Нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 12

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, зах  зээл дэх үнийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. Махны үнийн өсөлтийг сар бүр иргэдэд 21 000 төгрөг, оюутнуудад 70 000 төгрөгийн тэтгэлэг олгож байгаатай холбоотойгоор малчид малын махныхаа борлуулалтыг багасгасан.

Мөн 2011 оны хавраас эхэлсэн шатахууны үнийн өсөлттэй холбогдон орон нутгийн ачаа тээврийн зардал өссөн, гадаад валютын ханшийн өсөлт, үйлдвэрийн аргаар боловсруулаагүй махыг хууль бусаар зарим хилийн боомтоор экспортлох болсон зэргээс шалтгаалан махны үнэ өссөн байна.
Үүнтэй холбогдуулан дотоод зах зээл дэх махны хангамжийг нэмэх зорилгоор дотоодын зах зээлд борлуулсан махыг НӨАТ-аас чөлөөлсөн хуулийг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Мөн махны 22 үйлдвэр нөөцийн махыг 1 дүгээр сарын 15-наас худалдаанд гаргаж, зах зээлийн жижиглэнгийн үнээс 1000 төгрөгийн хямдаар борлуулах гэж байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын тогтоолын дагуу сар бүр махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж эхэлжээ.

2011-2012 онд нөөцийн махны урамшуулалд 8 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн төсөвт суулгаж, улсын хэмжээнд 16 мянган тонн мах нөөцөлсөн байна. Үүнээс Улаанбаатар хот 12 мянга, Дархан, Эрдэнэт тус бүр 1000, бусад аймаг тус бүр 100 тонн мах нөөцөлжээ. Хүнсний өргөн хэрэглээний барааны нэг болох гурилын үнэ сүүлийн жилүүдэд тогтмол буурч ирсэн тухай сайд Т.Бадамжунай танилцууллаа. Нэг кг цагаан будаа 2008 оны 4-5 дугаар сард 800-1350 төгрөг болж огцом өсч байсан бол өнөөдрийн байдлаар 1600-1645 төгрөг байгаа, гэхдээ энэ нь сүүлийн хоёр жилд харьцангуй тогтвортой байна гэсэн үг юм байна.   

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар авсан 9,7 мянган тонн цагаан будааг аж ахуйн нэгжүүдэд гэрээ байгуулан олгосны дүнд нэг кг цагаан будааны бөөний үнийг 1100 төгрөг, жижиглэнгийн үнийг 1300-1500 төгрөгт барьж чаджээ. Мөн ирэх 7 дугаар сард Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар будаа авахаар тохиролцсон бол БНХАУ-аас цагаан будааны квот авах, Бүгд Найрамдах Лаос Ард Улсад газар түрээслэж цагаан будаа тариалах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Ургамлын тос, элсэн чихрийн хангамж, нийлүүлэлт хэвийн, үнэ тогтвортой байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top