Улаанбаатарт амьд явах ямар ч баталгаа алга

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 14

2012 он гараад 13 хонож байна. Гэтэл нийслэлийн Цагдаагийн газарт энэ сарын 11-ний өдрийн байдлаар гэмт хэргийн шинжтэй 387 хэргийг бүртгэн шалгаж 326 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон шалгаж байгаа аж. Эдгээр хоногт бусдын амийг санаатайгаар хөнөөх хэрэг гурав, бусдын биед гэмтэл учруулсан 36, хулгайн хэрэг 75, хүчингийн хэрэг зургаа, танхайрсан 60, бусдыг эд зүйлийг булаасан тав, дээрмийн хэрэг 14, зам тээврийн хэрэг 83, зам тээврийн осол 391 бүртгэгдэн 94 хүн гэмтэж, гурван хүн нас барсан байна. Он гарснаас хойш улсын хэмжээнд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 56 хувь нь нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн байна. Улсын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх хувийг хүч хэрэглэсэн, танхайн шинжтэй хэрэг давамгайлж байгаа аж.

Энэ төрлийн хэрэг архидан согтуурснаас үүдэн гарч байгаа бөгөөд хэрцгий догшин авирлан, хүний санаанд ч оромгүй хэргүүд гарах болсныг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өмнө нь гэмт хэрэг далд үйлдэгддэг байсан бол одоо ил цагаан шахуу үйлдэгдэх болжээ. Улсын хэмжээнд гарч буй хэрэг зөрчлийн талаас илүү хувь нь нийслэлд үйлдэгдэж байгаа нь хотынхны аюулгүй орчинд амьдрах нөхцөл, эрх нь алдагдсан гэсэн үг. Үүнийг мэргэжлийн байгууллага болох нийслэлийн Цагдаагийн газрын олон нийггэй харап цах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Ганболд мэдэгдлээрээ баталсан юм. Хүний амь нас хохирсон 58 хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна.

10 ХОНОГТ НАЙМАН ХҮН ӨӨРИЙГӨӨ БООМИЛОВ

 

Амиа егүүтгэх хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. 2008 оноос хойш амиа хорлолт эрс нэмэгджээ. Өнгөрсөн оны сүүлээр өдөр алгасалгүй шахам гарч байсан амиа хорлох үзэгдэл он гарсаар мөн л үргэлжилсээр байна. Тэр дундаа амиа хорлогсдын нас залуужсаар байгаа юм. 12-16 насны хүүхдүүд удаа дараалан амиа хорлож байсан бол оны өмнөхөн есөн настай хүүхэд амиа хорлосон хэрэг гарсан юм. Он гарснаас хойш өөрийгөө боомилсон найман хэрэг гарсан байна. Өөрийгөө боомилж нас барсан дээрх хүмүүс 15-35 насныхан байжээ. Тухайлбал энэ сарын есөнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух 28 настай эрэгтэй гэрээслэл бичиж үлдээн өөрийгөө боомилсон бол Хан-Уул дүүрэгт 35 настай эрэгтэй П мөн өөрийгөө боомилсон хэрэг гарсан. Амиа хорлох шалтгааныг ажилгүйдэл, нийгмийн байдал, ар гэрийн маргаанаас үүдэлтэй хэмээн албаны хүмүүс хэлж байгаа юм. Түүнчлэн энэ сарын 10-нд 12 настай эрэгтэй Б гэгч нь аавдаа загнуулсны улмаас өндөр хүчдэлийн шонд авиран амиа хорлохыг завдсан байна.

ЗОЛГҮЙ БАЙДЛААР БОЛОН АРХИНД ХОРДОН АМИА АЛДАХ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЖЭЭ

 

Он гарсаар золгүй байдлаар нийт 58 хүн амь насаа алдаад байна. Тэдний ихэнх нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа амь насаа алджээ. Тухайлбал, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хашаа давах гэж байгаад гадсан дээр өгзгөөрөө унан амь насаа алдсан, биеэ авч явах тэнхэлгүй шахам болсон үедээ цооногны дулааны шугамд түлэгдэн нас барсан, бетонон гараашийн хана мөргөж харамсалтайгаар амь насаа алдсан, автомашиндаа угаартсан, осгосон зэрэг тохиолдлоор өдөрт 5-8 хүн амиа алдаж байна гэсэн тоог нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэв. Өнөөдөр цооногны дулааны шугаманд түлэгдэн нас барсан, архинд coгтoн осгосон нэгэн хаа нэгтээ хэнд ч үл анзаарагдам нас барсан байх нь хэвийн үзэгдэл бичигдсэн болж хэвлэлийн хуудсанд бичигдсэн зүйлд ч хүн итгэхээ больжээ.

