Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ өчигдөр /2012.01.13/ Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж, өрнөж буй үйл явдлуудтай холбоотой зарим асуудлаар санал солилцож, үүрэг чиглэл өглөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цаг үеийн зарим тулгамдаж буй асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нэгдсэн байр суурьтай болох хэрэгтэй байгаа учраас өнөөдөр би Тантай уулзаж байна.
Юуны өмнө Үндсэн хуулинд заасны дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд, Ерөнхийлөчтэй зөвшилцдөг. Ийм учраас дараах саналыг хэлж байна.
Нэгдүгээрт, Тэргүүн шадар сайд, дэд сайдуудын орон тоо шаардлагагүй гэж үзэж байна. Энэ нь орон тоо, төсөв мөнгө хэмнэх болон бусад аль ч талаараа зөв шийдвэр болох байх.
Хоёрдугаарт, шинээр томилогдох сайдууд УИХ-ын гишүүдээс биш, харин Их хурлын “гаднаас” томилогдох ёстой. Өмнө нь ч энэ асуудал маш олон яригдаж байсан. Хамгийн гол нь хариуцлагын асуудал чухал байна. УИХ нь Засгийн газартай хариуцлага тооцдог механизм алдагдсан гэж шүүмжлээд байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Нэг хүн хоёр өөр газар ажилладаг, гүйцэтгэх эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг, хууль тогтоох эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг ийм байдал парламентын засаглалын үндсэн зарчмаа зөрчиж байгаа хэрэг юм. Нэг субьект гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг давхардуулан хэрэгжүүлэх боломж манай үндсэн хуулинд байхгүй.
Ардчилсан үндсэн хуулийн 20 жилийн ойн өдөр та бид энэ асуудлыг хөндөж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Засгийн газар одоо шинээр бүрдүүлэх багтаа УИХ-ын гишүүн бус сайдуудыг оруулж ирвэл дараа дараагийн төр засагт жишиг болох учиртай. Энэ асуудал дээр цаашдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамтраад нэгдсэн бодлого, нэгдмэл байр суурьтайгаар ажиллана гэдэгт итгэж байна.
Гуравдугаарт, зарим байж боломгүй, хүлээн зөвшөөрч болохгүй томилгоонууд хийгдэж байна. Тодруулбал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хүн нь гадаадын иргэнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зарсан, тэр үйлдэл нь Авилгатай тэмцэх газрын шалгалтаар тогтоогдож байсан хүн байна. Иймэрхүү хариуцлагагүй хүмүүсийг төрийн өндөр албанд томилохгүй байхын тулд бүх талаар судалж, харах хэрэгтэй шүү.
Дөрөвдүгээрт, нэг хэлэх гэсэн чухал зүйл бол, шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн асуудал. Шатахууны үнэ гэнэт өсч, дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ асуудалд ажил хариуцдаг төрийн хүмүүс, Засгийн газар хариуцлага алдсан зүйл харагдаж байгаа. Бид өнгөрсөн жил энэ асуудлаар ярилцаж, шийдвэрлэж болох арга замуудын талаар санал солилцож байсан. Одоо шийдвэр гаргах цаг нь болсон гэж үзэж байна. Төрийн өмчийн аж ахуйн нэгж байгуулж, төрийн нэрийн өмнөөс гэрээ, тохироогоо хийдэг, харин бусад хувийн компаниуд олгогдсон квотынхоо дагуу жижиглэнгийн худалдаагаа хийдэг байх зарчмын талаар бид ярилцаж байсан. Тулгамдсан асуудлаа тухайн цагт нь шийдвэрлэж чаддаггүй, ямар нэг арга хэмжээ авдаггүй, юм болсны хойноос нь ярьдаг тайлбарладаг байдал хаа хаанаа гарсаар байна.
Цаашдаа, нөхцөл байдлын талаар урьдчилж Ерөнхий сайдад мэдээлдэг, дараа нь бензин шатахууны үнэнд өөрчлөлт оруулдаг байхаар хууль журмандаа өөрчлөлт хийх, энэ чиглэлээр судалгаа хийхийг үүрэг чиглэл болгож байна” гэлээ.
Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгчийн хөндөж тавьсан асуудлуудыг судалж, ажил хэрэг болгохоо мэдэгдлээ.
www.president.mn
Сэтгэгдэл ( 0 )