Нүүдэлчин Монголчууд малаа даган нүүдэллэн амьдарч олон зууныг ардаа үдсэн баялаг түүхийн эзэд. Өнөөдөр ар Монголын ардчилсан нийгэмд амьдарч байгаа бид энэ уламжлалаа бараг л хүссэнээрээ хадгалж, эвдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Өвөрмонголчууд малаа хашаанд бэлчээрлүүлдэг байна. Тодруулбал айл бүр төрөөс зааж өгсөн өөрийнхөө эзэмшил газарт л малаа маллана. Малын бэлчээрлэх цагийг хүртэл зарим тохиолдолд заадаг гэнэ. Энэ нь Хятадаас Өвөрмонгoлд явуулж байгаа "Хашаалан малжих" улс төрийн бодлого юм. Энэ бодлогын хүрээнд айл бүрт "өрхөд дайчлах" нэрээр олон жилийн өмнөөс газар эзэмших эрхийг нь олгосон байна. Харин айл бүрт олгосон газар нь хувийн өмч гэж хэлэхэд хэцүү ажээ. "Хашаалан малжих" бодлогын уршгаар малчдын уламжлалт нүүдэл мал аж ахуй, түүн дээр суурилсан Монгол ахуй амьдрал, соёл мөхлийн ирмэгт тулаад байгааг Өвөрмонголоос мэдээллээ.
Манайд ирүүлсэн мэдээгээр бол газар доор байгаа байгалийн баялаг нь энэхүү хашаалан малжих хөтөлбөрийн гол зорилго юм байна. Өөрөөр хэлбэл байгалийн баялагтай газар малаа бэлчээж байгаа малчдаас бэлчээрийг нь өндөр үнээр худалдан авч уурхайн нээн ажиллуулж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар голчлон газрын тос, нүүрсний уурхай ажиллаж байгаа юм.
Бэлчээрийг хашиж, хязгаарласнаар мал хангалттай тарга тэвээрэг авахгүйн дээр тоо толгой нь хангалттай хэмжээнд өсөх боломжгүй болох юм. Мөн бэлчээрийн газар талхлагдаж эргээд сэргэхдээ удаан болно. Нэгэнт талхлагдсан газарт олон төрлийн шим тэжээлтэй ургамал ургахгүй гэдгийг судлаачид тогтоосон. Энэ мэт олон сөрөг үр дагаврын улмаас малчид нууцаар малаа бэлчээрлүүлдэг ажээ. Баригдвал маргаан гарах бөгөөд түүнийг хэрхэн шийдэх нь малчдын асуудал.
Энэ талаар 11 жилийн өмнө нийтлэлч А.Арман Монголын радиогоор "Ирээдүйгээс ирсэн малчин" 200 анги радио жүжигтээ гаргасан ч тухайн үеийн малчид байтугай дарга цэрэг нар ч ухаарч хүлээж аваагүй түүх бий.
Хашиж бэлчээрлэх бодлогын талаар Өвөрмонголын иргэн Х.Хувьсгалтаас тодрууллаа.
- Хашиж бэлчээрлэх бодлого хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ?
-1990-д оны сүүлээс эхэлсэн. Бэлчээр, нутаг ус сүйдэж элсжин цөлжиж байгаа шалтгаан нь малын тоо дэндүү нэмэгдсэнээс боллоо гэж төрөөс мэдэгдээд энэ бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Үнэндээ олон мянган жилийн турш Монголын нүүдэллэн малжиж ирсэн арга барилыг хятадууд үгүйсгэж байгаа хэрэг юм.
- Таны бодлоор цөлжиж байгаа нь юунаас үүдэлтэй вэ?
- Хятад хүний тоо Өвөрмонголд ихээр нэмэгдсэн. Бэлчээр усаа хувь айлд “өрхөд дайчлах” аргаар газар эзэмших эрхийг нь хувааж өгсөнтэй шууд холбоотой.
- Хашиж бэлчээрлэх бодлогыг эсэргүүцэх хөдөлгөөн гарч байсан уу?