ТАНХАЙ ЖОЛООЧ ТАНЫГ НЭВШИРТЭЛ ГӨВШИЖ МЭДНЭ

 

Танхайн шинжтэй гэмт хэргийн багагүй хувийг жолооч нар эзэлж байна. Зам тавьж өгөөгүйн төлөө нэвширтэл нь зодох, тээврийн хэрэгсэл нь мөргөлдөж, шүргэлцсэний улмаас жолооч нар хоорондоо зодолдох, нэгнийгээ хүнд гэмтээх нь хамгийн их үйлдэгддэг гэмт хэрэг болоод байгаа юм.

ГЭР ХОРООЛЛЫН НОХДООС БИШ ДЭЭРЭМЧИД, ХҮЧИРХИЙЛЭГЧДЭЭС СЭРЭМЖИЛ

 

1970-аад оны дундуур өмнөд Солонгосын жижиг суурингуудаар орой үдшийн цагаар харанхуй гудамжнаас охид эмэгтэйчүүдийн хашгирах чимээ хээр талын чонын улилдах чимээ мэт сонсогддог байсан гэдэг. Харин өмнөд Солонгосын тэр үеийн явдал өнөө үеийн Улаанбаатарт нүүрлэх дээрээ тулаад байна. Хүчин дээрмийн хэрэг Улаабаатарт хэр их гарч байгааг дээр өгүүлсэн. Нэг сая гаруйхан хүн амтай нийслэлд эдгээр хэрэг 10 хүрэхгүй хоногт гарсан. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд ч маш их байгааг холбогдох байгууллагаас сэрэмжлүүлж байгаа юм. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд бүгд цагдаагийн байгууллагад хандаад байдаггүй учир энэ тоог нарийн гаргахад бэрхшээлтэй. Нийслэлд хүн дүрст араатан, ороо нь орсон "ноход" олширсоор тэдний үйлдэх хэрэг үүнийг баталсаар байна.

ХЯЛАЙЖ ХАРААД АЛДАЖ Ч МЭДНЭ

 

Улаанбаатарчууд уур бухимдал, өс хонзонгоор дүүрчээ. Гудамжаар яваа нэгний хажуугаар хялайж харсныхаа төлөө босох чадваргүй болтлоо гөвшүүлсэн нэгэн байхад, мөнгө нэхсэн хүний өөдөөс мөнгөгүй хэмээх ганцхан үнэнийг хэлсэн нэгэн мөнгөгүй явсныхаа төлөө хайчаар нүүрээ сийчүүлсэн байх жишээтэй. Гэрээ сахиж байсан нэгнийд дайрч орон дээрэм хийхдээ айлын эзнийг зүгээр орхичихолгүй хүйтэн амбаарт түгжиж орхин хөлдөөж алах шахсан хүний шаарнууд ч Улаанбаатараар дүүрэн байна.

АРХИНД ХОВСДУУЛСАН НЭГЭН ТАНЫГ ЯАЖ Ч МЭДНЭ

 

Гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байгаа нь архидалт газар авсаар байгаатай холбоотой. Учир нь илэрч буй гэмт хэрэг ихэвчлэн coгтyyгaap үйлдэгдэж байгаа нь үүнийг харуулж байгаа юм гэдгийг цагдаагийнхан хэлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, хэрүүл маргаанаас үүдэлтэй аймшигт хэргүүд үүнийг нотолж байгаа юм. Жишээлбэл, архидан соггуурсан үедээ Б гэгч нь 18 настай охиныхоо цээжрүү өшиглөн хүнд гэмтээсэн хэрэг гарсан бол архины мөнгө эхнэрээсээ нэхээд өгөөгүйд нь уурсаж 47 настай эрэгтэй эхнэрээ хутгалан хөнөөсөн байх жишээтэй. Түүнчлэн архинд хордон таван хүн хорвоогийн мөнх бусыг үзээд байна. Мөн албан үүргээ гүйцэтгэж явсан зургаан цагдаа бусдад зодуулан хүнд гэмтжээ. 2011 онд улсын хэмжээнд 19117 хэрэг бүртгэгдсэний 10117 нь нийслэлийн хэмжээнд гарсан байна. 10 хоногийн байдлаар нийслэлд 1908 хүн эрүүлжүүлэх байраар үйлчүүлжээ.

С.Мөнх-Од

 

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top