Монголын нийт цагдаа нар аа!
Цагдаагийн алба хаагчид болон чөлөөнд байгаа ахмадууд тэдний гэр бүлийнхэн та бүхнээс гадна, шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлчид, хэвлэлийнхэн, нийт монголчууддаа хандаж, 2008 оны долдугаар сарын 01-нд үүссэн асуудлын улмаас гэмтэн бэртэж, амь насаа харамсалтайгаар алдсан цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэний хүсэлтээр “Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо” ТББ-аас энэхүү Уриалгыг гаргаж байгааг хүлээн авна уу.
Бүлэг хүмүүсийн хүч хэрэглэсэн хууль бус ажиллагааны улмаас үүссэн 2008 оны 7 дугаар сарын 1-ний үймээний үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж ажилласан цагдаагийн ажилтнууд 4 дэх жилдээ прокурорын үүд сахиж, хуулийн үндэслэлгүйгээр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Энэ хууль бус ажиллагаа нь улам даамжирч, түрүүчээсээ үймээнийг тараах, хүн ам нийгмийн амьдралыг хэвийн болгох ажиллагааг удирдаж ажилласан “Цагдаагийн дарга нарын” гэх хэргийг өөрсдөд нь ч уншуулалгүйгээр шүүхэд шилжүүлээд байна.
Энэ хэрэг өмнө нь 2009 оны “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж хэрэгсэхгүй болсон ч Д.Дорлигжав Ерөнхий прокуророор томилогдмогцоо хууль зөрчиж эрүүгийн уг хэргийг сэргээн, Цэргийн гэмт хэргээр зүйлчилж шалгасан. Ийнхүү анхнаасаа эрх мэдэлд дуртай этгээдүүдийн албан тушаалын наймааны хэрэгсэл болж эхэлсэн хилс хэрэг бүр улс төрийн зорилгоор, нэг хүчин нөгөөгөө дарж авах, сонгуульд ашиглах хэрэгсэл боллоо. Үүний золиос нь үүргээ гүйцэтгэж ажилласан цагдаагийн алба хаагчид болох нь ээ.
Цагдаагийн алба хаагчдад холбогдсон хэргийг сэргээсэн нь ч, удирдлагуудад нь цэргийн гэмт хэргээр ял сонсгосон нь ч улс төрийн зорилгоор Монголын хуулийг илт зөрчсөн явдал болсон юм. Хуулиас дээгүүр эрх мэдэл, хуулиас дээш улс төр гэж байх ёсгүй.
7-р сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан, өнөөдөр төрийн шударга хуулийн өмнө очих ёстой гэмтнүүд улс төрөөр халхавчлан гэм зэмгүй дүр эсгэн явааг та бид бүгд харж байна. Прокурорын байгууллага, түүний дэргэдэх мөрдөн байцаах албаныхан Монгол улсын хуулийг илт зөрчиж цагдаагийн алба хаагчдыг хэлмэгдүүлэхийн эсрэг тэмцэлд нэгдэхийг уриалж байна.
Бидэнд улс төрийн зорилго байхгүй. Бид зөвхөн Монголын цагдаагийн ариун нэрийг гутаалгахгүйн төлөө, үүргээ гүйцэтгэж ажилласан цагдаагийн алба хаагчдыг гүжир гүтгэлэг, хилс хэргээс аврахын төлөө ийнхүү Та бүхэнд хандаж байна.
Өнөөдөр 1937 он биш. Цагдаа хэлмэгдэх ёсгүй билээ.
Та бүхнийг бидний тэмцэлд нэгдэхийг уриалж байна.
7-р сарын 1-ний гэх хэрэгт хилсээр холбогдсон цагдаагийн алба хаагчид,
тэдний ар гэрийнхэн
“Цагдаагийн ажилтан ба ар гэрийн холбоо” ТББ
Сэтгэгдэл ( 0 )