- Энэ бодлого хэрэгжиж эхлэхэд малчид дургүйцэж байсан. Харин үүнийг дарах зорилгоор тв, радиогоор нүүдэллэн малаа бэлчээрлүүлэх нь хоцрогдсон арга гэсэн уриалга явуулж эхэлсэн. Өнөөдөр Өвөрмонголд малчдын амьдрал үнэндээ байхгүй болсон гэж хэлж болно.
- Малчид өөрийн эзэмшлийн газраа зардаг гэсэн. Ойролцоогоор хэчнээн малчин газраа зарсан бэ?
- Энэ тухай тодорхой тоо баримт олдохгүй байна.
- Аль нутгийн малчид газраа хамгийн их зарж байна вэ?
- Баруун нутгийн Ордост малчид газраа зарах нь элбэг болсон. Ордос нь хятадуудын нүүрсний том гарцтай бүс нутаг.
- Газраас болж маргаан их гардаг байх?
- Ойрын жилүүдэд газар доорх баялгаас болж малчид Засгийн газрын хооронд шууд зөрчилдөөн их гарах болсон. Малчид бэлчээр нутгаа хамгаалахын төлөө амь насаа алдах нь энгийн үзэгдэл болсон. Монголын сонин хэвлэлд ч Ордосын малчин Зоригтын тухай мэдээлж байсан.
- Уурхайнууд эргээд нөхөн сэргээлт хийж байгаа болов уу?
- Нөхөн сэргээгдэх ажил явагддаг гэж ерөөс дуулдаагүй ээ.
- Уурхайг “хазаарлах” ажлыг төрөөс явуулдаг уу?
- Энэ жил Шилийн гол аймагт гарсан өргөн далайцтай эсэргүүцлийн тэмцлээс хойш Өвөрмонголд дур зоргоороо уурхай нээх, жижиг, бага ашиггүй уурхайг хаах жишээ мэр сэр гарч байна. Гэвч энэ түр зуурын үзэгдэл болов уу.
- Газраа зарсан малчид малаа хаана бэлчээрлүүлэх вэ?
- Газраа зарсан малчид малаа зарж суурин газар бараадаж байранд амьдардаг. Харин үлдсэн мөнгө нь удалгүй дуусна. Цаашдаа яах уу? гэдэг асуулт гарч ирж байна. Жаахан мөнгөө арвижуулах ухаан, мэдлэггүй хүмүүст мөнгө нь эргээд гай авч ирнэ.
- Тэгвэл газраа зараад малаа зараагүй малчид бусдын газарт бэлчээрлүүлдэг байх. Хэрвээ бусдын газарт бэлчээрлүүлээд баригдсан тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?
- Нийтийн эзэмшлийн буюу зөвшөөрөлгүй цаг хугацаанд малаа бэлчээрт гаргасан бол мөнгө төгрөгөөр торгодог дүрэмтэй.
- Малаа хэрхэн бэлчээрлүүлж байгааг нь бас хянах уу?
- Хөдөөгүүр явж цагдаж явдаг тусгай албан хаагчид байгаа. Тэднийг ирдэггүй цагаар газаргүй болсон малчид малаа нууцаар бэлчээрт гаргадаг. Голчлон шөнөөр малаа бэлчээнэ.
- Өнөөгийн малчдын жинхэнэ дүр төрх ямар байна вэ?
- Үзэмчин малчин Мэргэний жишээ бол нийтлэг жишээ юм. Монголчуудын амьдарч ирсэн бэлчээр нутаг нь хөрсөн доороо асах их хэмжээний баялагтай нь нотлогдлоо. Орон нутгаа хөгжүүлэх гэсэн төрийн бодлого нь малчдын гараас яаж ийж байгаад бэлчээрийг нь салгаж авах хэрэгцээ гарч байна. Үүний төлөө малчдыг хот суурин луу нөхцөлтэйгээр шилжүүлэх /орон байраар хангах, тогтмол цалин олгох/ олон арга сэдэж байна. Энэ нь эцэстээ Монголоо авч үлдэж байгаа малчдаа алдвал Өвөрмонгол тэр чигээрээ дуусна гэсэн муу ёрын цондон гэж бүгдээрээ ойлгож байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )