн сайдын товч тайланг хүн бүр таван минутаас дээшгүй хугацаанд танилцуулах, Хамтарсан Засгийн газраас гарах тухай улс төрийн шийдвэр гаргах зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Энэ хурлыг  АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар   даргалуулах нь зохимжгүй гэсэн саналыг ҮЗХ-ны гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга гаргасан байна. Мөн Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Намын дарга та өнөөдрийн хуралдааныг азаргалж явуулах гээд байна. Хурал удирдах хүмүүсээ Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн гэдгээр далайлгаж болохгүй. Шинээр томилох ёстой” гэсэн саналуудыг гаргасан тул 11 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс гаргаж, санал хураалгав. Санал хураалтаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж нар хуралдааныг даргалан явуулах эрхтэй болсон юм. Ингээд хэлэлцэх асуудлаа батлан хуралдаан горимын дагуу явах болоход Ш.Түвдэндорж “Хуралдаан дэгийн дагуу явсангүй хууль зөрчлөө. Тиймээс би энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг даргалах бүрэлдэхүүнд орох боломжгүй байна” гэж мэдэгдэн хуралдааныг орхиж гарчээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top